Нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байна
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд гаргасан актуудын дагуу Ухаа худаг, Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэхийг түр зогсоосон билээ.
Тус газрын байцаагч дээрх замыг засаж сайжруулах шаардлага тавьсан нь хүнд даацын машинуудын экологид учруулж буй хохирлыг багасгахын тулд хийсэн зөв шийдвэр хэмээн орон нутгийн иргэд таатай хүлээн авсан юм. Зам хаасан үед “Энержи ресурс” ХХК-ийн хүсэлт болон МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас нүүрсний замд шалгалт хийгээд энэ сарын 13-нд байцаагчид 43/291/92 тоот акт гаргаж, нүүрс тээвэрлэхийг сэргээсэн. Ингэж сэргээснээс хойш ердөө хоёрхон хоногийн дараа дээрх замд ноцтой осол гарч, хоёр хүн нас барж, нэг хүн хүнд гэмтэж, нэг машин шатсан тухай бид мэдээлсэн.
Өмнөговь аймгийн хууль хяналтын байгууллагаас дээрх ослын шалтгаан нөхцлийг саяхан тогтоожээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд жолооч нар хурд хэтрүүлснээс осол гарсан гэж шинжээчид урьдчилсан дүгнэлт гараад байгаа юм байна. Улмаар аймгийн прокурорын газраас нүүрс тээврийг сэргээсэн нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн хэлтэстээ даалгавар өгсөн байна.
Уг замыг нээхийн тулд дахин шалгалт хийсэн байцаагч нарт хээл хахууль өгсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа тул ийн шалгуулахаар болжээ.
Н.Мөрөн
URL: