“Алтан тариа” арай бишээ!!!

guril

“Алтан тариа” онцгүй гэдгийг бүгд мэднэ. Ус даадаггүй урсаж нялцайдаг, борлуулж жигнэж боов талх хийсэн ч хөөлт муутай идүүр багатай, өнгө нь хувирч хөхөрдөг муу гурил…

Гэхдээ өмнөх жилүүдийг бодвол нар хур тэгширсэн могой жилийн ургац арвин байсныг бодож гурилын чанарт гэж битүүхэн итгэсээр Алтан тариаг цөөнгүй хэрэглэгч сонгожээ.

“Айл бүрт Алтан тариа” гэж сар шинийн бууз банш, тавгийн идээтэй зэрэгцэн мах, гурилын эрэлт ихэсдгийг ашиглан чанар муутай гурилаа  цааш нь харуулах гэж рекламдаж гарсан “Алтан тариа”-г авч орхисон иргэд амаа барьсаар ахиж хэрэглэхгүй гэдгээ харин одоо хэлж сууна.

Анхнаасаа л чанар муутай гурилаар  танил болж  амьтай голтой яваа “Алтан тариа”  төрийн буянд өдий зэрэгтэй яваа ч түүгээрээ чанартай бүтээгдэхүүн гаргаж түмнээ баярлуулж ачийг  хариулах сэхээ байсангүй.  Алтан тариатай холбоотой асуудал жил бүр мандахыг яана… 048dc808b55a0ea0big

Үнэ хөөрөгдөж инфляци үүсгэсэн, өт шуудайлж айлд хүргэсэн, хөгцтэй, мөнгөн устай, цавуулаг алдагдсан, чанаргүй будаа ашигласан гээд цааш цааш нь дурдаад байвал  “Алтан тариа”-тай холбоотой асуудлууд уртаас урт дугаарлалт үүсгэх нь.

Тэгэхлээр “гурилаар гурилдаж” хэрэглэгч олныг хохироосоор байгаа “Алтан тариа”-ийн ашиггүй хулхи бизесийг ер нь нэг мөр зогсоочихвол яасан юм.

 

 

 

Азтай

эх сурвалж: fact.mn

НОДНИН ЖИЛ Ч ГЭСЭН ИЙНХҮҮ БАС ОЛНЫГ БУХИМДУУЛЖ БАЙСАН БИЛЭЭ. Ингээд мөн өмнөх жилийн өдийд гарч байсан нэгэн мэдээллийг хүргэе!

“Алтан тариа”-ны гурилаар нохойдоо хоол хийж өгч байна

“Алтан тариа” компанийн гурил олон айлын шинэ жилийн буузыг үгүй хийжээ. Бууз ч гэлтгүй гурилтай шөл, цуйван, бүр бантан хүртэл түүхийрч хүн идэхийн аргагүй болж байгаа аж. Амтай болгон энэ талаар ярьж буйн учир нь өнөөдөр Монголын гурилын зах зээлд “Алтан тариа” бараг л монополь болж, монголчуудын ихэнх нь эдний бүтээгдэхүүнийг хэрэглэж буйтай холбоотой.

Үнэндээ Монгол Улсын гурил үйлдвэрлэл, борлуулалтын салбарт “Алтан тариа” компани толгой цохиж байгаа л даа.

ШТС-ууд шатахууны үнээр айлгаж, тунирхаж төрийг дээрэлхэж чаддаг бол “Алтан тариа”-ны аашаар талхны үнэ нэмэгдэх эсэх нь тодорхойлогддог гэхэд хилсдэхгүй болжээ.

Энэ компанитай холбоотой асуудал гарахад холбогдох албаныхан тэгсхийгээд өнгөрөөчихдөг, ард түмэн ч гомдол тавилгүй дуугүй л байдаг. Гэтэл энэ удаад бүх нийтээрээ хохирч байгаа учраас дуугүй өнгөрөөх аргагүй нь.

Сүүлийн үед “Алтан тариа”-ны гурилаас болж олон хүн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, сонин хэвлэлд гомдол гаргах болсон. Тус компанийн чанарын шаардлага хангахгүй гурил зах зээлд нийлүүлэгдсээр байна. Өнгөрсөн онд МХЕГ-аас хийсэн шалгалтаар “Алтан тариа” ХК, “Милл хаус” ХХК, “Хангай миллс” ХХК, “Хөх таана” хоршооны гурилын үйлдвэрийн байр, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний агуулахаас хөгц, мөөгөнцөр илэрсэн нь шуугиан тарьж байв.

Түүнчлэн шалгалт хийсэн байцаагчдын хэлж буйгаар, иймэрхүү нийтлэг зөрчлүүд байнга илэрдэг, гэхдээ алдаагаа арилгадаггүй гэнэ.

Үүнийг өгүүлэх болсон шалтгаан нь, Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Одмаа манай сонины редакцид хандсан юм. Тэрбээр “Ма­найх “Алтан тариа” ком­панийн гурилыг хамгийн найдвартай бүтээгдэхүүн хэмээн олон жилийн турш хэрэглэж байгаа. Гэтэл сүүлийн үед чанар нь эрс муудаад байна.

ШӨХТГ-т хандаж, мэргэжлийн хяналтын байгууллагад шинжлүүлэх гэхэд цавуулгийн чанар нь алдагдсан гэсэн ганц үгийг л хэлдэг. Хэрвээ гурилын цавуулаг алдагдсан бол ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Стандартын шаардлагад нийцсэн гэх худал үгээр хэрэглэгчдийг хохироож болохгүй.

Шинэ жилийн баяраар бууз хийхэд гурил нь урсаад хүн идэхийн аргагүй тул нохойд өгөхөөс аргагүй болсон. Гурил авсан дэлгүүрийн худалдагч ““Алтан тариа” компанид технологийн алдаа гарсан гэсэн” хэмээн хариулж байсан.

Үндэсний хэмжээний том компани технологийн горим алдагдсан гурил үйлдвэрлэж байгаагаа мэдсээр байж гэрээт газрууддаа түгээлт хийж байгааг үнэхээр даварсан үйлдлэл гэхээс өөр юу гэх билээ. Үүнийг нь иргэдийн төлөө ажиллана гэх уриатай ШӨХТГ “Стан­дартад нийцсэн гурил болохоор бид яаж ч чадахгүй байна. Цавуулгадаа л алдаа байгаа юм“ гэж хээв нэг хэлж байгаа нь иргэд та бүхэн хохир хэмээн хэлж байгаагаас өөрцгүй. Одоо 25 килограммын гурилаар нохойдоо хоол хийж өгөөд л байж байна” гэлээ.

Ингээд бид ШӨХТГ-ын мэргэжилтэнтэй уулзахад “Сүүлийн үед ганц “Алтан тариа” ч биш хэд хэдэн гурилын үйлдвэртэй холбоотой гомдлууд ирэх боллоо. Гэхдээ тус компанийн гурил чанарын стандарт хангаад байгаа юм. Үйлдвэрлэлийн технологи нь ч хэвийн.

Гэхдээ өнгөрсөн зун хур бороо ихтэй байсан учир буудайны цавуулаг чанар алдагдсан.

Иймд иргэд гомдол тавих болсон. Түүнээс бид уг бүтээгдэхүүний ний­лүү­лэлтийг зогсоох хэм­жээний асуудал ярьдаг хүмүүс биш л дээ. Харин та бүхэн энэ асуудлаар ҮХААЯ-наас асуусан нь дээр байх” хэмээлээ.

“Алтан тариа” компа­нитай холбоотой олон гомд­лын нэг нь л энэ. ШӨХТГ-ынхан нийслэлийн захын дэлгүүрүүдэд ийнхүү ча­нарын шаардлага хангах­гүй гурил худалдаалагдаж байгааг мэдсээр байж дорви­той ажил хийгүй байгаад иргэд гайхаж буйгаа хэлж байсан юм.

Ийм гурил худалдаанд нийлүүлэхээр иргэдийн итгэл найдвар ч цаашид хэрхэн нь тодорхой шүү дээ.

Харин мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар манай улсад тариалсан буудайгаар дангаар нь гурил үйлдвэрлэж болдоггүй, цавуулаг чанараа алдахаас гадна шаардлага хангасан бүтээгдэхүүн гардаггүй аж. Тиймээс манай улс жилийн жилд ОХУ-аас буудай худалдан авч, дотоодынхтой хольж, гурил үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, өөрийн улсдаа тариалсан буудайны 50 хувийг орос буудайтай хольж байж чанартай гурил гаргадаг юм байна.

Зарим гурил үйлдвэрлэгч “Эх баригчид зөвхөн дотоодын буудайгаар гурил хийлгэснээс болж технологийн алдаа гарах болсон” гэж ярьж байв. Үүнээс харахад иргэдийг хохироосон энэ үйлдэлд зөвхөн “Алтан тариа”-г буруутгах нь тийм ч оновчтой биш бололтой. Тиймээс гол буруутнаар “үйлдвэрлээд бай” хэмээн үүрэгдсэн Засгийн газрыг тодруулж болох ч юм шиг.

2013-01-07


URL:

Сэтгэгдэл бичих