Тавантолгойд халдах төрийн дээрэм хэтэрлээ
Төрийн дээрэм улаан, цагаандаа гарах нь ээ. Өмнөговь аймгийн иргэдийн буюу орон нутгийн өмч болох Тавантолгой ХК-ийн лицензтэй талбайд төр халдан, ил тодоор дээрэм хийхээр заналхийллээ. Энэ чинь одоо юу болж байна вэ? ноён Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайд аа.
“Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч Таны бодлого тэгээд бодит амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж байгаа юм биз дээ. Энэ байдал цааш үргэлжилвэл Засгийн газар хэр удаан тэсэх болоо Ерөнхий сайд аа.
Яагаад гэвэл газар, нутгаа орвонгоор нь эргүүлэхийг, гаднын хөлсний ажилчдийг хэдэн мянгаар нь суурьшуулахыг, эрдэнэс, баялагаа сая, сая тонноор нь зөөхийг хүлцсэн өмнөговьчуудын тэсвэр, тэвчээр одоо харин чинээндээ тулж, хязгаартаа хүрчихээд байгааг та бүхэнд дуулгахыг үүргээ гэж үзлээ.
Тэд эхлээд мал аж ахуйгаасаа хагацаж байна. Цогтцэций суманд арван жилийн өмнө 350 гаруй малчин өрх байсан бол эдүгээ энэ тоо нэг дахин багассан. Учир нь Монгол Улсын хамгийн том нүүрсний уурхайнууд болох “Энержи ресурс” ХХК, төрийн өмчит “Эрдэнэс -Тавантолгой” ХК -иуд бэлчээрийг нь дээрэмдчихсэн юм. Удаад нь амьсгалах агааргүй болчихлоо. Тус сумын төвтэй дээрх уурхайнууд хаяа залган олборлолт хийж байгаа болоод тэр. Одоо тэгээд өөрсдийн амьжиргааны гол эх үүсвэр, эцсийн найдлага болсон орон нутгийн өмчит “жижиг” Тавантолгойн уурхайн эзэмшил талбай руу төр ханцуй шамлан дайрахыг хүлцэн, тэвчээд, хараад суухыг тэд үнэхээр хүсэхгүй байна. “Болохгүй бол босно, тэмцэнэ” гэдгээ ч өмнөговийнхон шийдэмгий өгүүлнэ билээ.
Нэгэнтээ эдийн засагч Д.Жаргалсайхан “…Эд баялагтай болох хоёрхон арга зам бий. Бүтээнэ, эсвэл дээрэмдэнэ…” хэмээн бичиж байсныг санах юм. Тэгвэл төр өмнөговьчуудын бий болгосон баялагийг дээрэмдэж, хөлжих замыг сонгосон бололтой. Социализмын үед, оросуудын хийж өгсөн хайгуул, судалгаанд үндэслэн байгуулагдсан “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг орон нутгийнхан эзэмшдэг. Байгуулагдаад 48 жил болж байгаа энэ уурхай сумын төвөөс 18 км хол байрладаг. Энд 500 гаруй хүн, ам бүхий уурхайчдын тосгон бий. Сургууль, цэцэрлэг ч бий. Ажиллагсдын 90 хувь нь орон нутгийн иргэд буюу өмнөговьчууд. Гадаадын нэг ч зуугуул иргэн байдаггүй гэдгээрээ ч онцгой. Өнгөрсөн онд гэхэд л улсад 64.3 тэрбум , орон нутгийн төсөвт 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн компани гээд бод. Энэ үзүүлэлтээрээ улсад тавдугаар байрт, нэг тонн нүүрснээс төлсөн татвараараа нэгдүгээр байрт явдаг гэж байгаа. Товчхон бөгөөд тодорхой өгүүлбэл Өмнөговь аймгийн төдийгүй Монгол Улсын амьдрал, сэргэн мандалт “жижиг” Тавантолгойн уурхайгаас шууд хамаардаг юм. Уншигч танаа хачирхалтай баримт олсноо одоо дурдсу. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс олборлож буй 12 компани бий. Тэд бүгдээрээ өнгөрсөн онд 3 сая тонноос дээш, дээд тал нь 6 сая тонн нүүрс олборлосон байдаг хэрнээ “Тавантолгой” ХК-иас бусад нь дотооддоо нэг ч тонн нүүрс борлуулдаггүйгээс гадна бүтээгдэхүүнээ 100 хувь экспортлодог, тэгээд улсад төлсөн татвар нь шалихгүй хэдэн төгрөг байдаг гэвэл итгэх үү. “Соут гобисандс” ХХК, “Энержи ресурс”, “Эрдэнэс- Тавантолгой” ХК –иуд яасан вэ? Тэд яагаад тийм бага татвар төлдөг юм бол. Хэний ивээл дор ийн “тарвалзана” вэ? Үүнийг шалгаж, нягтлахыг төр яагаад хүсэхгүй байна вэ? хэмээх хариулт нэхсэн олон асуулт хөвөрсөөр…
URL: