УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар намчирхалгүй бодит ажил хийх хэрэгтэй, харин Р.Амаржаргал дуугарч баймаар байна
Энэ удаагийн “Next 76” булан Ховд аймгаас үргэлжилж байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Бямбацогт нарын сонгогчдын санал бодлыг сонслоо.
Ховд аймгийн иргэн Б.Тулга
-Р.Амаржаргал гишүүн тойрогтоо бага ирдэг. Ер нь тааруухан ажиллаад байх шиг санагддаг. С.Бябацогт, Д.Дэмбэрэл хоёр тойрогт ирээд уулзалт хийгээд явдаг. Тэр хоёрыг шүүмжилж хэлэх юм алга.
Ховд аймгийн иргэн О.Отгон
-Манай аймгаас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын С.Бямбацогт, Р.Амаржаргал нар сонгогдсон. Юу хийгээд байгаа нь харагдахгүй л юм байна. Хааяа уулзалт зөвлөгөөн хийж л байдаг. Уулзалт зөвлөгөөн хийж болно. Харин иргэдэд хэрэгтэй юм хиймээр байна.
Ховд аймгийн Дуут сумын иргэн Н.Содномжамц
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, С.Баямбацогт нар аймгийн төвийн эмнэлэг, сургуульд засвар хийсэн. Бас тойргийнхоо иргэдтэй уулздаг. Харин Р.Амаржаргал ерөөсөө уулзаж байгаагүй, юу хийснийг нь ч санахгүй байна. Гэхдээ манай тойргоос сонгогдсон гурван гишүүний аль нь ч малчдадаа хүрч ажиллахгүй байгаа.
Ховд аймгийн Буянт сумын иргэн П.Элбэгдорж
-Манай тойргоос сонгогдсон иргэд боломжийнхоо хэрээр ажиллаж байна гэж дүгнэдэг. Энэ хүмүүсийг сонгогдсоноос хойш төсөв нэмэгдэж ирсэн. Бас жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байгаа. Гагцхүү хувь хүмүүс сайн ажиллах хэрэгтэй байна. Хувь хүмүүс санаачлагатай сайн ажиллах юм бол аймгаас сонгогдсон гишүүд боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа гэж хэлье.
Ховд аймгийн Чандмань сумын иргэн Ц.Байгальмаа
-Р.Амаржаргал гишүүн манай суманд бизнес төв байгуулж өгсөн. Энэ төвд сумын ажилгүй олон иргэд ажил, орлоготой боллоо. Энэ бол нүдэнд харагдах, гарт баригдах ажил. Харин УИХ-н дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг сайн ажиллаж байна гэж хэлэхгүй. Тэд гарт баригдах зүйл хийхгүй байна. Түүнчлэн манай сумаар орж бидэнтэй уулзаж байгаагүй. Тэдэнд хэлэхэд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үйлс бүтээж ажиллах хэрэгтэй байгааг дуулгамаар байна.
Ховд аймгийн Булган сумын иргэн Д.Авирмэд
-Манай аймгаас Р.Амаржаргал АН-аас сонгогдсон байгаа. Тэрбээр хийх ажлаа хийж байгаа. Харин Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар МАН-аас сонгогдсон. Энэ хоёр ч гэсэн ажил хийж байна. Тухайлбал, Буянт суманд сурагчдын дотуур байр, Дарви суманд ерөнхий боловсролын сургууль барьж өгч байгаа гэж дуулсан. Хөдөө нутагт сурагчдын дотуур байр, сургууль барина гэдэг иргэдэд тустай ажил. Гэхдээ дээрх гишүүд хэтэрхий намчирхаад байна. С.Бямбацогт, Д.Дэмбэрэл хоёрт илүү ажиглагддаг. Энэ байдлаа больж, сонгогч түмнийхөө төлөө ажиллаасай гэж хүсч байна.
Ховд аймгийн Мөст сумын иргэн Б.Батзул
-Манай аймгаас сонгогдсон гишүүдийн аль аль нь санаанд хүртэл ажиллахгүй байна. Сонгуулиар олон зүйл амласан. МАН-ынхан ялалт байгуулбал иргэн бүрд бэлнээр 1.500 мянган төгрөг өгнө гэсэн. Мөн мянганы босоо тэнхлэгийн замтай орон нутгийн замыг холбож өгнө. Түүнчлэн татварыг багасгана гэсэн аль аль нь одоог болтол хэрэгжээгүй. Өөр хэлэх юм алга.
Хов аймгийн иргэн Н.Шаарав
-Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар тойргийнхоо иргэдтэй ирж уулзалт хийгээд явдаг. Өөр хэлэх юм алга. Харин Р.Амаржаргал гишүүн бодит ажил хийдэг юм билээ. Гэхдээ жаахан дуугарч баймаар байна. Уг нь бидний дуу хоолой болно гэж УИХ-д сонгогдсон шүү дээ.
URL: