Сирийн тухай шинэ тайланг “эмгэнэлтэй мэдээ” гэлээ
ВАШИНГТОН. /ВВС/. Сирид дайн эхэлснээс хойш баривчлагдсан 11 мянган хүнийг зохион байгуулалттайгаар эрүүдэж, улмаар амь насанд нь хүрсэн тухай шинэ тайланг “эмгэнэлтэй мэдээ” байна гэсэн мэдэгдлийг АНУ болон НҮБ хийлээ.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмийг зайлуулах хэрэгтэй гэдгийг энэ мэт тайлангууд харуулсаар байна гэж АНУ мэдэгдэв.
Харин “Уг тайланд ямар ч үнэний ор мөр алга. Үүнийг босогчдын бүлэглэлийг дэмждэг Катарын захиалгаар гаргасан” гэж Сирийн албан ёсны төлөөлөгч хэлсэн байна.
Швейцарьт өнөөдөр эхлэх гэж буй энхийн хэлэлцээнээс нэг өдрийн өмнө уг тайланг гаргасан юм.
“Женев-2″ энхийн хэлэлцээнд оролцохоор төлөөлөгчид Швейцарьт цуглаж байна.
Энэ бага хурлыг гурван жил орчим үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох хамгийн том дипломат хүчин чармайлт гэж үзэж буй юм. Сирийн мөргөлдөөний улмаас 100 мянга гаруй хүн амь үрэгдэж, хэдэн сая хүн дүрвэжээ.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: