Өөрсдөө нефтээ боловсруулах цаг болсон юм биш үү
Одоо байгаа нефтийн нөөц 2020-2030 онд дуусна гэсэн статистик бий. Тэгэхээр нефтийн нөөцтэй улс орнуудын хувьд экспортдоо хориг тавих нь байх л ёстой алхам. Энэ тохиолдолд бидний хийх ёстой алхам бол бусдад найдахгүй, өөрсдийнхөө хүч бололцоог 100 хувь ашиглах-
Газрын тосны салбарт боловсруулах үйлдвэр олноор барих ажлыг эрчимтэй эхлүүлэх цаг ирснийг өнгөрсөн өдрүүд баталлаа. Уул уурхайн ханган нийлүүлэлт зогсох тал руугаа орж, хөдөө аж ахуйн салбарынхан сандралдаж эхэллээ. Нийтийн тээврийнхэн ч үнээ нэмнэ гэж Засгийн газрыг айлгаад эхлэв. ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг бүрэн зогсоочихвол яах вэ. Амьдрал хэрхэн өрнөхийг, нийгэм яаж бужигнахыг төсөөлөхгүй байна. Төсөөлөхөөс ч айж байна. Энэ үед нэг л зүйл бодогдож байна. Нефть боловсруулах үйлдвэр барих боломжтой, боломжгүй гэх яриа хэчнээн олон жил хөвөрч байгаа билээ. Шийдвэр гаргах түвшнийхэн яагаад ч юм энэ санааг онцгойлж сонсдоггүй. Үйлдвэр бариад манайд ашиггүй гэх үг л унагадаг. Бас зардал нь өндөр гарна гэсэн мөнхийн шалтгаан бий. Гэхдээ мэргэжлийнхэн, энэ салбарын гал тогоонд чанагдаж байгаа хэсэг өөр үг хэлдэг. Төрд дарамт болохгүйгээр үйлдвэр байгуулаад ажиллаад явах бүрэн бололцоотой гэсэн байр суурь илэрхийлдэг.
ОХУ хааж боогоод байгаадаа ч биш дэлхий нийтээрээ нефтийн хомсдлоос айж байгаа. Одоо байгаа нефтийн нөөц 2020-2030 онд дуусна гэсэн статистик бий. Тэгэхээр нефтийн нөөцтэй улс орнуудын хувьд экспортдоо хориг тавих нь байх л ёстой алхам. Энэ тохиолдолд бидний хийх ёстой алхам бол бусдад найдахгүй, өөрсдийнхөө хүч бололцоог 100 хувь ашиглах.
Эхний ээлжинд боловсруулах үйлдвэрлэлдээ төрөөс бодлого гаргаж анхаарах учиртай. Ашигтай байх эсэх нь тийм ч чухал асуудал биш. Үйлдвэр байгууллаа гээд ашиг олохгүй алдагдал хүлээж болно. Гэхдээ бусад салбараасаа тэр ашгийг нөхөөд олчих боломж хангалттай байгаа. Жишээ нь уул уурхай байна. Хэрвээ дизель түлшний нийлүүлэлт зогсвол энэ салбарын ажил эрчтэй өрнөхгүй.
Өнөөдөр нефтээ өдөр шөнөгүй урд хөрш рүү зөөлгөж байгаа нь зөв бодлого мөн үү. Шууд толгой дохиход хэцүү асуудал. Бид яагаад байгаа нөөцөө ашиглаж, дотоодынхоо асуудлыг зохицуулж чадахгүй гэж. Тамсагийн сав газарт 119.2 сая тн нөөц байгаа нь тогтоогдсон. Хайгуулын ажлыг эрчимжүүлвэл дахиад ч нөөц илрэх боломжтой. Анхны Ерөнхийлөгч дээлээ газрын тосоор мялааж байсан тэр үеэс л боловсруулах үйлдвэрийн асуудлаа цэгцтэйгээр ярьж эхэлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байсан.
“ХЭТ” компани Дорнодын Чойбалсанд нефть боловсруулах үйлдвэр байгуулах бүх бэлтгэлээ базааж, ТЭЗҮ-ээ бэлдчихсэн гэх наад захын баримт, жилд 120 мянган тонн нефть боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр байгуулахад 50 сая ам.доллар хангалттай хүрэлцэнэ гэсэн судлаачдын үг, нүүрсний их нөөц, нүүрснээс шингэн түлш гаргах технологийн ололт гээд нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас горьдонгуй хүлээдэг байдлаас гарах олон жишээ бий. Боломжгүйгээс боломжийг ургуулж хөгжсөн улс орнууд бий. Тэгвэл боломжоос боломж ургуулж хөгжихөд асуудал байна гэж үү. Өрөөлийг царайчлалгүй, өөрсдөө нефтиэ боловсруулах цаг болсон юм биш үү, Ерөнхий сайд аа.
URL: