Шүүх эмнэлэг хүүхдийг буруу оношилсон гэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хойд эцэгтээ хүчиндүүлсэн охины эрхийг хамгаалхаар зорьж буй ХБНГУ-ын Элчин сайдын яамны захиргааны хэлтсийн ажилтан Патрик Кройц болон “Бие даасан хөгжил” ТББ өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд охины нэр дээрх дансанд төвлөрсөн хандивын мөнгийг хэрхэн зарцуулах талаар мэдээлэл хийлээ. Одоогоос гурван жилийн өмнө найман настай байхдаа хойд эцэг болох Б-д хүчиндүүлж хохирсон 12 настай Д-д туслахаар дээрх байгуулага рок, попын дуучидтай хамтран хандивын тоглолт хийсэн аж.
Хандивын тоглолтоор 8.6 сая төгрөг олсон байна. Тэдний мэдээлж буйгаар цугласан мөнгөнөөс юун түрүүнд орон гэргүй, түрээсийн байранд ээж, хоёр ахын хамт хүнд нөхцөлд амьдарч байгаа охинд гэр хашаа авч өгөх юм байна. Мөн охиныг сэтгэлзүйн эмчилгээнд хамруулах аж. Патрик Кройц “Монгол Улсын хүүхдийн төлөө үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагаа тааруу байгаад харамсч байна. Хохирогч охины ээж холбогдох байгууллагуудаас удаа дараа тусламж гуйж байсан ч түүнд туслаагүй. Мөн биднийг хандивын тоглолт зохион байгуулхад хүүхдийн эрхийг хамгаалах газруудаас “Хамаагүй ийм үйл ажиллагаа зохиож болохгүй” гээд дургүйцэж байсан.
Түүнчлэн хүүхдийг өмгөөлөх тусгай өмгөөлөгч байдаггүй. Мөн өнгөрсөн сард Өвөрхангай аймагт болсон шүүх хурлын шийдвэрээр хариуцагч талд “Бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан” гэж үзэн 10 жил хорих ял оноосон. Энэ шийдвэрийг шүүх эмнэлгийн дүгнэлтийг харгалзан гаргасан. Шүүх эмнэлгээс охиныг хүчиндүүлээгүй байна гэсэн хариу өгсөн юм.
Харин бид хэд хэдэн улсын эмнэлэгт очиж охиныг үзүүлэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг нотолж байсан. Үзлэгийн буруу дүгнэлтээс болоод хэрэгтэн 25 жилийн ялаас мултарч 10 жил авсан” гэж бухимдуу хэлсэн юм.
Харин “Бие даасан хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Нямсүрэн “Хохирсон Д охин нутагтаа байгаа. Одоо тавдугаар ангид сурдаг. Тэрбээр математикийн хичээлдээ их сайн. Олимпиадад байнга оролцдог. Их олон медальтай. Хичээл нь тарахаар Нийслэлд авчирч англи хэл, математикийн дамжаанд суралцуулна. Мөн олон улсын “Найрамдал” зусланд амраахаар төлөвлөж байгаа” гэв.
Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тохиолдуулан охиныг ээжийнх нь хамт өнөөдөр баярлуулах аж. Дашрамд дурьдахад, Патрик Кройц ийм төрлийн гэмт халдлагад өртсөн бага насны хүүдүүдэд цаашид туслах болно гэдгээ мэдэгдсэн.
Л.Алтахишиг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: