Нэгэн гэр бүлийн түүх

Энэ дугаараас эхлэн “Хөх толбо” сонин “Нэгэн гэр бүлийн түүх” нэртэй нэгэн буланг эхлүүлж байна. Учир нь нэгэн өрх гэр бүлийн түүхээс эх дэлхийн түүх, эх орны түүх амилан цогцолдог бус уу! Хүн бүхэн, айл бүхэн, өрх гэр бүлийнхээ амьдралыг цогцлоож чадваас эх дэлхий минь аз жаргалын диваажин болох бус уу! Хүн бүхэн айл бүхэн гэр бүлийнхээ түүхийг бүтээх аваас хүн төрөлхтний түүх бүрэн бүтэн болох бус уу. Мэдээж энэ бүхнийг цогцлоон бичих нэн хэцүү. Нөр их хөдөлмөр их эрэл, бүтээлч санаа санаачлагыг шаардана. Мэдэхгүй гэдэг үг мянган үгийн таглаа гэдэг шиг мэдэхгүй гэдгээр өвөг дээдсийнхээ оддын гэгээг, тэдний ариун зам мөрийг хааж болох уу?
“Үхсэн хатсан өнгөрсөн улирсан баларсантай зууралдах ямар хамаа байна. Тэдэнтэй тэдэнгүйгээр би сайхан амьдарч, энэ насаа сайхан өнгөрөөвөл болоо биш үү” гэж олон хүн бодож байж магадгүй юм. Бас олонх нь өдөр тутмынхаа аар саар амьдралтай зууралдан дэргэд нь байгаа үнэт түүхээ үл огоорч үгүйрсний хойно нь санан, үхсэн хойно нь үгүйлнэ гэгч болж байна.  Хүн бүрийн амьдрал тууж-туульс-түүх бус уу. Чи өвөг дээдэстэйгээ цуг амьдарч чиний сайхан амьдрах гээд байгаа тэр амьдралыг сайхан болгоход тэд туслах ёстой бус уу. Өвөг дээдэстээ сэтгэл чинь хүслээ гаргавал танай гэр бүлийн аз жаргалант түүх аяндаа бүтнэ.

 

Тэнгэрийн одонд очсон тэр хүмүүстэй цуг чи нэгэн гэр бүл болж амьдарна. Увс аймгийн Хяргас сумын 82 настай өндөр настан Аниушка гэр бүлийнхээ түүхийг бичсэнийг энэ дугаартаа нийтэлж байна. Энэ хүн мянгат малчин-орчин үеийн хэлээр “тэрбумтан” болж өндөр наслахдаа гэр бүлийнхээ болон нутаг усныхаа түүхийг бичиж байгаа аж. Тэр олон үйл явдлын гэрч болсон төдийгүй газар дээр амьдарч байгаад байхгүй болсон олон хүний хэлж амжаагүйг хэлэх түүхэн үүргээ биелүүлж буй бас нэгэн сайхан үлгэр жишээ бус уу. Түүх бичнэ гэдэг ордон босгох, уран бүтээл туурвихтай адил жинхэнэ буянт үйл. Буян хийнэ гэж манайхан буруу ярьдаг. Бүтээлч үйлс бүтээхгүй лам бөөд авлига өгөх учир утгагүй суваргад мөнгө зарах нэрийдлээр эх орныхоо үнэт баялгийг үрэн таран хийж байгаагаа буян хийж байна гэж ярьж байна. Дэлхий ертөнцөд учирсан нэг гамшиг бол дэлхийн сая сая гэр бүл өрхийн түүх замхарснаас дэлхийн түүх замхарсан бус уу. Африк, Америк, Европ хүмүүсийн олонх нь “Би хаанаас ирсэн хэн бэ” гэдгээ мэддэггүй. Уг гарлаа мартвал ойд төөрсөн сармагчин лугаа адил болно гэдэг шиг хүн төрөлхтөн хүн сүрэг дундаа төөрсөн сармагчин болохоос түүхээ мэддэг бичдэг монголчууд бид урьдын адил манлайлах ёстой. Өрх гэр бүл доторх нэг түүхэн хүн, бүтээлч хүн аугаа их бөгөөд бүтээлч ариун их өвийг үлдээдэг бус уу. Энэ нь зөвхөн газар дэлхий дээр бүтээж босгосноос гадна бидний нүдэнд үл харагдах оюун санааны их өв юм. Энэ бол жинхэнэ үнэт эрдэнэ, өв хөрөнгө мөн.

Булган Хангайн “Шингээгүй наран” буюу бүтээлч хүн Дүүрэнгийн Сундуй

Нэрт яруу найрагч Рэнчингийн Чойном “Би шингээгүй наран бүтээлч хүн амьдрал бол шингээгүй нар юм” гэж хэлсэн. Тэгвэл нас барсан хүн бол арилдаг юм гэж хэлдэгтэй санал нийлэхгүй байна. Буянтай буурал дээдсий минь өлгий Булган Хангайн шингээгүй нэгэн наран бол бүтээлч гол ус бүтээсэн амьд түүх Дүүрэнгийн Сундуйн тухай түүний бүтээлч ажил болох үр ач нарын дурсамж дээр үндэслэн түүхийг нь бичиж байна.

Нэг.
Холын оддын дуудлага буюу гэгээн оддын шивнээ.
Холын одод минь – холхи одод минь…
Хязгааргүй огторгуйд анивчих хээрийн одод минь…
Хэнэггүй одод минь, хол ойроос гэрлээрээ гийгүүлэн
Өмнөх замыг минь гэрэлтүүлэн өр зүрхийг минь туяаруулнам…
Холын гэрэлт одод минь -холхийн гэгээн одод минь
Хол ойроос юу өгүүлнэм билээ?
Өвөг дээдсийн минь гэгээн одод
Өмнөх замыг минь зааж буйг ухаарна.
Нас барсан хүнийг арилдаг гэж хэлдэг юм гэж
Намайг бага байхад нутгийнхан хэлдэг байлаа.
Арилж нас барсан тэр хүний тухай дурсаж болохгүй
Нэрээр нь дуудаад ч болохгүйгээр арилдаг гэж зөвхөн хэл
Нас барна гэдэг бол арилж талийж байгаа хэрэг гэж
Далд ухамсарт минь хэлээд зогсохгүй
Дааганаас унаж үхдэггүй юм
Даравгар амнаасаа болж үхдэг юм
Болчимгүй хэлсэн ганц үг
Бууны сумнаас ч аюултай гэж
Далд ухамсрыг минь дахин дахин хүмүүжүүлдэг байв.
Арилдаг гэж байхгүй, арилж одсон хүмүүс гэж байхгүй

Тэмээн тэрэг дагасан хүсэл мөрөөдөл

2012 оны 7-р сарын 22-24 өдрүүдэд Увс аймгийн Хяргас сумын 90 жилийн яруу алдарт ой болж олон бүтээлч ажил хийгдсэний нэг нь тус сумын харьяат, яруу найрагч, сэтгүүлч, “Leaders” сэтгүүлийн орлогч эрхлэгч Халтархүүгийн Болормаагийн бичсэн “Хяргас оршихуй 90″ хэмээх нийтлэлийн номд тус сумын түүхэн дэх хамгийн бүтээлч хүн, хамгийн бүтээлч удирдах ажилтнаар Булгадар овгийн Дүүрэнгийн Сундуйг нэрлэсэн нь санамсаргүй явдал биш байв. Учир нь тус сумаас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхөөс авахуулаад Хорлоогийн Баянмөнх гээд алдар гавьяатан, сайчууд эрдэмтэд нэн олон билээ. Сайндаа сумын нарийн бичгийн дарга, багийн дарга хийж явсан монгол дээлтэй хэдхэн зураг үлдээсэн энэ даруухан ажилч хичээнгүй хүнийг юуны учир хамгийн бүтээлч хүнээр нэрлэх болов?
1911 онд Ховдын дуулиант чөлөөлөлт болохоос өмнө энэ нутгаар тэмээн тэргээр орж ирсэн Дамбийжаагийн тэмээн тэрэгний мөрийг сониуч хүсэлдээ хөтлөгдөн сонирхож явахад ээж нь “их хүний мөрөөр хамаагүй явж болохгүй алдас болно” хэмээн дуудан авчирж байсан гэдэг. Анх Саруул гүний хүрээнд хоёр тэмээтэй ирж байсан тэрээр хожим тэмээн тэрэгтэй эргэн иржээ. Тэмээн тэрэгний мөр толь шиг цэмцгэр нутгийн элсэн дээр зурайхад тэр хүү сонирхон дагаж явжээ. Энэ мөр хожим нь түүний амьдралын түүхийн мөр болж үлдсэн юм. Энэ нутагт алдас болно гэж хэлсэн аугаа их хүний түүхэн мөр үлджээ. Энэ мөрөөр бяцхан хүү хожим нь аялсан юм. Хоёр хүн нисэж буусан газар энд нуур байх юм байна гэж Дэжээлэнгийн хийдийн бэлэнчлэгч бүтээлч хөдөлмөрөөс хөндийрсөн лам нарыг түргэн авахуулж газар ухуулан бүтээлч үйлсэд хөдөлгөсөн анхны дурсамж нь Шархын нуурын ором юм. Тэнд эхлээд ус тогтоолгосон боловч том нуур үүссэнгүй. Гэхдээ Дамбийжаа гэдэг хүний хувьд монголчуудыг бүтээлч үйлсэд тэмцэлд дуудсан зүйл байлаа. Тэр Саруул гүний нутагт анх ирж Хяргас нуурын Талын хар гэдэг уулын хаяанд гэр барьж өвөлжжээ.

Түлээ аваачиж өгөхөд Дамбийжаа түүнийг нь үзээд Ламаажааг сайхан түлээ түүж ирлээ гэж их үнэлж гэртээ оруулаад бууны нэг сум, боодолтой бэлэг өгч дулаан сайхан өвөлжсөнийхөө талархлыг Саруул ноёнд уламжилж улмаар Улиастайн амбанд санал хүсэлт гарган Саруул жанжин гүний хошуу болж ноёны хэргэм зэргийг ахиулсан байна. Ламаажааг гэрт ороход үйлчлэгчээр авсан нутгийн найман охиныг шузага татаад гэзгээр нь уячихсан байсан гэдэг. Энэ найман охин түүний үйлчлэгч болж хамт явсан ажээ. Нэг нь захчин Донрой гэдэг хүнтэй сууж хожим нь ханиа дагуулан Саруул гүний хошуунд эхнэрийнхээ нутагт зочилж байсныг санаж байна гэж дурслаа. 1925 онд байх аа, Монголын гэгээрлийн сайд Эрдэнэ-батхаан Оросын их зохиолч Максим Горькийд захидал бичиж монголчууд бид ямар зарчмыг баримтлах ёстой вэ? гэж асуухад, “Олон зуун жил шарын шашны мунхаглалд автаж идэвхгүй болсон монголчуудын хувьд бүтээлч идэвхтэй зарчмыг баримтлах тухай” номлосон юм.

Тэгвэл Дамбийжаагийн баруун Монголыг нойрноос нь сэрээсэн үйл явдлын нэг нь Дэжээлэнгийн бүх лам нарт хүрз бариулж ухуулсан хиймэл нуур байгуулах “төсөл” юм. Энэ төслийг нөгөө тэмээн тэрэгний мөрөөр явж байсан хүү хожим энэ нутагт бий болгоно гэдгийг яахан санах билээ. Тийм ч учраас яруу найрагч Х.Болормаа энэ хүнийг энэ нутгийн түүхэн дэх хамгийн бүтээлч хүн гэж нэрлэсэн нь түүхэн үнэн юм. Түүний баталгаа нь намар хаврын усны шувууд бууж үдэлдэг Өсрүүн нуур, зон олон 82 жил ундаалж буй 30 гаруй км урт Жанжин Бухын гол юм. Тэр ууган хүүгээ төрөөд 7 хонож найм дахь хоног дээрээ амьд байвал хүн болно гэж сүндит хийдэг эртний еврейн ёсоор биш, монголчуудын эртний ёсоор ирээдүйн өв залгамжлах хүүдээ зориулж жинхэнэ олон түмэнд хэрэгтэй эртний монгол хүний заншлаар бүтээлч үйлс байгуулах ажилдаа ханцуй шамлан орсон юм. Энэ бол тэр лус савдгаас айгаагүй.

Газар дэлхий оролдвол баларна гэдэг бурхны мухар сүсгээс ч айгаагүй. Дамбийжаа бүтээлч байснаас гадна бас өнгөрсөн зууны эхээр бүтээлч санааг дэвшүүлж байсан хоёр хүний тухай энэ далимд дурсъяа. Нэг нь халхын алдарт To Ван юм. Утай гүмбэн орж мөргөж ид шидийг олно гэж зовж зүдэрч яваа зон олноо хараад маш их санаа зовж нутагтаа Утай, Гүмбэнг цогцлоосон билээ. Гиюүрч суугаа хөгшчүүл нүдтэй нүдгүй бүх хүнийг эгнүүлэн суулгаж чулуу дамжуулан зөөлгөж бүтээлч хөдөлмөрт баясгахаас гадна сайхан хоол бэлэг өгч бүтээлч хөдөлмөрийнх нь төлөө баярлуулж байсан. Тэр элдэв баяр тэмдэглэхийн оронд зан үйлийн маш олон сургаал номыг хайрлаж хэрэгжүүлсэн. Эмэгтэй хүний амьдралыг авч явдаг учир утгын онол философийг гаргасан. Эмэгтэйчүүд журамтай бол эрчүүд журамтай, эрчүүд журамтай бол амьдрал журамтай гэж тэрээр сургаж хэрэгжүүлж байсан.

Дараагийн нэг бүтээлч хүн бол хожим зүүн хязгаарыг төвхнүүлэх сайд болсон Егүзэр хутагт Галсандаш юм. Энэ хүн хөдөө хээр сууж тал газар мод тарьж хангайг бий болгож хожим БНМАУ-ын дархан газар болсон Лхачинвандад уулыг үүсгэсэн. Халуун орны ургамал тарьсан, тарвагагүй газар тарвага үржүүлсэн, буга өсгөсөн бүтээлч хүн байсан. Дамбийжаа анх Улиастайд бичиг баримтгүй гэж саатуулсан түшмэдийг дуудаж Монгол улс бол угийн тусгаар улс шүү дээ. Та нар шиг урваач бусдын бөгсийг долоогч гөлөгнүүдээс болж л ингэж байгаа шүү дээ. Муусайн Манжийн тэжээврүүд хүний хоолонд тархи толгой зүрх сэтгэлээ өгсөн новшнууд гэж загнаж байсан. Монгол олон аймаг нэгдэж Их Монгол улс байгуулагдах цаг болсон, үүнд та нар шиг юмнууд саад болж байна гэж хэлсэн төдийгүй ийм арчаагүй амьтнуудтай бол хайр найргүй тэмцэж байжээ. Ард түмний хүч хөлс сорсон шар хувалзнууд ганц хүрз шороо асгаад л хэдэн галуу уух тогтоол бий болго гэж Дэжээлэнгийн лам нарыг хөгшин залуугүй түргэн авахуулсан.

Багийн дарга болж Өсрүүн нуур, Бухын голыг бүтээсэн түүхээс

Ууган хүү Аниушкагийн хэрхэн эрүүл хөдөө газрыг ухаж бух татаж ус урсган Жанжин Бухын гол Өсрүүний нуур байгуулсан тухай дурсамжаас толилуулж байна. 1932 оны 8-р сард намрын эхэн сарын шинийн 11-нд би мэндлээд 7 хонож байхад багийн дарга болсон аав маань Толийн голоос Бураа орж буугаад, буцаж Хангил цагийн хөдөө, Улиасны хөдөө гэдэг маш их өвстэй, талархуу бэлчээр сайтай газрыг ашиглах гэж Хангилцагийн голоос шуудуу татаж бухын гол урсгаж Өсрүүний нуур байгуулсан юм. Энэ үед Нутаг ус хавчигдаж усгүйдэж, бэлчээр хүрэлцэхгүй Саруул гүний хошуу гурван багт хуваагдаж манай баг нь гуравдугаар баг болж дарга нь манай аав Сундуй болсон. Манай баг Марцын гол чоно ихтэй гээд буудаггүй энд Жадамба, Ламаажаа гэдэг цөөхөн айлууд нутагладаг байсан. Ихэнх айлууд хавар намар Бураа орж нутагладаг байв. Бураад бэлчээр хүрэлцэхгүй болж эзгүй хөдөөг ашиглах гэж Хангилцагын голоос Эрдэнэтолгойг дайруулан Өсрүүнийг хүртэл 30 гаруй км газар шуудуу татаж ус урсгав. Энэ шуудуу татах ажилд багийн бүх өрхийг оролцуулж хүн бүрт газар хэмжиж хуваарилж гадас шааж гадас дээр нь нэрийг нь бичиж өгч байсан. Багийн бүх хүн оролцож үүний дотор ядуугийн улмаас нутаг сэлгэж чаддаггүй Урианхай Гомбо 70 км орчим газраас явган ирж хуваарьт газраа бараг нүцгэн шахам малтаж олон түмнийг манлайлж байсан. Гомбо гэдэг энэ хүн Алтайн урианхай гаралтай Алтайгаас ирж манай нутагт эхнэр авч суурьшин амьдарсан. Насаараа морь унаж үзээгүй ядуу хүн байсан. Тэр айл айлын ажилд тусалж тариа цогнох, хөрзөн хатгах гэх мэт ажил хийгээд шанд нь жаахан тариа авч түүгээрээ амьдардаг. Ядуу ч хулгай зэлгээ хийдэггүй муу зуршилгүй сайхан сэтгэлтэй хүн байсан.
- Нас барахад нь хоёр хүү нь моринд ачаад оршуулах зуураа замдаа холбирон унасан байна, хүү нь Даяанч багшаас очиж учраа хэлж аавыгаа хүргэх газар нь хүргэж чадалгүй замдаа холбироод уначихлаа гэхэд:
-Зүгээрээ газраа олсон байна энэ газар нь оршуул би хойдох урдахыг нь уншина гэжээ.
Нутгийн хүмүүс энэ хүнийг хүндэтгэн оршуулсан газрыг нь Урианхайн мухар гэж нэрлэж одоо ч энэ нэрээрээ байгаа. Гомбын хүү Цогт манай нагац эгчтэй сууж манай хүргэн болсон. Бид Цогт адиа гэж нэрлэдэг сайхан сэтгэлтэй, хүнд их тустай хүн байсан юм. Манай самган бага охин Дэгжмааг төрүүлэхдээ их зовж Хяргасын эмнэлгээс сум дундын эмнэлэг болсон Баруун турууны эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай болж Цогт адиа тэвэрч хүргэж байсан юм. Энэ хүмүүсээс энэ ажилд хойрго хандаж хуваарьт ажпаа хийхгүй хүмүүсийг уруу татаж байсан Жадамба гэдэг хүн байв. Хүмүүс барьцаж баян хүнийг хойш тавилаа гэж хэл үг гарч, аав маань хоёр удаа очиж сүүлд нь тэнзэн ташуураа бариад Торготой тайж та яагаад нийгмийн ажилд оролцохгүй байна гээд л ороход “би гарлаа” гээд л гарсан энэ хүн хамгийн сүүлд газраа ухаж дууссан. Торготой тайж гэдэг нь Манжаас торгоны цалинтай байсан баян чинээлэг амьдралтай. Марцаан голд нутагладаг учраас бухын гол надад хүртээлгүй гэж бодсон байх. Энэ хүнд шаардлага тавих гэж Бухын голоос Марц хооронд 30-аад км газар дахин дахин явж зээрд халзан морио бахардуулж үхүүлсэн байсан. Бухын голыг долоо хоног малтаж дуусгаад дараа жил нь Өсрүүний нуурыг шороогоор далан боонтог боож байгуулсан энэ нуурыг байгуулахад багийн бүх хүний хүчийг ашигласан. Шороогоор боосон боонтогийг ус зад татаад байхаар нь дараа жил нь 20-иод км газраас чулуу зөөж далан боонтог байгуулж нуур тогтоосон. Энэ үед манай нагац аав Божир хул алаг морио тэргэнд сургаж чулуу зөөж байв. Дархан Жамъяан гэдэг хүн Элескэгийн хэрэглэж байсан улаан тэргийг авч байсан байна. Үүгээрээ чулуу зөөж байжээ. Далангийн өндөр 1 м-ээс өндөр морьтой хүний бүсэлхийгээр татдаг аж. Тавх, Дэжид, Лодон гэдэг ах дүү гурав чулуу үүрч авч ирж байсан. Энэ ах дүү гурав их чадалтай хүмүүс байсан байгаа юм. Багийн бүх хүн оролцсон өөрт байгаа бүх боломжоороо чулуу зөөж явган унаатай унаагүй бүх хүмүүс оролцож байсан. Энэ ажлыг хийх үед хүмүүсийн хүнсэнд нагац аав Божир эр хонь, сэрх авч ирж хооллож байсан. Тэр нуурыг 5 сард боож байгуулсан. Энэ газар ус тогтдог хонхорыг түшиглэсэн юм.

Нийт гурван удаа боосон, дээд талд нь холбоо нуур бий болсон юм. Морь далд орсон тийм гүнзгий нуур бий болсон юм даа. Энэ нуурт 6-р cap хүртэл айлууд байж малаа ундаалдаг, амны усыг хавар нь цас цоохортож хайлах үед ирж цас овоолдог байсан.  Манай аав Сундуй, Нагац аав Божир, Бөзөө, Соном нар хамтарч их хэмжээний цас овоолж шороогоор булж ташаад 6-р сарын 20 хүртэл амны ус болгон уудаг, цас дуусаад л зуслан өөд нүүдэг байлаа. Энэ голыг нэгдэл байгуулагдаагүй байхад Хяргас сумын 1, 2, 3-р багийн хувийн аж ахуйтны сүү тосны завод байгуулагдаж олон жил ажилласан. Мөш өгөөжтэй чухал үүрэг гүйцэтгэсэн газар юм. Одоо хүртэл Булган хангай, Хөшөөт багийн малчид ирж намаржиж байна. Зүүн говийн айлууд ч ирдэг болсон. Бэлчээр өвс сайтай газар худаг гардаггүй цөл газар юм. Галдан бошгот Хангилцагийн голоос шуудуу татаж, Тэмээн чулууны нуруугаар бух гаргаж Сарын хөдөөд тариа тарьж байсан. Мөн Цагаан үзүүрээр бух татаж Овоогийн үзүүрээр, Хөндөөн амаар тариа тарьж байсан. Одоо үед Галдангийн бух гэдэг асар гүн шуудуу бий. Эртний түүхэнд бичсэнээр хошуу нутгаараа нийлж хийсэн бухыг Жанжин Бух гэж нэрлэдэг учраас Жанжин Бухын гол ч гэж нэрлэж болох юм.

Аав бичиг үсэг сурч…

Саруул ноёны үед тусын албанд 18 насандаа татагдаж явсан. Энэ үед Яндаг, манай аав Сундуй хоёрт Батдэлгэр гэдэг хүнээр бичиг заалгасан. Энэ багш Саруул ноёны тайж шадар туслагч байсан болов уу даа. Тусын залуучуудаар хонь мал хариулгах, түлээ түлш бэлтгэх, малын хот хэвтэр цэвэрлүүлэх зэрэг ажил хийлгэдэг ба алба нь хугацаатай байсан, аав маань бичиг сайн сураад багшаасаа бийр бэхээр шагнуулж байсан гэж ярьдаг байсан.

Хошууны тамгын газрын бичээчээр ажилласан нь

20 орчим насандаа. Баян Мандал уулын хошуу Марцын Шар азаргын хөндөөн эхэн дээр байгуулагдахад бичээчээр ажиллаж байсан Хошууны даргыг нутгийн хамгийн ядуу Магнайн Биньяа гэдэг бичиг үсэггүй хүнээр тавьж байсан. Албан ажлын бичиг баримтаа аавыг чи тааруулаад биччих гэдэг байжээ. Орон нутгийн засаг захиргаа байгуулагдаж хошууны тамгын газрыг татан буулгасан. Тэр үед намд эхлээд лам ноёдыг элсүүлсэн, 1931 оны Чандмань уул аймгийн шүүхийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хилс хэргээр баригдаж шоронд 45 хоног хоригдоод цагаадсан. Орон нутгийн чөлөөгөөр ирээд буцаж яваагүй. Хойноос нь хэд хэдэн удаа дуудсан боловч буцаж очоогүй аж.

Сагсаг Гэндэнгийн хэргийг шийдсэн нь буюу үхээд боссон нь

Сумын нарийн бичгийн дарга хийж байхад ах дүү хоёр өмч булаалдаад зарга үүсгэсэн. Сумаас өмчийг ам бүлд нь тэгш хуваарилж ег гэсэн. Харин ганц бие Сагсаг Гэндэн миний өмчтэй эд булаалдаж байгаа учраас миний талд шийдэж өг гэсэн гэв. Аав голыг нь олж ах дүү нарын өмчийг тэгш хувааж өгсөн учраас харц дүү Авираа нь олон ам бүлтэй учир олон мал ноогдсон. Гэндэн ганц бие лам хүн байсан учир цөөхөн хөрөнгө ноогдсон. Авираатай хуйвалдаж надад цөөхөн мал өглөө гэж аавд Сагсаг Гэндэн дургүйцсэн. Аав маань өвдөөд үхэх шахахад нь ах Пэрэнлээ гавж нь Дэжээлэнгийн бүх лам нарыг авч ирж гүрэм хийлгүүлсэн. Тэр лам нар дотор дүвчин (увдистай) Түүвэн гэдэг гэлэн хүн унтаж байгаад “Баруун хойд зүгээс банди бум хүн тожил хараан догжуул нэхэж байна үүнийг хатуу хариулна” гэж хэлсэн. Дэжээлэнгийн хийдийн тэргүүн хамба лам харыг цагаанаар, хатууг зөөлнөөр хариулна гээд гүрэм хийсэн. Манай аавын хамрын нүхээр хар хүрэн цус гараад догжуур будаж гаргаад манай аав өндийсөн юм. Энэ гүрэм хийсэн лам нарт барьц болгож дөрвөн гүү, гурван морь авч үлдээд хөх азарга тэргүүтэй адуугаа бүгдийг, гэрт байгаа бүх эд хогшлоо барьцаанд өгсөн. Манай аав бие нь сайжраад Хангай гэдэг газар нүүж ирж буугаад Дэжээлэнгийн хийдийн бүх бүрээ бишгүүр хэнгэрэг цан бүх хэрэгслийг аваачиж янжив даллага авахуулаад танай эд хөрөнгө дахиад арвижна гэсэн. Ингээд эд хөрөнгөтэй үр хүүхэдтэй болсон. Эдгэж багийн даргын ажил хүлээж авсан.

Галын дөл өөдөө буюу шатаагдсан өвөлжөө

2010 оны 3-р сарын тэр нэгэн өдөр цэлмэг хөх тэнгэрт хар утаа суунаглан яг л 1945 оны 8-р сарын 6-ны өдөр нам гүм жирийн амьдрал үргэлжилж байхад Японд атомын бөмбөг дэлбэрсэн шиг Бухдын Хавчигийн өвөлжөө учир битүүлгээр шатлаа. Үүнээс өмнөх нь Цагаан сараар Чингис Хааны академийн Даваанямын “Монгол хүний үнэ цэн” тусгай дугаар хийж байх үед өнөөгийн “Нэгэн айл гэрийн түүх” тусгай дугаарын баатар Сундуйн ачтай Даваанямын хадам ээж Бүдээгийнд танилцаж билээ. Ач нь Сансарын дүнзэн модон байшинд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Тэр үед яг Эдип хаан жүжгэнд гардаг шиг нэгэн мэргэч энэ айлын удмын гал голомтонд түймэр гарч болзошгүй гэж хэлснийг гайхан бодсоор тэр өдөр түймэр гарлаа гэхэд харин санаа амарч билээ…
Энэ шатаагдсан өвөлжөө бол Увс аймгийн Хяргас сумын нутаг дахь социализмын үеийн үлгэр жишээ өвөлжөө – хот айл бас капитализмын үеийн сонгодог өвөлжөө гэж хэлж болно. Энэ өвөлжөө Хяргас сумын Булган Хангай багтаа үлгэр жишээ болж байлаа. Удахгүй Хяргас Увс аймагт төдийгүй БНМАУ-ын үлгэр жишээ өвөлжөө болж социализмын үеийн үзүүлэн таниулах материал болж ХААЯ-аас зурагт хуудас болгон тарааж байлаа. Энэ өвөлжөөн дээр үзүүлэх сургууль хийж БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч даргаар 29 жил ажилласан энэ нутгийн хөвгүүн Түмэнбаярын Рагчаа болон МАХН-ын төв хорооны удирдлагууд удаа дараа ирж байсан.

Энэ бол үзэл суртлын зориулалтаар хийсэн үзүүлэн төдий зүйл биш хувь хүний санаачилга хүч хөдөлмөрөөр боссон амьдрал ханхалсан дулааны илч мэдрэгдсэн нүүдлийн амьдралын суурин байлаа. Тугал үхэр, хурга, хонь өвсний гээд олон хашаа хорооноос бүрдсэн цогцолбор байв. Үүнийг 1906 онд төрж, 1975 онд 69 насандаа учир битүүлгээр таалал төгссөн Дүүрэнгийн Сундуй бүтээсэн юм. Энэ тухай сум нэгдлийн даргаар ажиллаж байсан ахмад нэгдэлчин Г.Цэзэнгийн ярианаас иш татвал: -”Дүүрэнгийн Сундуй гэж ёстой ажилч хичээнгүй, хөдөлмөрч хүн байлаа. Бугатын аманд өвөлжиж байхад нь тэдний хүү малын эмч Балжинням бид хоёр очоод хашаа дээвэрлэхэд нь туслалцаж хонов. Өвөлжөөний урд зоо дээр тачирхан хоёр төгөл хар мод байдаг сан. Тэгээд Сундуй гуай “Энэ өвөлжөөн дээр ихэр хоёр хашаа барина, худаг гаргаж усны гачаалыг арилгана. Энэ хоёр хэсэг модны дунд нь мод тарьж нийлүүлээд салхины хаалт болгоно” гэж ярьж байлаа. Сундуй гуай амьд сэргүүн байсан бол хэлсэндээ хүрэх хүн байлаа. Тэрээр намын сайн ухуулагч төдийгүй сайн мужаан, дархан, оёдолчин хүн байв. Сундуй гуайн тэр сайхан хөдөлмөрч зан чанарыг манай залуучууд өвлөн суралцах ёстой юм даа.

“Хаарпын зуд” буюу цаг уурын дүрвэлт дайжилт – нүүдэл

Нэг нүүдэл хоёр дайнтай тэнцэнэ. Ари ардын зүйр үг
Тархи угаалт тасралтгүй явагдаж байгаа учраас манайхан хоёр зүйлийг ойлгохгүй байгаагийн нэг нь “Хаарпын зуд” буюу цаг уурын дайн юм. 2010 онд Ховдын баруун гурван сум Баян-Өлгийн Булган сумд аймшигт зуд болсон. Энэ бол жирийн зуд биш байгалийн зуд биш зориуд зохион байгуулсан Хаарпын зуд буюу цаг уурын цахилгаан дайн болсон. Нэн ялангуяа Хөшөөтийн нүүрсний уурхайд зориулж зам тавьж байх үед хэл ам дагуулсан сумуудын нутагт гэнэт хүйтэрч байснаа дулаарч цас хайлж байгаад дахиад маш их хэмжээний цас орсон. Нэн ялангуяа бороо орж байгаад 37 удаа цас орж зарим газраараа 1 м 50 см хүртэл хунгар тогтсон. Үхсэн малаараа хашаа босгох нь юу ч биш. 1990 оноос хойших олон зуд цаг уурын дайн хөдөөнийхөн хот руу дүрвэх нэгэн шалтгаан болсон.

Үүний улмаас олон мал өсгөж олон үр хүүхдээ өсгөж гаргасан буянтай өвөлжөөнөөс нүүсний дараа дээрх түймэр гарсан юм. Энэ тухай түүний хүү Аниушка хэлэхдээ -”Би ааваасаа 197 толгой мал өвлөн авч 870 толгой мал болгон нэгдэлд нийгэмчилсэн. Харин нэгдэл тарж 1991 онд 73 толгой мал хувьцаанд өгсөн. Түүнийгээ өсгөөд 2000 хол гаргасан. Таван залуу, найман охиндоо өмч өгсөн. Нэгдэлд 1974 онд гарч ирээд 500-600 төллөх эх хонь малласан 18000 төл бойжуулж өгсөн. Өөрийн хоёр хүү, нэг хүргэн маань улсын аварга болсон. Нэг хүүгээ хоёр нутагт мянгат малчин, одоо нэг хүүгээ мянгат болгоно” гэлээ. Өнтэй баян Булган Хангай нутагт Хаарпын цохилт болж олон малчин дүрвэж дайжсан юм.

Энэ тухай Аниушка хэлэхдээ: – “Манай нутагт 1999 оноос эхлэн гурван жил дараалсан аймшигт зуд болсон. 1999 онд адуу их үхсэн. 2000 онд үхэр барагдсан. Эхлээд бороо, нойтон цас орж байгаад хүйтэрч мөсөн зуд болсон. 2001 онд хонь нэлээд зутарсан. Бод мал хиарсан. Ялангуяа үхэр их үхэж байсан нь малчдын амьдралд хүнд цохилт болж нутгаасаа дайжих дүрвэх, нүүх шалтгаан болсон. Хувийн аж ахуйтан байхаасаа л хурга хариулж эхэлсэн одоо 76 жил мал маллалаа. Мал миний амьдрал, хувь заяа минь байсан. Малынхаа ач буянаар ЗХУ-д айлчлахаас эхлээд улсынхаа олон хурал зөвлөгөөнд оролцож, их дэлгүүр орж гоё сайхан бэлэг авч байлаа. Улаанбаатар зочид буудалд хоол идчихээд гарахдаа шилэн хаалгыг нь тас мөргөж ч явлаа. БНМАУ-ын үед ч, өнөө үед ч хөдөлмөрийн баатар болон улсын сайн малчны болзлыг хангаж аавынхаа зааснаар “чиний хувь тавилан бол малчин байна” гэсэн тэр замналаар замнаж 82 нас хүрлээ. Одоо би Цогт Хун Тайжийн өлгий нутаг Булган аймгийн Баяннуур суманд хоёр хүү, нэг хүргэний хамт малаа малласаар байна” гэв.

Гэгээн оддын шивнээ буюу амьдралын үнэ цэнэ

1.
Өвлийн шөнийн одод тодоос тод гэрэлтнэм
Өмнөх замыг минь өдөр шиг гэрэлтүүлнэм
Тодоос тод гэрэлтэх туяат шаргал одод минь
Юу өгүүлж юу яринам билээ.

2.
Наргиж хоносон ганцхан шөнө
Найрлаж хоносон ганцхан шөнө
Гадуур хоносон ганцхан шөнө
Гарзтай шөнө…
Улаанбаатарын баарны гэрлүүд
Удам залгах үрсийн баярын гэрлүүд
Хөөрхөн охид минь хөлөө олж ядан гишгэнэ
Хөвгүүд залуучууд минь хөлчүүрэл согтууралд автжээ.
Үндэслэж байсан модныхоо үндсийг нь өөрөө тас цохиму
Ургаж байсан цэцэрлэгийнхээ ургацыг нь өөрсдөө сүйтгэмү
Цэцэглэж байсан цэцэгнийхээ цэцгийг нь өөрөө устгаму
Мөчирлөж байсан модныхоо мөчрийг нь өөрөө тасалму
Зүгээр ч бай, зүггүй ч бай зөвшөөрөлгүй хоносон шөнийхөө төлөө
Зүрхээр чинь туг тахиму Гадуур хоносон тэр шөнийн чинь төлөө
Гэгээн хувь заяаныхаа хойтохыг уншуулму
Ганцхан шөнө яадаг юм гэж томорч магадгүй
Ганцхан шөнө ганцаддаггүй юм
Гэгээн оддын гэрэл гэрэлт өдрийнх шиг тунгалаг
Шөнийн оддын туяа шүлэг нойронд яруухан
Дүүрэнгийн Сундуйгийн амьдралын философи
Айл гэрийн ноён нуруу эмэгтэй хүн
Дүүрэнгийн Сундуй гэж энгийн нэгэн мөртлөө энгүй аугаа сургамжтай амьдрал, бүтээлтэй хувь заяа. Гэгээн дурсамж санаж явбал зохих сайхан гэрээслэл. Монгол хүн бүхэн, монгол эмэгтэй хүн бүхэн авч явбал зохих нэгэн чухал амьдралын философийг үлдээжээ. Энэ бол золгүй ганц шөнө – зуурдын ганц шөнө зугаатай ганц шөнийн тухай сургаал юм. Түүний хэлсэн эмэгтэй хүний амь бол орон гэр… орон гэрээсээ чи нэг цаг, нэг өдөр, нэг шөнө холдож болохгүй. Эмэгтэй хүн гэр амьтай байж гэрийнхээ төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулж байж чиний амьдрал, гэрэл гэгээтэй урт удаан аз жаргалтай болно.
Эмэгтэй хүн гэрээсээ хол нэг цаг явбал
Нэг ишигтэй ямааны гарзтай
Нэг өдөр явбал нэг тэмээний гарзтай,
Нэг шөнө явбал нэг насны гарзтай.

Хувь заяаны гай барцад ирээдүйн нөхөж баршгүй хохирол эмэгтэй хүнээс эхтэй. Зохиолч Готовын Нямаа гуай хэлэхдээ “Монтеи гэдэг францын философич эмэгтэй хүнээс бүх аалигүйдэл эхэлдэг” гэж сургасан чинь манай To Ван түүнээс агуу зүйлийг хэлсэн байх юм. Эмэгтэй хүн журамтай байсан газар эрчүүл журамтай байдаг. Эрчүүл журамтай байгаа газар амьдрал журамтай байдаг гэдэг нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн цэцэн мэргэн байх тухай сургааль нь эх Монголын бөгөөд их Монголын үндсийн үндэс байсан юм. 1990 он энэ талаар нэн аймшигтай эмгэнлийг авч ирсэн билээ. 1989 оны 12-р сард баталсан БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар баталсан аборт хийх тухай 177-р хар тогтоол хагас сая монгол үрсийг цаазалсан юм. АНУ-ын шууд захиалгаар 1998 онд эхэлсэн бүхий л залуу насны эмэгтэйчүүдийг ерөндөгжүүлэх хөтөлбөр нь монгол үндэстний хувьд ямар их гай барцад аюул вэ? Нөгөө талаас охидоо харийн бэр болгох эцэг эхчүүдийн хөдөлгөөн юутай гашуун сургамж вэ? Тэр нэгэн өдөр Ховдын Дарви сумын харьяат яруу найрагч Чойндонгийн Содномдорж:
Хоёр идэж хоосон хонохгүй ч


Хоёр сайхан охиноо Английн бэр болгосон

Хосгүй баатар аав би Хосгүй гавьяат ээж би” гэж өглөө шүлэг бичиж охиноо Лондон руу үдсэн тухай баярын нулимстай ярьж байгааг өөрийн биеэр харсан. Ийм маягаар олон эцэг эхчүүд баярласан байх аа. Дээр нь цөөхөн үр хүүхэдтэй байх тархи угаалтанд монгол эмэгтэйчүүд нэн хүчтэй өртжээ. Манай ариун гэр бүлийг устгаж байгаа нь монгол үндэстэнг устгаж байгаа юм. Монгол эмэгтэйн үүрэг хариуцлага нэн агуу билээ. Тоглоом шоглоомоор зургаан хүүхэд төрүүлсэн эмэгтэйг ямар эмэгтэй вэ гэхэд шалиг завхай эмэгтэй гэж Монголын төв ТВ-ээр удаа дараа явуулж байгаа нь доромжлол юм. “Ар Монголыг устгах төлөвлөгөө” номыг бичсэн Ц.Эрдэмт хэвлэлийн бага хурал хийхдээ “Ар Монголыг устгах нууц төлөвлөгөө нь 1992 оны Үндсэн хуулиар устгах үйл ажиллагаа болсон. 1992 оны үндсэн хуулиас хойшх бүх хуулиуд бүх гэрээ хэлэлцээрүүд Монголыг устгахад чиглэгдсэн. 1992 оноос эхлэн 50 жилийн дотор бүх Хөх толботныг устгах тусгай хөтөлбөрийг АНУ-ын зарим эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээллийг би олж үзсэн” гэж тэрээр мэдэгдэж байсан. Тэгэхээр эмэгтэй хүний галзуу ганц шөнө гэдэг ямар гамшигтай болохыг харуулж байна.

Амьдралын утга учир – ач – гуч нар

Түүний амьдралын нэгэн учир утга нь ач гуч нар гэж үздэг байсан. Ач гуч нарыг бол хааяа нэг чихэр жимсээр эрхлүүлэх бус өглөө бүхэн өгдөг зээл юм. Тэрээр цаг гаргаж ач гуч нарынхаа зээлийг бэлдэнэ. Ач гуч нар нь өглөө бүхэн хөгшин аав ээжийнхээ тусгайлан бэлтгэсэн зээлийг авах гэж яардаг байсан бөгөөд тэдний хувьд маш нандин дурсамж болон үлджээ. Ач охин Соёлмаа ярихдаа: Өглөө босоод хөгшин аавынд орж зээлээ авахаар их л яарч гүйдэг байлаа. Хөгшин аавынд өглөө эрт ороод зогсоход бэлдсэн гамбир, замбай, боов, ааруул, ээзгий гэх мэтийн жаахан ч гэсэн зээлээ аваад л гардаг байсан юм. Одоо ч бидэнд балчир бага насандаа авч байсан зээл хэчнээн гоё амттай байсан юм. Бид ч гэсэн одоо үр ач нартаа зээл бэлдэж өгөхийг уламжлан үлдээх хэрэгтэй. Бас нэг гоё дурсамж шинэ дээл өмсөөд ороход мялааж байна гээд хөгшин ээж чихэр өгдөг байлаа. Энэ нь жилд нэг л удаа болдог үйл.

Ажлын арга барил -ажиллах урлаг

Тэр байнга шинийг эрж хайхаас гадна нэг ажлыг байнга давтан хийдэг байсан. Ажил хийхгүй байх, бас ажлыг хэт яаран бүх чадлаа шавхан хийхийг дэмждэггүй байв. Жишээ нь мод хөрөөдөхөд хурдан хөрөөдөх нь амархан цуцаж улмаар тэр ажлыг дахин хийхгүй болдог. Ажлыг тайван хийж ажлын амтанд орж улмаар эрч хүчтэй байхыг уриалдаг байсан. Тухайлбал Сахар Гэвш Лувсанчүлтэм ажлыг улайрч хийх алдар зэрэг хэргэмд шунахыг тэвчдэггүй байсан. Тэгвэл энэ хүн тэр ажлын эрч хүч ажиллах урлагийг олж сумын нарийн бичгээс багийн дарга болохдоо бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тэр нь үндэсний бөгөөд ард түмний бүтээн байгуулалт болсон. Өнөөдөр Их Майдар бурхан босгох нь үндэсний их бүтээн байгуулалт гэж юу хэлээд байна Хэзээ ч учиргүй дэмий хар зоригийг бүү үйлдэгтүн
Хэр тушаасаар дэмий элдэв үгийг бүү өгүүлэгтүн
Хэнд ч мэргэний тэмдэг ба мэдсэний тэмдгээ бүү хөөрхөгтүн” гэсэн ажээ.

Миний ажилсаг удмынхан буюу Харкарас овгийн хүн

Хуучны ойлголтоор бол бид их баян орчин цагийн хэллэгээр бол зөвхөн манай аав төдийгүй миний ээжийн аав зүгээр суудаггүй гайхамшигтай ажилсаг хүн байсан. Би тэр чанарыг нь л эрхэмлэж тэдний жишгээр мал хариулахаасаа гадна мужаан дархан оёдол хийж бэр хүүхдүүддээ биетээр үлгэрлэж зааж сургаж ирсэн. Бэлэнчлэх сэтгэлгээ бидэнд байхгүй. Миний ээжийн аав бол зөвхөн хошууны толгой баян, үр хүүхдүүдийнхээ гэр орон сандал ширээг өөрсдийн гараар бэлдэж өгдөг байсан. Үүнийг зарим нь нарийндаа хатсан яхир харамч гэж хэлдэг. Миний нагац аавын аав гэхэд л ийм хүн шүү дээ. Саруул гүний хошуунд баруун Алтайгаас хоёр Харкарас овгийн хүн иржээ. Харкарас хүн дотуур тамиртай нэг хошуунд хоёулаа байж болохгүй гэж ноёд хоёр хошуунд өгсөн. Түвшин тонгорууд ястанд багтсан. Түвшиний гуравдугаар хүү бол миний ээжийн аав бөгөөд хошууны толгой баян учир даян Божир гэдэг болсон. Миний нагац аав Божир маш их ажилсаг, хөлсөө арчих завгүй амаараа шимж асгаж байсан гэдэг. Тэрээр Хошууны үзүүр баян болсон гэж хошуу ноён халуун хошуут өгч байсан. Божирын аав Түвшин хүмүүс шиг дотуур тамиртай хүн биш харин хайр анхаарлыг татсан хүн байв. Тэрээр амьдралаа тэгээс эхэлж, яаж амьдрахын яруу тод жишээг үзүүлсэн. Эхлээд тариа тарьж амьдралаа эхэлсэн. Түвшин гуай хоёр хүү хоёр охинтой. Божир нь гурав дахь хүү байв.

Яагаад манайхан “хурдан морь”-оос татгалзсан бэ?

Саруул ноён хошууны “Янжуур даллага” гэж намрын цагт Эрдэнэ-толгойд их найр бодог байв. Ноёны хурдан хар, хурдан халиун гэж хурдан хүлгүүдтэй байсан. Нэг намрын найранд Гончиг авга ах морио уралдуулахад ноёны хурдан хар, хурдан халиун морины урдуур морь нь түрүүлж ноён хоёр морио зодоод Гончигийг дуудуулсан манай авга ах зугтаагаад cap гаруй зугтаж явж байгаад баригдаж модлуулаад айл бүрээр нэг хонуулж жигшээж байсан. Уг нь Гончиг авга ах хурдан морио ноёнд барина гэж бодож байсан байгаа юм. Ноёндоо гомдож Ховдын цэргийн ацаг шанд хурдан морио өгсөн. Авга ах өөрөө өртөөнд ажилладаг байсан. Үүнээс хойш миний үр сад хурдан морь битгий уралдуул, хурдан мориор оролдох хэрэггүй гэж захисан юм даа.

Түүнээс хойш манай удам морь уядаггүй юм ханддагийн учир Монголчууд залуу хүн, дүү хүн өөрөө ирж золговол золго гээд хайхардаггүй. Тэднийхээ бэлэг авч байж хариу бэлэг өгөх жишээтэй. Тэгвэл миний аав өнчин өрөөсөндөө онцгой хүндэтгэлтэй хандаж тусгай бэлэг бэлдээд зогсохгүй гэр орон тааруулж амьдралыг нь залж зааж өгдөг байсан. Аав ээжээсээ Бизьяа гурван дүүгийн хамт өнчрөн хоцроход лам багшийн гэрийг нь шатаа гэснээр шатаачихаад шинээр гэр бүрж өгсөн. Хоёр өнчин ач нь хадамд гарах үед эд хогшилыг нь бүрэн тааруулж өгсөн. Тэр ч байтугай Ач Чулуун, дүү Тогооч, Даваат нарт хоёр хоёр удаа гэр бүрж, эд хогшил, авдар сав, дээл хувцсыг өөрийн гараар хийж өгсөн. Учир нь золгүй явдлаас болж салж салсан эхнэр нь гэрийг нь авсан учир хоёр дахь удаагаа гэр бүрж өгч байсныг тодорхой санадаг юм. Одоо бодоход сонин байгаа биз. Цагаан хайрханы бэр болсон өнчин ач охиндоо аав ээжийн оронд очиж золгодог байсан. Авга ах Тогоочийн охин Бадамжав айлын бэр болоход жил бүрийн цагаан сарын шинийн 8-аас өмнө очиж золгодог очихдоо бурамтай хүнш боов хийж цагаан бааданд баадагнаж бүслээд очдог. Өнчин ах дүүгүй ач нараа эргэж тойрч очдог байсан. Энэ нь бас цаад хадам талд нь ах дүү аав ээжгүй гэж бодох бий гэсэн далд утгатай байсан байхаа.

Манай аав малчин сэхээтэн

Хоёрдугаар хүү Балжинням дурсахдаан: -Бидний хувь заяаг лам нар зааж л дээ. Манай ахыг болохоор удам залгах хүн гэж малчин болгосон. Тэгээд ахын оронд 6 настай намайг сургуульд явуулж “золиосолсон”. Би үнэхээр сургуульд явах дургүй байсан. Зав л гарвал оргож ээж ааваа зовоосон хүн би долоон жил оргосон хүн. Жилд 37 оргосон байгаа юм. Манай аав малчин ч гэсэн үйл ажлаараа сэхээтэн хүн л дээ. Хүүхдүүдээ ном сургая гэж ахаас бусдыг сургуульд явуулсан. Манай ах сургуульд суугаагүй ч шинэ хуучин бичгийг сайн сурсан. Долоон үсгийг л хүнээр заалгаад хонь хариулж явахдаа газар дээр бичиж сурсан. Дөрвөн аргын тоог төвөггүй боддог.

Би дунд сургуулийг оргож гэрээ мөрөөдөж дэмий өнгөрүүлсний адил дээд сургуулийн гурван жилийг дэмий тэнэж хулигаантаж өнгөрөөсөн. Гэнэт ухаан орж би гэдэг хүн дээд сургууль төгсөж малын эмч болоод юу хийх билээ нэг өдөр хулигааны багш хамтран зүтгэгч үнэнч нөхөртөө хэллээ. Чи замаа бод л гэсэн. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй. Түүнтэй хамт явахдаа хүн алах онгод орж хутгаа билүүдэн хурцалж хятадын эрлийзүүдтэй зодолдож новшнуудыг цааш харуулна гэж шийдчихсэн байсан. Гэнэт надад тэнгэр цэлмэх шиг ухаан орсон… Жилийн дараа нутгийн хүмүүс намайг чи ийм болчихоо юу гэж гайхаж билээ. Манай аавын онцлог бол архи уудаггүй байсан. Би ч архи уудаггүй учраас эрүүл ухаан намайг хөтөлсөн юм болов уу. Одоо ч гэсэн би багынхаа мөрөөдөл малаа маллаж байна. Эцгийнхээ ажилсаг чанарыг өвлөн өдөр бүхэн би ажилладаг. Өвлийн хэдхэн cap хотод өнгөрөөхөд бие суларч 8кг нэмэгдсэн байдаг. Хавар дахин ажлаа эхлэхэд хэдэн хоног бие суларч ирээд удалгүй сайхан болдог. Өглөө эрт босож өдөр бүрийнхээ түлээг бэлтгэдэг. Архи уудаггүй учраас бид эрүүл саруул 80 хүрч байна.
Төгсгөлд өгүүлэх нь – Түүний дурсгалт өвөлжөө нь шатсан ч нямбайлан босгосон улаан дүнзэн модон байшин нь үлдсэн. Энэ байшинд соёлын төв, сургууль, номын сан, музей болгоно гэж мөрөөдөж байсан. Нэг буланд өөрийнхөө хийсэн бүтээсэн болон баярын бичиг дурсгалаараа музей байгуулахыг мөрөөдөж байсан. Тэр бас Бухын гол Өсрүүний цэнхэр нуурынхаа хөвөөнд мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж байсан. Тэр анхныхаа моднуудыг тарьж байсан ч арчилж ургуулах цаг хугацаа боломж гараагүй ээ. Хорчийж үрчийж заримынх нь хатсан мөчир нь хэдэн жил болгосон ч тэр өөрийнхөө амьдралын хүсэл мөрөөдлийг газар дээр суулгаж амжсан юм. Түүний хийгээгүй хийх үүрэг гүйцээгүйг гүйцээх хариуцлага үр ач нарт нь үлджээ.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих