Данхар төрийн тансаг төсөв

Засгийн газар ирэх жил идэх төсвийн төслөө танилцуулж байна. Гишүүдийн тойрогт өгдөг мөнгийг арав дахин өсгөх санаачилга гаргав. Гэвч энэ нь үр дүн авчирсангүй. Сангийн сайдын тооцоогоор бол эрхэм гишүүд тэр их мөнгөний сургаар үг дуугуй гараа өргөх ёстой. Гэтэл их санасан газар есөн шөнө хоосон хонов гэдэг болов. Засгийн газрын анхны өргөн барьсан төслөөр бол ирэх жилийн төсвийн зарлага 3.4 их наяд, орлого 3.2 их наяд төгрөг байхаар тооцсон. Төрийн мөнгөний бодлого тодорхойлогч Монголбанкны үзэж байгаагаар бол тус төслийн орлого, зарлага, алдагдал манай эдийн засгийн бодит багтаамжид нийцнэ. Энэ тохиолдолд инфляцийг Монголбанк нэг оронтой тоонд барьж чадна. Гэтэл Сангийн сайд дахин нэг их наяд төгрөгийг төсөв дээр нэмэх санал гаргажээ. Харин энэ тохиолдолд Монголбанк инфляцийг барих тухай бодохын хэрэггүй болох аж. Байдал ийм байхад Сангийн сайд маань иргэдэд тараах 800 тэрбум төгрөгийг илээр, эрхэм гишүүдэд тараах 760 тэрбумыг нууцаар төсөвт суулгах гэнэ. Тэрээр эрхэм гишүүдэд албан ёсоор нэг тэрбумыг суулгаад, үнэн хэрэгтээ арван тэрбумыг өгнө гэдгээ мэдэгджээ. Гишүүд Сангийн сайдаас арван тэрбумыг өгөх юм бол яагаад төсөвтөө суулгаж өгөөгүйг лавлахад “Олон улсын санхүүгийн байгууллагууд төсвийг ДНБ-ий тодорхой хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шаардлага тавиад байгаа юм. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд ингэхээс өөр арга байхгүй хэмээн” хариулжээ. Сангийн сайдын санал хэрэгжвэл төсвийн хэмжээ ДНБ-ий 40 гаруй хувийг төр захиран зарцуулах эрх эдэлнэ. Энэ их мөнгө төрийн ивээлд багтсан 150 шахам мянган иргэнд илүү хүртэх болно. Төсөв томрохын хэрээр энэ бүлэг иргэдийн хангамж нэмэгдэнэ. Тэтгэвэрт гарахдаа авдаг хангамж, орон сууц, нэг хүүхдийн их, дээд сургуульд суралцах хөнгөлөлт төрийн албан хаагчдад бий. Дээр нь саяхан гаргасан цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрт зөвхөн тэд л хамрагдана. Эндээс монголчуудын бүтээсэн бүхний талыг яагаад хүн амын тавхан хувь нь давуу эрхээр захиран зарцуулах эрх эдэлж байна вэ гэсэн асуулт гарна.

Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын (1990) үед сая, М.Энхсайханы Засгийн газрын үед 360 сая ам.доллар байсан төсөв өнөөдөр дөрвөн тэрбум ам.долларт дөхөж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр төсөв томрох нь зүйн хэрэг боловч, түүний хэрээр амьжиргаа дээшлэх учиртай. Гэтэл Монголд төсөв томрох тусам ядуурал газар авч байна. Эрх баригч намын даргын хэлснээр хүн амын дөч шахам хувь нь ядуу, тав, зургаан хувь нь баян гэнэ. Яагаад нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд тэргүүлэгч монголчуудын 40 хувь нь ядуу байна гэсэн асуулт гарна. Хэргийн учир монголчуудын хийсэн бүтээсэн бүхний тал шахам хувийг төр өөртөө төвлөрүүлээд зогсохгүй, түүнийгээ хийж бүтээхийн төлөө байгаа иргэдийнхээ эсрэг ашиглаж байгаад гэнэ. Өнөөдөр багахан компанийн ашгаас төрийн байгууллагын үйлчлэгч илүү орлоготой байх магадлал өндөр. Энэ бүхэн нь компаниудыг боловсон хүчний хувьд туйлдуулаад зогсохгүй, эдийн засгийн хувьд ч ашиггүй болгоно. Насанд хүрсэн иргэдийн арав хүрэхгүй хувь нь үлдсэн 90 хувийнхаа хийсэн бүтээсэн бүхний талыг зусалж байна. Мөрөөрөө зуслахгүй хийх бүтээх бүрт саад тотгор учруулна. Төрөөс баталсан ажлын байрны доод цалин 108 мянган төгрөг. Харин намуудын амласан нийт мөнгө 23 сарын цалинтай тэнцэнэ. Намууд зүгээр суухад 23 сарын цалин өгөх гээд байхад илжиг ч ажил хийж өөрийгөө тамлахгүй. Эрхэм намууд эх орон, ард түмнийхээ төлөө зүрхээ шархлуулдаг боловч төсвийнхөө ихэнхийг өөрсдөдөө наахаа мэднэ. Төрд эхний ээлжинд намын гишүүдээ төрийн албанд шургуулна. Эх орныхоо төлөө зүтгэхдээ авсан суудлынхаа тоогоор намдаа мөнгө хуваарилна. Сонгогдсон тойрогтоо арван тэрбумыг амсуулна. Элдэв хөтөлбөр сэтгэж түүнийгээ санхүүжүүлнэ. Үлдсэн жаахныг хайртай ард түмэндээ зарцуулна. Өдөр ирэх тусам төр данхайж, төсөв нэмэгдэж байна. Тэр хэрээр ядуусын арми хүрээгээ тэлж, авлига нэмэгдэж байна. Ядуу монголчууд данхар төрийн тансаг төсвийг бүрдүүлэх гэж зүдэрч байна.

Х.Баттөгс


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих