Ламхай нар шинэ гутлаар гоёно

fec7c5d8d5eba391fed0eb1b0c046282_LУдахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан “Тэнгэрийн тод тамга”, “Үүрдийн Монгол” ТББ хамтран өчигдөр Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд шавилан сууж байгаа 13 хүүхдэд монгол гутал бэлэглэн, буяны үйл хийжээ.

Хүүхдүүдийн амьжиргааны түвшин болон сурлагын байдлыг нь харгалзан уг бэлгийг гардуулав. “Тэнгэрийн тод тамга” ТББ-ын тэргүүн Т.Баттөгс, “Хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийг  эрдэм номдоо шамдан суралцах идэвхийг нь нэмэгдүүлэхээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Бид ирэх модон морин жилдээ нийгэм болон байгальд ээлтэй олон сайн үйлсийг хийх болно” гэв. Бэлэг гардуулах үеэр хүүхдүүд баярлаж байгаагаа илэрхийлж  цаашдаа эрдэм номоо сайн сурна хэмээн хэлж байв.

Уул усаа хайрлан хамгаалах, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг “Тэнгэрийн  тод тамга” ТББ нь өнгөрсөн жил Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн томоохон овоо болон Сэлэнгэ аймаг дахь “Ээж” модыг хадаг яндраас нь салган байгальд ээлтэй үйл ажиллагаа  явуулж байсан юм.

Ж.Болор


URL:

Сэтгэгдэл бичих