Ж.Дамдинсүрэн: Цагаан сарын дараа 1000 төгрөгөөр үйлчилнэ гэдгээ хатуу хэлмээр байна
Том оврын автобусууд өнөөдрөөс зорчих тасалбарынхаа үнийг 500 төгрөг болголоо. Нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас үнээ нэмж байгаа гэж хоёр хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Төрөөс тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуй нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж. Харин Нийслэлийн Тээврийн газраас үнэ нэмэхээ түр хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм. Бид энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулга авлаа.
“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн
-Том оврын автобуснууд 500 төгрөгөөр иргэдэд үйлчилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж Нийслэлийн тээврийн газраас мэдэгдэж байна?
-Ямар ч хууль зөрчсөн асуудал байхгүй. Бид хүсэлтээ удаа дараа уламжилсан. Нийслэлийн тээврийн газар иргэдэд буруу мэдээлэл өгснөөс болж кондуктор жолооч нарын дунд үл ойлголцол үүсэж бөөн хэрүүл, зодоон болж байна. Зарим компаниуд буцаад 400 төгрөгөөрөө иргэдэд үйлчилж байгаа. Тэнүүн-Огоо автобус баазын зарим шугам зогсож байна. Бид алдагдалтай ажиллаж байна гээд 2012 оноос хойш Засгийн газарт мэдэгдсэн. Гэтэл УИХ төсөв батлахдаа бидний энэ алдагдлыг тусгаж өгдөггүй байсан. Мөн нийтийн тээврийн бодлого гэж байхгүй 20 гаруй жил явсны үр дүн одоо гарч байна.
-Нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ нэмэх асуудлаа нэг сар хойшлуулаач гэсэн саналыг та бүхэнд тавьсан. Хүлээж авах ямар ч боломжгүй байсан юм уу?
-Авто тээврийн хуулиар тээврийн газартай гэрээ байгуулна гэсэн гэрээний хугацаа дууссан. Хүсэлт ирэхээр нь “Уучлаарай бид боломжгүй” гэсэн хариулт илгээсэн. Бид алдагдалтай ажиллаж байна гээд 2012 оноос хойш Засгийн газарт мэдэгдсэн. Гэтэл УИХ төсөв батлахдаа бидний энэ алдагдлыг тусгаж өгдөггүй байсан. Мөн нийтийн тээврийн бодлого гэж байхгүй 20 гаруй жил явсны үр дүн одоо гарч байна.
-Нийтийн тээврээр үнэгүй зорчдог хүмүүсийг тасалбараа аваад үйлчлүүлдэг болох хэрэгтэй гэсэн саналыг иргэд гаргаж байгаа. Хэрвээ ийм болчихвол та бүхний яриад буй тарифын алдагдал буурах уу?
-Иргэдийн гаргаж буй наад санаа чинь зөв л дөө. Гэхдээ хуультай учраас ямар ч боломжгүй. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан цагт л болох асуудал. Нийтийн тээврээр үнэгүй явдаг хүмүүс тасалбараа авч үйлчилнэ гэсэн хуулийг УИХ батлаад гаргачихвал бөөн асуудал үүснэ. 20 гаруй жил үнэгүй яваад сурчихсан хүмүүс талбай дээр жагсаал хийгээд Засгийн газар байтугай огцорно. МОХ холбоо жагсаал зохион байгуулж хэдэн мянган оюутнууд талбайг сүйдлээд хаячихна.
-Энэ бүхнийг шийдэх арга байгаа биз дээ?
-Хялбархан шийдчих арга байлгүй яахав. Нийтийн тээврийг тэр чигээр нь үнэгүй болгох хэрэгтэй. Харин дараа нь нийтийн тээврээр зорчих тасалбарыг одоогийн 400 төгрөгөөс ч бага тогтоох хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд иргэд хүлээж авна.
-Нийтийн тээврээр зорчдог хүмүүсийн ихэнх нь мөнгө төлдөггүй. Гэтэл яагаад 26.3 тэрбумын алдагдалд орчихсон юм бэ?
-Нөхөн олговор 26.3 тэрбумтай хамаатай биш тарифын алдагдал. Гэхдээ төрөөс өгч буй нөхөн олговор нийтийн тээврээр үнэгүй явдаг хүмүүсийн хаана нь ч хүрэхгүй. Жишээлбэл 2013 онд батлаад өгсөн төсөв 2014 оны төсөвтэй яг адилхан. Гэтэл энэ чинь хүний тоо өсөж байгаа. Ахмад настны тоо жилд 10 мянгаар нэмэгддэг. Өнгөрсөн жил виза картаар үнэгүй явах оюутны тоог 96 мянгаар баталсан. Маш их асуудал үүссэнийг мэдэж байгаа биз дээ. Тэгээд 113 мянган оюутан болгосон. Энэ жил ч гэсэн 113 мянган оюутны төсвийг баталсан. Мөн хөдөө орон нутгаас ирсэн ахмад настнууд нийтийн тээврээр үнэгүй явдаг. Гэтэл энэ хүмүүсийн нөхөн олговрыг төр өгдөггүй.
-Төрийн компаниудын нийтийн тээвэрт татаас өгөөд хувийн хэвшлийг өөрсдөө асуудлаа шийд гэсэн асуудал яригдаад байна?
-Төр ингэж алаг үзэж болохгүй биз дээ. Нийтийн тээврийн ихэнх ачааг хувийн хэвшлийн том оврын автобуснууд нуруундаа үүрч байна. Төрийн өөрийнхөө компаниудад татаас өгвөл бүх нийтийг хамарч чадахгүй тодорхой хэдэн чиглэлд явдаг иргэдэд мэдэгдэнэ. Төр засаг асуудлыг ингэж шийдвэл бид цагаан сарын дараа 1000 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ гэдгээ хатуу хэлмээр байна. Иргэдийнхээ нуруун дээр ийм ачаа үүрүүлж болохгүй биз дээ. Иргэд алийг нь сонгоод үйлчлүүлэхээ өөрсдөө мэднэ биз.
М.АМАРЖАРГАЛ
URL: