“Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иудын барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт явуулжээ
Барилгын 40 гаруй компани орон сууцныхаа метр квадратын зөрүүнд иргэдэд нийт 1,5 тэрбум гаруй төгрөгийн төлөх ёстой болоод байгаа билээ. Гэтэл зарим компаниуд иргэдэд учруулсан хохирлоо төлөхгүй байгаа учир ШӨХТГ-аас арга хэмжээ авч эхэлжээ.
Тухайлбал,
Тус газрын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/70 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу барилгын ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг тогтоох хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтаар “Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иуд нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчиж, орон сууц худалдаалахдаа худалдан авагчдыг хууран мэхлэж, сууцны тайлбайг гэрээнд зааснаас дутуу тооцож өгсний улмаас иргэдэд их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.
Иймээс Техтоник” ХХК нь 22 иргэнд 195 м.кв-ыг дутуу тооцож өгч, нийт 399,076,627 төгрөгний хохирол учруулсан бол “Тайгам алтай” ХХК нь 47 иргэнд 166 м.кв-ыг дутуу тооцож өгч, нийт 227,025,569 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна
Дээрхи байдлаар иргэдэд санаатайгаар их хэмжээний хохирол учруулсан боловч уг хохирлыг нөхөн төлөөгүй тул тус газраас “Тайгам алтай” ХХК, “Техтоник” ХХК-иудад 20,000,000 төгрөгний торгууль ногдуулсан ажээ.
Мөн “Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иудад удаа дараа улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, зөрчлийг арилгаж, иргэдийн хохирлыг нөхөн төлөхийг шаардсан боловч биелүүлэхгүй байна.
Иймд хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, иргэдэд учирсан их хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай байгаа учир ШӨХТГ-аас “Техтоник” ХХК, “Тайгам алтай” ХХК-иудын барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгөхийг БХБЯ-аас хүсчээ.
URL: