360 хоногт 37 хүүхдээ ослоор алджээ

index
“Манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал “толгойн өвчин” болоод байгаа. Ганцхан жилийн дотор зам тээврийн ослын улмаас 369 хүн амь насаа алдсан байна. Гэхдээ энэ тоо зөрүүтэй. Эрүүл мэндийн байгууллагаас 586, цагдаагийн байгууллагаас 540 хүн амиа алдсан гэсэн тоо гаргасан байдаг. Аль нь ч бодитой байлаа гэсэн зам тээврийн ослоор 300 гаруй хүн амиа алдана гэдэг зүгээр яриад өнгөрөх асуудал огт биш. Яаралтай засч залруулах, шийдэл гарцыг олох шаардлагатай.

Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хөндөхдөө нэг асуудлыг онцгойлох ёстой. Энэ бол хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад үүнийг тодотгож тусгасан байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Г.Батхүү ярилаа. Тэрбээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж тун удахгүй УИХ-д өргөн барихаар зэхэж буй.

Өнгөрсөн онд зөвхөн нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1107 бүртгэгджээ. Улсын хэмжээнд авто ослын улмаас 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Жилийн өмнөх үзүүлэлтээс гэмтсэн хүүхдийн тоо 7.7 хувиар өссөн гэсэн үг. Амиа алдсан хүүхдүүдийн 54 хувь нь долоо хүртэлх насныхан. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр тоо баримт биш гэж үү. Дайн тулаан болж байгаа орон шиг л жил бүр олон хүүхэд зам тээврийн осолд өртөн амиа алдаж, гэмтэж бэртэж байхад өнөөх хүүхдийн эрхийн төлөө гэж өөрсдийгөө нэрлэдэг байгууллагууд яагаад таг чиг, юу ч дуугарахгүй байна вэ. Олон нийт ч ийм баримтыг зүгээр нэг статистик тоо шиг хүлээж аваад, хайхрахгүй орхидог болчихсон нь харамсалтай.

Судалгаанаас харахад хүүхдүүд ихэвчлэн гэрээсээ сургууль, цэцэрлэг явах замдаа осол өртдөг байна. Гарцгүй газраар зам хөндлөн гарах, ойртон ирж байгаа машины урдуур гүйх зэрэг нь ослын нэг шалтгаан. Гэхдээ сургуулийн орчимд гарцгүй, жолооч хурд хэтрүүлж анхаарал болгоомжгүй явдгаас хүүхэд осолд өртсөн тохиолдол их. Замын цагдаагийн газрын судалгаагаар өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт 38430 ослын 97.5 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэдэг баримт ч нэгийг хэлж, хоёрыг сануулна.

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хамгийн төлөвлөлтгүй хот. Хэн дуртай нь хаана ч хамаагүй хувийн сургууль нээчихдэг. Хүүхэд сургуулиасаа гараад л машин сүлжилдсэн замаар хөндлөн гарах болдог. Ийм сургуулийн нэг жишээ нь “Шинэ үе”. Сургуулийн хашаанаас гараад л хөдөлгөөний эрчим ихтэй зам хүүхдүүдийг “хүлээж” байдаг. Ер нь автозамтай ойрхон байрладаг сургуулиудыг энэ мэтчилэн нэрлээд байвал цөөнгүй. Харин саяхнаас Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалахад анхаарч төлөвлөгөө гарган ажиллахаар болсноо дуулгалаа.

Ер нь бол хүүхдийг ослоос сэргийлэхэд сургуулийн орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх, тусгайлсан бүс байгуулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Энэчлэн хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох  мэдлэг олгоход анхаарах нь чухал. Жолооч замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, хүүхдийг асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оруулахгүй байх, хүүхэд өртсөн ослын буруутанд хүлээлгэх хариуцлагыг чангатгах гэхчилэн шийдвэрлэх шаардлагатай олон асуудал бий.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ бүх асуудлыг орхигдуулалгүй тусгасан гэдгийг хууль санаачлагч хэлж буй. Тэгэхээр удахгүй өргөн баригдах уг хууль батлагдаж хэрэгжихийг хүлээх л үлдлээ.

Б.Эрдэнэ

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих