Хурдан удмын 30 орчим адууг нядалжээ
Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас хурдан удмын адууг олноор нь хулгайлж нядалсан хэрэг гарчээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Аймгийн алдарт уяач Б.Зоригоогийн “Орхоны хурд” галын 100 гаруй адуунаас Сайхан сумын харъяат уяач А.Цогтсайхан, Л.Орхонбаярын нарын долоон адуу алдагдсан байна. Уяачид энэ тухай цагдаад мэдэгдэж, эрэл сурал болсон ч олж чадаагүй ажээ. Үүнээс хойш сумын малчдын морьд хоёр, гурваар алдагдсаар байж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Сайхан сумын н.Ренцэндорж гэх уяачийн долоон адууг хулгайчид тууж оджээ. Малчид тухай бүрт нь цагдаад мэдэгдсээр байсан гэнэ. 10 гаруй хоногийн өмнө Зүүнхараагийн цагдаагийн газраас Б.Бямбадорж гэх залууг малын хулгайд сэжиглэн саатуулснаар дээрх хэргийг үйлдсэн болохоо хүлээжээ. Баруунхараад олон жил амьдарсан, уг гарал нь Төв аймгийн Борнуур сумын харъяат тэрээр хулгайлсан адуугаа Зүүнхараад нядалгаанд оруулдаг байсан юмсанж. Тэрээр мэдүүлгийнхээ үеэр нядалгаанд оруулсан малын зурагнаас хулгайлсан морьдоо заажээ. Уяачид түүний заасан зургийг харахад өөрсдийнх нь морьд байсан байна. Б.Бямбадоржид хурдны хоёр морио алдсан хохирогч А.Цогтсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танайхны хурдан морийг хулгайлсан хүнийг саатуулсан гэсэн. Хохирлоо барагдуулсан уу?
-Цагдаа нар Б.Бямбадоржийг хохирлоо төлөх чадваргүй гэсэн. Тэр одоо гадуур чөлөөтэй явж байгаа. Бид одоо хаанаас, хэнээс хохирлоо барагдуулахаа мэдэхгүй байна. Уяачдын 30 гаруй адууг хулгайлчихаад байхад цагдаа нар “Авах юмгүй хулгайчаас та нар юуг нь авдаг юм. Яахаараа та бүхний алдсан бүх адуу хурдных болчихдог юм. Хурдан морь гэж худлаа баримт бүрдүүлбэл өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн. Гэхдээ Б.Бямбадорж гэгч хэд хэдэн машинтай. Машинаараа ч мал хөөж байсныг харсан малчид бий.
-Та худал баримт бүрдүүлээгүй биз дээ. Морьд чинь ямар уралдаанд давхиж байсан юм?
-Манай адуу аймаг, сумдын наадмуудад хурдалдаг 4-8 насны идэр залуу морьд. Өргөмжлөл медалиуд нь байна. Энэ хэргийг эрт илрүүлэх боломжтой байсан. Бид хулгайчийг зүс мэдээд байсан ч нэрийг нь мэддэггүй. Ямар ч байсан хоёр хүн адуу тууж яваад хаяад зугатсаныг харсан, хулгайчид гэрт нь ороод гарсныг мэдэх хүмүүс байгаа юм. Бид хулгайчдын орсон гарсан айл, харсан хүмүүсийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цагдаа нарт хэлсэн. Тэд цаг зав болохгүй байна, унаа байхгүй гэж шалтагласаар хугацаа алдчихсан. Шуурхай ажилласан бол Б.Бямбадоржийн сүүлчийн хэргүүдийг таслан зогсоож болох байсан.
-Яагаад заавал уралддаг морьдыг хулгайлсан юм бол?
-Орон нутгаас гаргаж өгч байгаа хүнд л өш хонзонгийн сэдэл байв уу гэж хардаж байна. Манай галынхан сүүлийн жилүүдийн наадмууд ноёрхож уралдсан. Сумын наадмын таван түрүү, зургаан айргийг авсан. 30 шагналын 10-ыг нэг галаас авчихаар хүмүүсийн атаархал төрсөн байх. Махлахыг хүссэн бол манай галын 100 гаруй адуун дунд холбоотой тарган сувай гүүнүүд ч байсан.
Малын хулгай орон нутагт, ялангуяа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд сүүлийн жилүүдэд олширчээ. Малчид ихээхэн бухимдалтай байх бөгөөд хэргийн илрүүлэлт удаашрах, хулгайчид ял завшсаар байгааг онцоллоо.
Өнгөрсөн онд Сайхан сумын малчдын 30 орчим адууг хулгайлах үед ойролцоох аймаг сумдын адуу ч олноор алдагджээ. Уяачдын хэлж буйгаар уяж сойх, угшил бий болгох гээд тэднээс багагүй авьяас чадвар, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг байна. Гэтэл олон жилийн хөдөлмөрийг нь нэг л өдөр үгүй хийчихсэн дээрх үйлдэлд Сайхан сумын “Орхоны хурд” галын уяач Л.Орхонбаяр гомдолтой байлаа. Тэрээр ийн ярьсан юм.
Л.Орхонбаяр: МОРЬД ТАРГА АВЧ АМЖААГҮЙ БАЙСАН
-Таны морьдын угшил аль нутгийнх вэ. Ямар зүсмийн морьд байсан юм?
-Хонгор халзан, загал зүсмийн хоёр морио алдлаа. Хонгор халзныг Хэнтийн Хэрлэнбаян-Улаанаас дааганд нь авчирч байсан. Загал морийг эндээс ахаасаа худалдаж авсан юм. Хонгор халзан үрээ өнгөрсөн зун Орхонтуулд гурваар, Орхонд дөрвөөр давхисан. Загал үрээ нь жижиг наадам, өвлийн бооцоот уралдаанд тавьдаг байсан юм.
-Хулгайлсан хүн гадуур чөлөөтэй явж байгаа гэсэн үү. Энэ хэргийг шалгаж байгаа цагдаа нар хойрго хандаж байгаа гэх юм?
-Бид энэ хэргийн талаар байцаалт өгөх, баримт бүрдүүлэх зэргээр Сайхан сумаас Зүүнхараа руу олон удаа явж гарзан дээрээ гарз болж байна. Цагдаа нар тэр хулгайчийг “Ямар ч төлбөр төлөх чадваргүй шүү” гэж хэлэхээс биш бидний төлөө санаа тавьж ажиллахгүй байна. Тиймээс энэ хэргийг Хөтөлд шилжүүлж шалгуулмаар байгаа юм. Манай сум дундын шүүх, прокурор, цагдаагийн тасагтай болохоор наашаа татуулах хүсэлт гаргасан. Энэ хэрэгт зөвхөн Б.Бямбадорж холбогдоод зогсохгүй, түүнийг унаа залгуулж байсан, сумаас гаргаж өгдөг, нутгийн морьдын зүс таньдаг хүмүүс байгаа байх. Энд үргэлжлүүлж шалгавал ядаж тэднийг илрүүлж, дараа дараагийн хулгайн хэргээс малчдаа хамгаалах боломжтой болно.
-Хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж уясан морьдыг хулгайлж аваачаад нядалгаанд өгчихсөнд бухимдаж байгаа байх. Ер нь сүүлийн үед танай нутагт малын хулгай олширсон гэв үү?
-Хурдны адууг өсгөж үржүүлэхэд хэдэн жилийн хөдөлмөр ордог, хэчнээн төгрөгөөр үнэлж авдгийг уяачид сайн мэднэ. Үр удам, угшлыг нь гаргаж авах нь маш их ажил болдог. Хулгайд алдсан адуунууд маань наадмаар уягдчихсан дөнгөж тавигдсан байсан. Наймдугаар сард тарга авч амжаагүй үе шүү дээ. Ийм морьдыг маханд өглөө өчүүхэн үнээр өгч таарна. Бидний өчнөөн хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажлаар ингэж тоглосон, хурдан удмын сайхан морьдоо нядлуулчихсан байсныг харах харамсалтай хэрэг.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: