Сайхан хүүхэнтэй хамт явах зовлон
Гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нэгэн сонирхолтой дурсамжаа өнөөг хэр нь хуваалцах дуртай юм билээ. Ардын жүжигчин Н.Сувдтай хамт явж байхдаа хөглөж, нүүрээ хийх газаргүй болтлоо ичиж байсан тухайгаа ярих гээд тэр. Түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн сайхан бүсгүй Н.Сувд, төдийлөн олны танил болж амжаагүй байсан жүжигчин Ч.Алтан-Өлзий хоёр нэг хэсэг драмын театр руу хамтдаа явдаг байж л дээ. Эр хүн гэсэндээ, тэрбээр Н.Сувдын автобусны тасалбарыг үргэлж даана. Олны харцыг булаасан сайхан хүүхэнтэй хамт яваадаа ихэд бахархдаг болохоор энэ тал дээр нэг их зовохгүй. Цаадах нь ч тасалбар авах зовлонгүй, бардам гээч нь гунхана. Гэтэл нэг удаа төв талбайн өмнөх буудалд буусан хойноо Н.Сувд ихэд сандарч “Яана аа, би сая тасалбар хаях гээд гурван төгрөгөө хогийн сав руу хийсэн бололтой. Чи үзээд өгөөч” гэж. Сайхан бүсгүйн хүсэлтээс зөрж чадахгүй тулгамдсан мань эр олны нүдэн дээр мөнөөх хогийн савыг нь ухаж гарчээ. Эрсээр байгаад нөгөөх гайтай гурван төгрөгийг олж өгөхдөө нүүр нь чавга шиг улайсан гэдэг. Ийн хөглөснөө хөгжилтэйгээр ярьсан Ч.Алтан-Өлзий “Сайхан хүүхэнтэй хамт явна гэдэг чинь жаахан зовлонтой юм билээ” гэж билээ.
Б.Болор
URL: