Наадмаар 300 шинэ такси үйлчилгээнд гаргана

Манай улсад такси үйлчилгээ явуулахаар бүртгүүлсэн 70 гаруй компани байдгаас 10 гаруй нь байнгын үйлчилгээ эрхэлдэг. Шинэ зуунд амьдарч, аж төрж буй сая гаруй хүн амтай хотод цаг үе, орчин нөхцөлтэйгээ уялдуулаад тухтай, тохилог унаагаар үйлчлүүлэх хэрэгцээ, шаардлага бий. “Улаанбаатар такси тээврийн үйлчилгээ” компани БНСУ-д үйлдвэрлээд сар гаруй болж буй шинэ загварын “Hyundai Elantra” маркийн автомашинаар иргэдэд үйлчлэхээр хоёр сарын өмнө Сүхбаатарын талбайд сүртэй нээлт хийсэн. Гэтэл өнөөх таксинууд нь Улаанбаатарын гудамжинд харагдсангүй. Энэ талаар “Улаанбаатар такси тээврийн үйлчилгээ” компанийн маркетингийн менежер Б.Шийтэрчулуунаас тодрууллаа.

“Өнгөрсөн оны арваннэг дүгээр сард үйлдвэрээс гарсан 1200 таксийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон. Эхний ээлжинд 400 такси оруулж ирсэн. Үү нээс 10-ыг үйлчилгээнд гаргаад байна. Наадмаар 300 такси гаргахаар жолооч нарыг сонгон шалгаруулалтад оруулж байгаа. Гурван жилийн хугацаатай, долоо хоногийн зургаан өдөр 24 цагаар эдгээр таксийг түрээслүүлнэ. Үүний дараа түрээсэлсэн тухайн хүний хувийн өмч болгон шилжүүлэх юм. Олон хүн бүртгүүлж байгаа. Монголд анх удаа “Taxi control system”-ийг нэвтрүүлж байна. Энэ нь GPS болон төлбөр тооцооны нэгдсэн системээс бүрддэг.

Энэ таксигаар үйлчлүүлэхэд хэн гэдэг жолооч, ямар хугацаанд хэдэн км явсан нь тооцооны хуудас дээр автоматаар гарна. Өмнө нь үйлчлүүлэгч таксигаар зорчоод ямар нэгэн байдлаар хохирсон тохиолдолд хохирлоо барагдуулах боломжгүй байсан. Харин одоо ийм системд шилжсэнээр гарч болох эрсдэлээс сэргийлэхээс гадна бүх зүйл ил тод болно. Нөгөөтэйгүүр таксины жолооч нарын аюулг үй байдлыг энэхүү систем хангах юм” гэв.

Х.ПАГМАСҮРЭН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих