Бэрсүүт жүрж /Уран зохиол/
Үүлтэй бүрхэг өвлийн үдэш байж билээ. Би Ёкосүка–Токио чиглэлийн галт тэрэгний хоёрдугаар зэргийн вагоны буланд суугаад галт тэрэг хөдлөх шүгэл дуугарахыг бодолдоо автан хүлээж байлаа. Аль хэдийнээ гэрэл ассан вагон дотор ховор тохиолдлоор надаас өөр зорчигч үгүй. Цонхоор гадагш харвал бүдэг харанхуй буудал дээр үдэгсдийн бараа хэдийнээ тасарч, гагцхүү торонд орсон гөлөг үе үе хуцах гунигтай дуу сонсогдоно. Энэ бүхэн тэр үеийн миний сэтгэлтэй сонин гэмээр нийцэж байв. Миний ухаан сүүдэртэж, хэлэхийн аргагүй их ядарснаас цас орох үүлтэй тэнгэр мэт бараан байлаа. Би пальтоныхоо халаасанд хоёр гараа лав хийсэн чигтээ тэнд байгаа оройн сонин гаргаж гарчиглах дур ч хүрэхгүй сууж байв.
Тэгтэл арайхийж галт тэрэг хөдлөх шүгэл дуугарлаа. Би сэтгэл жаахан тайвшрахыг мэдрэн толгойгоороо цонх налж нүдний өмнөх галт тэрэгний буудал бага багаар ухарч эхлэхийг хүлээв. Гэтэл гэнэт чих дэнслэм тачигнах дуу гарч, буудлын орох хаалтын зүгээс сонсогдов уу гэтэл төдөлгүй кондукторын зандран загнах дуутай хамт миний сууж байсан вагоны хаалга сав хийтэл нээгдэж арван гурав, дөрөв насны жаахан охин ганцаараа, санд мэнд дотогш орж ирэв.
Түүний орж ирэхтэй зэрэгцэн галт тэрэг нэг том татганаж дайвснаа аажмаар хөдөлж эхлэв. Нэг нэгээр тасран холдох буудлын шонгийн мод, хэний ч юм бэ мартаж хаясан аятай усан тэрэг, вагон доторх хэн нэгэнд ёсолж мөргөх буудлын зөөгч – энэ бүхэн цонх өөд тургих утаа манан дунд хагацаж буйдаа харуусах янзтай арагш ухран ард үлдэв. Би арайхийж санаа амран ороомог тамхиа асаангаа хүнд зовхио анх удаа өргөж өмнөө суусан охины царайг хальт харав.
Харах байдлын л хөдөөний охин байв. Тосны дусал ч үгүй үсээ мөнгөн гүйлсийн навч хэлбэртэй засалтаар хойноо шууж боосон агаад сорви нь цоохортож, нар салхинд хагарч сэтэрсэн хоёр хацар нь дотор эвгүйрэм минчийн улайна. Түүгээр барахгүй шар ногоон өнгийн элэгдсэн ноосон ороолт өврөөрөө унжуулж өвдгөн дээрээ том боодол тавьжээ. Боодол тэврэх хөлдөж хавдсан гар нь гуравдугаар зэргийн вагоны билет хичээнгүйлэн атгасан харагдана. Надад энэ охины болхи эршүүд царай нь таалагдсангүй. Бас түүний хиртэй хувцас хунар ч муухай санагдав.
Ядаж байхад хоёрдугаар болон гуравдугаар зэргийн вагоны ялгааг ч ойлгохгүй тэнэг бүдүүлэг нь уур хүргэм. Тиймээс би ороомог тамхиа асаагаад, нэгд энэ охин энд сууж буйг мартах үүднээс халааснаасаа оройн сонин гаргаад өвдгөн дээрээ дэлгэв. Сонины хуудсанд тусах гадны гэрэл гэнэт дан цахилгаан чийдэнгийн гэрэл болон хувирахад муухан хэвлэгдсэн хэдэн нийтлэлийн гарчиг нүдний өмнө үсэрч гарах мэт тодров. Галт тэрэг Ёкосүкагийн олон тоннелийн эхнийх рүү орсныг ийнхүү хэлүүлэлтгүй мэдлээ.
Гэхдээ цахилгаан чийдэнгийн гэрэлд оройн сонины хуудсыг эргүүлж тойруулж гарчиглавч миний уй дарамтыг үргээх юм олдсонгүй. Орчлон өдрөөс өдөрт улиг болсон үйл явдлаар дүүрэн ажээ. Найрамдлын гэрээ байгуулах асуудал, шинээр гэрлэгсэд, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг, нас барагсдын жагсаалт…Туннельд орсон даруйдаа галт тэрэг явах чиглэлээ эсрэгээр эргүүлсэн мэт сонин сэтгэгдэл төрж, би нэг уйтай нийтлэлээс нөгөө уйтгартай нийтлэл рүү хараагаа шууд шилжүүлэн байлаа.
Гэхдээ тэгэх зуураа энэ охин – бараан саарал амьдралын хүний бие дэх төлөөлөгч гэлтэй царайтай урд сууж буйг санаанаасаа гаргаж чадаагүй юм. Туннельд орсон энэ вагон, хөдөөний энэ охин мөн хэнд ч хэрэггүй шалдир балдир нийтлэлээр дүүрэн энэ оройн сонин – бүгд бэлээхэн тэмдэг биш гэж үү? Үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралын илрэл биш бол юу гэж? Дургүй хүрч, бүх юм утгагүй санагдаж би уншиж эхэлсэн сониноо чулуудаж хаяад дахиад толгойгоороо цонх налж үхдэл мэт нүдээ анин зүүрмэглэж эхлэв.
Түүнээс хойш удаагүй болов уу. Гэнэт нэг юманд эрдэсхийн сэрж эргэн тойрноо ажваас өмнө сууж байсан охин хэзээ амжсан юм миний хажууд шилжин суугаад хамаг хүчээрээ цонх онгойлгох гээд үзэж буй. Гэвч хүнд шилэн цонх санасных нь дагуу онгойхгүй байгаа бололтой. Түүний хагарч сэтэрсэн хацар нь улам улайж, үе үе хамрын нусаа сорох чимээ нь амьсгаа давхцах бяцхан дуутай хамт чихэнд сонсогдоно. Энэ бүхэн надад ч гэсэн өрөвдөх сэтгэл төрүүлсэн нь үнэн. Гэвч яг одоо галт тэрэг дараагийн туннель руу орох гэж байгааг хатсан шаргал өвс үдшийн бүрийд гэрэлтэх хоёр талын уулын гүвээ цонх уруу ойртон дөхөж буйгаас шууд ойлгож болох.
Гэтэл охин хаасан цонхыг зориуд буулгах гэж байгаагийн учрыг би ойлгосонгүй. Эсрэгээр, энэ муу охин дураар аашилж байна гэхээс ондоо шалтгаан бодож олсонгүй. Тиймээс урьдынх шигээ хахир сэтгэлээр хандаж, хөлдсөн гар нь шилэн цонх онгойлгох гэж хамаг хүчээр ноцолдож буйг үүрд үл бүтээсэй хэмээн хүсэх мэт хүйтэн харцаар харж байлаа. Удсан ч үгүй галт тэрэг нүсэр чимээ гарган туннель руу орохтой зэрэгцэн охины онгойлгох гэж байсан шилэн цонх пад хийтэл доош буув. Тэр даруй дөрвөлжин нүхнээс хайлуулсан нүүрс мэт хар агаар амьсгаа боох утаа болон хувирсаар дотогш хүчтэй түрэн орж ирэв. Угаас хоолойн өвчтэйг хэлэх үү, халаасны алчуураар нүүрээ таглах завдалгүй энэ их утаанд автсан болохоор би бараг амьсгаа авах завсаргүй тасралтгүй ханиалгав.
Гэвч охин намайг онцын тоосон шинжгүй толгойгоо цонхоор гарган шанааныхаа үсийг салхинд хийсгэн галт тэрэгний явах зүг ширтэх ажээ. Охины энэ дүрийг утаа тортог болон вагоны гэрэлд хараад, цонхны гадаах аажмаар цайж тэндээс газрын үнэр, хатсан өвс ногооны үнэр мөн усны үнэр хүйтэн агаартай цуг урсан орж ирээгүйсэн бол, би нэлээд хугацаанд ханиалгасандаа энэ танихгүй охиныг толгой түрийгүй загнаад буцаагаад цонх хаалгаснаас гарцаагүй.
Гэвч галт тэрэг тэр үед туннелээс алгуурхан гулсан гарч шаргал өвсөн бүрхүүлтэй хоёр уулын хооронд хавчигдсан нэгэн ядуу хотхоны захын төмөр замын гарам өнгөрч байв. Гармын ойр хавьд өнгө үзэмж муутай сүрлэн болоод шавар дээврүүд зай булаалдах мэт бие биедээ наалдсан харагдана. Бас өртөөчин дэвж буй бололтой цагаавтар дарцаг үдшийн тэнгэрт шарлан дэрвэнэ. Арай хийж туннелээс гарав гэж бодсон тэр мөчид би зэлүүд гармын цаана улаан хацартай гурван банди зэрэгцэн зогсч буйг олж харав. Бүгдээрээ энэ үүлтэй бүрхэг тэнгэрт даруулсан мэт жигд нуруу намхан.
Мөн энэ хотын бараан саарал төрхтэй адил өнгийн хувцас өмссөн ажээ. Тэд толгой гэдийлгэн өнгөрч буй галт тэргийг харж байснаа гэнэт гар даллан хоолой хайрлалгүй өндөр нарийн дуугаар үл ойлгогдох зүйл хамаг чадлаараа хашгиралдав. Яг тэр мөчид билээ. Цонхоор биеэ хагас гаргасан нөгөө охин хөлдсөн гараа сунгаж баруун, зүүн рүү даллав уу гэтэл гэнэт нарлаг өдрийн шим дулаан шингэсэн сэтгэл баясам өнгийн тав зургаан бэрсүүт жүрж галт тэрэг үдэх хүүхдүүдийн дээрээс тал тал тийш таран тэнгэрээс буув. Би өөрийн эрхгүй амьсгаа хурааж нэг дор бүгдийг ойлгов. Энэ охин, бодвол гэрээсээ хол айлд зарцлагдаж ажил хийхээр явж буй энэ охин өвөртөө хийсэн бэрсүүт жүржээр өөрийг нь үдэж хотын зах, төмөр замын гарамд ирсэн дүү нараа баярлуулъя гэж бодсон ажээ.
Үдшийн гэрэлд уусах төмөр замын гарам, бяцхан ангаахайнууд жиргэх шиг хоолой чангалах гурван хөвгүүн мөн тэдний дээрээс буусан бэрсүүт жүржийн улаан шар нарны туяа – энэ бүхэн цонхны цаана нүд ирмэх зуур болоод өнгөрөв. Гэвч сэтгэлд минь өр өвтгөм тодоор зурагдан үлджээ. Тэгэхэд үл ойлгогдох дулаанаар сэтгэл дүүрч дэлгэр болсныг мэдэрсэн юм. Би толгой өргөн тэс ондоо хүн мэт өмнөө харж буй охиныг сайтар ажиглав. Охин миний эсрэг суудалд буцаж суугаад өмнөх шигээ хагарч сэтэрсэн хацраа шар ногоон өнгийн ороолтондоо нааж том баадан тэврэх гартаа гуравдугаар зэргийн суудлын билет чанга атган сууна.
Би энэ үед анх удаа хэлэхийн аргагүй ядарснаа, мөн үл ойлгогдох, арчаагүй дорой, уйтгар гунигаар дүүрэн хүний амьдралыг хэсэг хугацаанд ч атугай мартаж билээ.
Р. Акүтагава
Тайшёо 8 оны 4 сар (1919 оны 4 сар)
URL: