Монголын тагнуулын офицер Уэндсворф шоронд хоригдож байна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц Лондон хотноо баривчлагдсан тухай сүүлийн үед хэвлэлээр нэлээд шуугисан. Их Британийн “The Independent” сонинд энэ талаар бичсэнийг сонирхуулъя.

Батын Хурц нь Монголын тагнуулын албанд хариуцлагатай алба хашиж байсан офицер. Түүнийг Лондон хотын “Хитроу” олон улсын нисэх онгоцны буудал дээр баривчилсан. Өдгөө Уэндсворф шоронд хоригдож байгаа бөгөөд өөрийг нь хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэх шүүх хурлыг хүлээж байгаа юм. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын хэсгийн дарга тэрбээр Хитроу нисэх онгоцны буудлын VIP танхимаар гарч Уайтхоллд очиж хэлэлцээ хийх ёстой байсан. Гэтэл Их Британийн тусгай албаныхан буюу Скотланд-Ярдын ажилтнууд түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа гэсэн бичиг үзүүлэн баривчилжээ.

“The Independent” сониныхны авсан мэдээллээс үзэхэд Б.Хурцын өмгөөлөгчид олон улсын дипломат эрхийг ашиглан түүнийг баривчилсан хэмээн үзэж байгаа гэнэ. Б.Хурцыг дүрвэгчийг хулгайлж, Монголын шоронд аваачин тамласан хэрэгт буруутгаж байгаа. Монголоос цагаачилсан Дамирангийн Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 14-ний өдөр Гавтр хотын “McDonald’s” түргэн хоолны газрын ойролцоох машины зогсоол дээр цахилгаан бороохой барьсан дөрвөн хүн баривчилсан. Түүнд хүчээр унтуулах тариа хийж ухаангүй байхад нь машинд суулган авч явсан гэнэ. Монголын эрх баригчид Д.Энхбатыг 1998 онд Монголын Засгийн газрын гишүүн, сайдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байсан юм.

Д.Энхбатыг баривчилж дөрөв хоногийн дараа Францаар дамжуулан Брюссель дэх Монголын Элчин сайдын яамны байранд авчирч тэндээсээ Германд аваачсан. Түүнийг Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд авчирсан байна. ХБНГУ-ын эрх баригчид Б.Хурцыг Францын газар нутаг дээр Д.Энхбатыг баривчлах ажиллагаа явуулах үед машиныг нь жолоодож явсан гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Тиймээс ч Б.Хурцыг буруутган 2006 онд түүнийг баривчлах тогтоол гаргасан байна.

Ю.Дэлгэрмаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих