Улаанбаатар, Бишрэлт их дэлгүүрүүд “SALE” зарлаж луйвар хийснийг тогтоов
|
||
Сар шинийн баярыг тохиолдуулан дэлгүүр, үзэсгэлэн худалдааны газруудад бараа бүтээгдэхүүний хямдралтай,урамшуулалт худалдаа зохион байгуулж байгаа байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт хийж байгаа юм байна. Тухайбал “Бишрэлт Косметик энд Фейшн” ХХК-ийн “Бишрэлт” их дэлгүүр нь 10-70% хүртэл хямдрал зарлалаа хэмээн зар сурталчилгаа явуулж байгаа боловч тус дэлгүүрийн бэлэн хувцас, үнэртэн, гоо сайхны тасгуудад 10-50%-ийн хямдралтай худалдаа явагдаж байсан.
Мөн “Улаанбаатар” ХХК-ийн “Улаанбаатар” их дэлгүүр нь “Азарган хямдрал” хэмээн 10-80% хүртэл хямдрал зарласаныг шалгаад үзэхэд ихэнх тасгууд 50%-иас дээш хувийн хямдрал байхгүй, хямдарсан барааны хуучин үнэ байхгүй, зөвхөн хямдарсан үнийг бичсэн нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах”, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна.
Мөн В1 давхарт байрлаж буй “Марше” супермаркет нь “Их Хотын №1 супермаркет” гэсэн бичвэр байрлуулсан нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймд дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаагаа таслан зогсоож, гаргасан зөрчлөө энэ сарын 23-ны дотор арилгахыг аж ахуйн нэгжүүдэд сануулсан байна. Түүнчлэн хямдрал нэрийн дор хууль зөрчихгүй байхыг нийт аж ахуй нэгжүүдэд сануулсан байна
URL: