Украинд гурван жагсагч амь үрэгджээ
КИЕВ. /ВВС/. Украины засгийн газраа эсэргүүцэгчид болон аюулаас хамгаалах хүчний албан хаагчид хооронд болсон ширүүн мөргөлдөөний үеэр гурван хүн амь үрэгджээ.
Тус улсын ард иргэд ОХУ-тай нягт харилцаатай засгийн газраа эсэргүүцэн жагсаж байна. Европын Холбоонд нэгдэх бэлтгэл ажлаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр Украины Засгийн газар зогсоосонтой холбогдуулан эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.
Өнгөрсөн ням гарагт эсэргүүцэгчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөнийн үеэр 70 орчим хүн гэмтэж бэртжээ.
Лхагва гарагийн өглөө шатах шингэн бүхий тэсрэх төхөөрөг шидсэн жагсагчдыг цагдаа нар зайлуулахыг оролдсон байна.
Тус улсын аюулгүй байдлын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, лхагва гарагт хоёр жагсагч буудуулсны улмаас амь үрэгджээ. Харин ням гарагийн мөргөлдөөний үеэр шархадсан нэг эсэргүүцэгч эмнэлэгт амьсгал хураасан байна.
Эдгээр нь Украинд эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш хүний амь эрсэдсэн анхны тохиолдол юм.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: