Г.Жамъян: МАН-аас УИХ-д суугаа 26 гишүүнээс хэн ч Сүхбаатарын талбайг өмөөрч нэг ч үг дугараагүй
Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ахмад гишүүдийн “Түүхэн өв соёлоо хамгаалъя” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хурлын танхим МАН-ын ахмад гишүүдээр дүүрэв. Ахмад гишүүд дотор түүхийн ухааны доктор, профессор шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Ж.Болдбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, профессор Г.Шагдаржав зэрэг нөлөө бүхий хэд хэдэн хүмүүс харагдана лээ. Мөн хэлэлцүүлэгт МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нар оролцсон юм. Уг уулзалт хэлэлцүүлгээр Монголын түүхээс зурвас үеийн гэрч болсон түүх соёлын өвд бүдүүлгээр хандах болж, Монгол Оросын ард түмний эв нэгдэл найрамдлын бэлэг тэмдэг болгон босгосон “Найрамдлын хаалга” , “Лениний хөшөө” дурсгалыг нурааж, улсын баяр наадмын арга хэмжээнээс Ардын хувьсгалын 92 жилийн ой гэсэн үгийг хасч, нийслэлийн төв талбайг долоохон хүний саналаар Чингисийн нэрэмжит болгож, 1921 оны ардын хувьсгалын ойг жил бүр тэмдэглэхийг болиулсан зэрэгт ард иргэд дургүйцэж байгаад МАН-ын зүгээс эдгээрийг цаашид хэрхэн яаж шийдвэрлүүлэх талаар хамтран арга зам хайхаар ярицаж ахмад гишүүдийнхээ санал бодлыг сонссон юм.
Хурлыг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлэв:
МАН 27 дугаар их хурлаа хийснээс хойш МАН дээр ирдэг болсон нэг шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авсан. Энэ бол МАН тодорхой хэмжээгээр дээд удирдлагууд нь ард түмнээсээ тасарсан байна, жирийн иргэд сонгогчдын болон гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсохгүй байна гэсэн шүүмжлэлийг бидэнд байнга тавьдаг болсон. Тэр утгаараа иргэдийнхээ, гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсох үүднээс, тэдний санаа бодлыг Монгол улсын төрийн бодлогод тусгуулах үүднээс энэ мягмар гарагийн нээлттэй уулзалтыг зохион байгуулсаар гурав дахь сартайгаа золгож байгаа. Өнгөрсөн долоон хоногийн мягмар гарагийн уулзалт Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Өлзийт хорооллын иргэд сонгогчидтой УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Су. Батболд, Д.Оюунхорол нар уулзалт хийсэн. МАН шинэ он гараад шинэ оны эхний долоо хоногт Монгол улсын Засгийн газарт үнийн өсөлт 27-29 хувьтай болсон энэ үед цалин тэтгэвэрийг 30 хувь нэмэх нь зүйн хэрэг гэсэн шаардлагыг хуулийн төслийн хамт өргөн барьсан. Мөн өнгөрсөн долоо хоногт малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах нийгмийн даатгалын шимтгэл дээр төрийн уян хатан бодлогын зохицуулалт хийх ёстой гэсэн хуулийн төслийг Монгол улсын Засгийн газарт өргөн барьсан. Энэ долоо хоногийг МАН түүх соёлоо хамгаалъя гэсэн уриан дор хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Маргааш иргэний хөдөлгөөнүүдтэй санал санаачлагаа хуваалцаж уулзалт зохион байгуулна. Пүрэв гарагт Төрийн ордны Б танхимд их жанжин Сүхбаатарын мэндэлсний 121 жилийг ойг тохиолдуулан “Түүх соёлоо хамгаалахын ач холбогдол” нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачдын дунд зохион байгуулах ёстой. Баасан гарагт энэ бүх уулзалтуудаас гарсан санал санаачлагыг нэгтгэж Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд буюу Төрийн гурван өндөрлөгт түүх соёлоо хамгаалахын ач холбогдол утга учрыг ойлгуулж тодорхой хэмжээний шаардлага мэдэгдэл хүргүүлнэ.
Тэрээр ингэж хэлээд 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиас хойш түүх соёл, өв уламжлал, ёс заншил руугаа эрээ цээргүй дайрдаг асуудал газар авч байгааг онцлон хэлээд 21 аймаг 9 дүүргээр иргэд сонгогчидтой уулзалт хийж явахад Монголын ард түмэн үүнд нилээд эгдүүцэж байгааг цохон хэлсэн юм.
Харин түүний дараа түүхийн ухааны доктор, профессор шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Ж.Болдбаатар үг хэлэв.
Өнөөдөр Монголын түүхийн шинжлэх ухаанд XX зууны түүхийг яаж бичиж байна вэ, түүх бичих ямар ахиц гарч байна вэ гэдэг талаар зарим нэг зүйл дээр саналаа хэлье. Яагаад гэхээр1921 оны үндэсний хувьсгалын үр дүнг гуйвуулах, МАН байгуулсан тэр чиглэлээр түүхийн ухамсар түүх бичлэгийг өөрчлөх аян явж байна. Өнөөдөр XX зууны түүхийн жинхэнэ Азууд гэж хэлэх Ширэндэв, түүхийн ухааны доктор Д.Бат-очир, Сангидорж гээд энэ том түүхчид маань ертөнцийн мөнх бусыг үзсэн. Ингээд дараа үеийн түүхчид гэхээр XX зуун судлалыг түүхийн ухааны доктор профессор Дашдаваа, түүхийн ухааны доктор Хишигт, тэгээд би тоологдох байх. Энэ хэдхэн хүн голлож судалсан. Гэтэл сүүлийн үед XX зууны түүхийг Ерөнхийлөгчийн зарлигаар бичих гэж байгаа юм шиг байна. Энд XX зууны түүхийн үнэр аваагүй тийм л хүмүүсийн XX зууны түүхийг бичих редакци гарсан юм байна.
Тэрээр ингэж хэлээд Баабарын өдрийн сонинд бичсэн “Монголын нэн шинэхэн түүхийн цагаан толбууд” гэсэн өгүүллийг түүхчийн нүдээр харахад Баабар Монголын түүхийн мэдлэгээр тун дульхан юм байна гэдгийг харуулж байна гээд мөн л түүх дурсгалаа устгаж байгааг буруу хэмээн ярьсан. Харин түүний дараа ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, профессор Г.Шагдаржав, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар түүх дурсгалаа устгаж байгааг шүүмжлэн үг хэлэв.
Хамгийн сүүлд энэ уулзалтын халуухан үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъян гуай хэлэв.
Надад бичих талбай олдоод байдаг хэлэх индэр олддоггүй юм. Тэгээд өнөөдөр энэ нөхдийнхөө өмнө хэлье гэж бодоод хүрээд ирсэн минь энэ дарга нараас гуйсан юм. Тэгэхээр би энд шүүмжлэтэй хандмаар байна. Юу гэхээр энэ хурлаасаа эхлээд шүүмжлэлтэй хандая. Энэ ард түмнийхээ үгийг сонсох хоёр цагийн хурал байх ёстой юм гэнэ лээ. Нэг цаг нь илтгэл тавьдаг юм байна. Тэгээд дарга нар үг хэлдэг юм байна. Үг хэлчихээд яваад өгдөг юм байна. Энэ чинь яг социализмийн үеийн дүр зураг харагдаж байна. Өнөөдөр энд сууж байгаа хүмүүсээс хичнээн хүн үг хэлье санаа бодлоо хэлье гэж бодож байгаа бол. Тэдний үгийг сонсдоггүй юм байна. Үүнээс хойш үүнийгээ жаахан өөрчлөөсэй гэж би Ерөнхий нарийн бичгийн даргыг сууж байхад нь хэлье гэж бодож байлаа. Энд өнөөдөр ярих гол сэдэв бол тэр булаагдсан эрх чөлөө, булаагдсан түүхийн соёл үнэт зүйлээсээ яаж эргүүлж авах вэ гэдгээ ярих ёстой байсан байх. Тэгтэл зүгээр Монгол улсын намын түүх ярьсаар байгаад таарлаа. Энэ танхимд байж байгаа хүмүүс тэр намын түүхийг насаараа яриулсан, насаараа сонссон хэдэн дэвтэр консвекцтэй сууж байгаа. Тийм учраас өнөөдөр бидний олж авах гээд байгаа тэр зүйлийг яаж эргүүлж авах ёстойг яриасай гэж бодсон юм. Өнөөдөр Монгол хоёр улсад хуваагдчихлаа. Нэг нь Ерөнхийлөгчтэй, Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай, шүүх прокурортой, шорон гяндантай ардчиллын гэдэг улс бий болчихлоо. Нэг нь харах хандах эзэнгүй бидний ядуучуудын улс бий боллоо.Энийгээ ярих хэрэгтэй гэж би өнөөдөр бодсон юм. Ардчиллын улс гэдэг чинь өнөөдөр бид юу дуртайгаа авдаг болж байна. Зөвлөлтийн эсрэг үзлийг дэвэргэхийн тулд Лениний хөшөөг буулгаж байгаа зургийг нь аваад дэлхий дахинд цацлаа. Бид Оросыг ингэж дэмжихгүй байгаа шүү, барууныхан минь гэж дэлхийд таниулж байгаа нь тэр. Одоо Чингисийн талбай гэж нэрлээд Сүхбаатарын маань талбайг долоохон хүний саналаар булаагаад авлаа. Энийгээ өнөөдөр яримаар байна. Яаж хөшөөгөө устгуулахгүй байх вэ. Одоо энэ ардчиллын улс чинь шүүх прокурор, шорон гяндангаар далайлгаж байгаад энэ МАН бусад намыг чинь цөлмөж гүйцэх нь ээ. Шорон өргөтгөж байна. Өнөөдөр 1500 хүний шорон барьж байна. Цагдааг хоёр хэсэгт хуваагаад өргөтгөж байна. Бидний тэтгэвэрийг нэг мөнгөөр нэмээгүй байж Шүүгчийн цалинг 4 сая 500 мянга болгон нэмж байна. Энэ чинь Монголд дарангуйлал тогтлоо одоо хэнийг ч барьж, хорьж хэнийг ч устгаж болно гэсэн үг шүү. Үүний эсрэг бид ярилцах ёстой гэж бодсон юм. МАН-аас их хуралд суугаа 26 гишүүн бий, хагас нь энд сууж байна. Хотын төлөөлөгч гээд байна. Эд нар дэндүү сул ажиллаж байна. 7 хүн гараа өргөөд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилчихөж байхад тэнд МАН хүмүүс байгаа биз дээ. Тэнд юугаа хийгээд сууж байдаг юм. Тэд талбайгаа өмгөөлж ганц үг дугараагүй.
Түүнийг үг хэлсний дараа МАН-ын ахмад гишүүд санал бодлоо хуваалцсан юм.
Бэлтгэсэн: Б.Энхчимэг
Эх сурвалж: www.aravt.mn
URL: