Парламентад суудалгүй намууд Д.Эрдэнэбатыг 7 хоногийн дотор Монголын иргэдээс уучлал гуйхыг шаардлаа
УИХ-д суудалгүй улс төрийн намууд хамтран мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэе.
УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГТ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар 2014 оны 1 сарын 14-нд улс төрийн намуудыг татан буулгана хэмээн мэдэгдлээ.
Энэхүү бусармаг мэдээлэлийн утга санаа, зорилгыг Үндсэн хууль, Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Нийгэм, улс төрийн эрхийн олон улсын Пактуудын үзэл санаа, тулгуур зарчмуудыг ноцтой зөрчсөн, Монгол улсын иргэн бүр баталгаатай эдлэх ёстой эрхийг үгүйсгэсэн балмад үйлдэл гэж үзэж байна.
Хүнийн эрхийн Түгээмэл тунхаглалд “хүнийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой”, Монгол улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан байгааг эрх баригчид бүдүүлгээр зөрчлөө.
Тиймээс УИХ-д суудалгүй улс төрийн намууд Үндсэн хууль, Монгол улсаас нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциуд, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан дараах мэдэгдэлийг хүргүүлж байна. Үүнд:
1. Та бүхний энэ балмад үйлдэл Үндсэн хуульд заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино”, “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасныг зөрчиж байгааг сануулж,
2. Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн заалтуудыг бүдүүлгээр зөрчихгүй байх, олон намын тогтолцоо, тэгш байдал, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлсийг чандлан хэрэгжүүлэх та бүхний үүргийг сануулж,
3. Эрх баригчдын эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих үүргийнхээ дагуу ардчилсан нийгэмд хэн ч, ямар ч албан тушаалтай байсан хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байх ёсгүйг хатуу сануулж,
ТА БҮХНИЙ БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙНА.
ХУУЛЬ БУС ТЭРХҮҮ МЭДЭГДЛЭЭ ЗАСАН ЗАЛРУУЛЖ, 7 ХОНОГИЙН ДОТОР МОНГОЛЫН ОЛОН НИЙТЭЭС УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДАЖ БАЙНА.
ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАСАН УЛС ТӨРИЙН НАМУУД:
Монголын Ногоон нам
Бүгд найрамдах нам
Иргэний Хөдөлгөөний Нам
Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
Хамаг Монгол Хөдөлмөрийн нам
Эх орончдын нэгдсэн нам
Монгол Консерватив нам
URL: