“Цалингийн зээл хуурамчаар олгох явдал ихэслээ”

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан, ахлах дэслэгч Д.Мөнххуягтай ярилцлаа.

-Сүүлийн үед эдийн засагч нар залилангийн хэрэг их үйлдэх болсон?
-Салбар тооцооны эдийн засагч, салбарын эрхлэгч нар албан тушаалаа урвуулан ашиглах нь элбэг. Тэдний үйлддэг хэрэг нь ихэвчлэн цалингийн зээл хуурамчаар олгох явдал. Энэ нь юу вэ гэхээр ямар нэгэн компанийн нягтлантай хуйвалдаад өөрийнхөө компанид ажилладаггүй хүмүүсийг ажилладаг хэмээн тодорхойлж, нийгмийн даатгалын дэвтэр хуурамчаар үйлдэн цалингийн зээл олгоно. Хэдийгээр зээл нь хэвийн явагддаг ч хуурамч бичиг баримтаар зээл аваад байгаа юм. Ер нь банкны дунд шатны албан тушаалтнууд гэмт хэрэг их үйлддэг.

-Иргэд бэлэн мөнгөний машин буюу АТМ-ийг мөнгө завшдаг хэмээн их ярьдаг?

-Мөнгө завшдаг хэмээн ойлгож болохгүй л дээ. Бэлэн мөнгөний машин дээд талдаа компьютертэй, доороо сейфтэй. Сейфэн дотор мөнгийг дэвсгэрлээд кассетлэчихсэн байдаг. Үүнийг хүлээн авч сольдог ажилчид бий. Хүмүүс гүйлгээ хийхдээ алдаа гаргахаар кассетнаас гарсан мөнгө хаягдлын сав руу унадаг. Харин тэр мөнгийг нь ажил хариуцсан хүмүүс авчихдаг тохиолдол гардаг.

-Банкаар үйлчлүүлээд баримтаа хаядаг. Үүнийг ашиглаж гэмт хэрэг үйлдэх тохиолдол байх уу?

-Хийгдээд дууссан ажлын үлдэх хувь учраас түүнийг ашиглаад гэмт хэрэг үйлдэнэ гэж байхгүй. Харин хуурамч төлбөрийн даалгавраар гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна. Байгууллагын төлбөр тооцоо хийгээд хаясан баримтын гарын үсэг, таних тэмдгийг ашиглан мөнгө шилжүүлж авсан хэрэг 2009 онд бараг бүх банкинд гарсан.

-Цагдаагийн байгууллагаас иргэдийг “Нигерийн залилан”-гаас сэрэмжлүүлэхийг анхааруулж байсан. “Нигерийн залилан”гийн талаар тайлбарлахгүй юу?

-”Нигерийн залилан” иргэдийг хууран мэхэлж, мөнгө шилжүүлэн авах нэг арга. Оргинал гар утас болон майл хаягт “Баяр хүргэе. Та нэг сая, таван сая төгрөг хожлоо” гэх мессеж илгээдэг. Энэ мессежийг хүлээн авсан иргэдтэй харьцаж, оршин суух хаяг, ажлын байр, нэр утас, мөн бусад дансны мэдээллийг нь мэдэж авдаг. Тэгээд тэр хүнтэй холбоо тогтоож, та сая төгрөгөө авахын тулд эхлээд шимтгэлийн хураамж болох 10-20 мянган доллар төлчих. Хэрвээ шимтгэлийн мөнгийг төлвөл танд сая ам.доллар ирнэ гэж хэлээд 20 мянган ам.долларын чек явуулдаг. Чек хүлээн авсан иргэд сая доллар авах хүсэлдээ хөтлөгдөөд 20 мянган ам.долларын чекийг банкаар солиулдаг. Ингээд гэмт хэргийн хохирогч болдог.

Мөн энэ асуудалд банк хариуцлагагүй ханддаг. Чекээ танихгүй, лавлан шалгадаггүй. Гэхдээ харилцагчаа удаан хүлээлгэхгүй, түргэн шуурхай үйлчлэхтэй нь холбоотой байдаг байх. Мессежийг нь л хүлээгээд авчихвал “та мөнгөө солиулж байна уу, тэр данс руу хийчих” гээд байн байн залгаад байдаг. Тэгээд данс руу нь мөнгөө шилжүүлэхээр өөр данс руу шилжүүлээд улс дамнасан байдаг. Үүнийг интерполоор шалгахад  хүндрэлтэй. Нэг бичиг явуулахад хоёр, гурван сарын дараа хариу нь ирэх ч юм уу асуудалтай байдаг. “Нигерийн залилан” гадны хөгжилтэй улсаас эхлэлтэй. Харин Хонконгоос манай улс руу хандаад байгаа юм.

-Манай оронд хэзээнээс орж ирсэн юм бэ?

-Өнгөрсөн оноос гарсан. Иргэдийг ерөөсөө гар утасны серээр нь л олзолдог. Европын орнуудад гар утасны сер дугаар үйлдвэрлэгдсэн бүх дугаар бүртгэлтэй байдаг. Тэр бүртгэлийн дугаараар манай улс руу гарсан гар утасны хүрээллээр иргэд рүү мессеж явуулаад байдаг юм болов уу гэж таамаглаад байна.

-Банкны ажилчид хариуцлагагүй ханддаг гэж хэллээ. Энэ талаар тодруулбал?

-Энэ нь банкны үйл ажиллагаатай шууд холбоотой. Чекийг дотооддоо түргэн шуурхай шалгалаа гэхэд гаднаас ирсэн чекийг гадаад улстай харилцаж байж шалгуулна. Тэгэхээр зарцуулах хугацаа нь урт болчихно. Тиймээс харилцагчдаа хүндрэл учруулахгүй улмаас чекийг шууд хүлээгээд авдаг. Тэгээд дараа нь шалгахаар хуурамч байдаг юм. Ер нь жижиг банкуудад чек сольдоггүй. Гадаад харилцаа сайтай томоохон банк л чек сольдог. Хэдийгээр цөөхөн газар сольж байгаа ч хохирогч байна. Өнгөрсөн жил энэ төрлийн хэрэг гайгүй байсан боловч энэ жил ахиад нэмэгдэх хандлагатай байгаа. Ажилдаа гаршсан ажилчид хуурамч чекийг таньж чаддаг.

-Ер нь эдийн засгийн гэмт хэрэг маш олон хэлбэрээр илэрдэг. Гадаад явуулна мөнгөө дансанд байрлуулчих гээд хуурамч бичиг баримт ашиглан интернэтээр авах тохиолдол байдаг?

-Интернэттэй банкны үйлчилгээ гэж байдаг. Энэ нь Мобайл банкны үйлчилгээг ашиглаж хийгддэг гэмт хэрэг. Хаягдсан, гээгдсэн, хуурамч үнэмлэхээр данс нээлгэчихдэг. Тэгээд гадаад явуулах зарын дагуу ирсэн хүмүүстэй уулзаж, тав орчим мянган доллар дундын дансандаа байрлуулдаг. Байрлуулсан мөнгийг хуурамч, хаягдаж, гээгдсэн үнэмлэхний дансандаа хийлгэнэ. Энэ дансандаа давхар интернэт банкны эрх нээлгэчихдэг. Тэгээд орж ирсэн мөнгийг интернэт банк руу биеэрээ очихгүйгээр гүйлгээ хийгээд өөрийнхөө ч юм уу бас дахин өөр данс руугаа хийлгүүлдэг. Ингээд хоёр, гурав дамжсан гүйлгээ тодорхой эзэнгүй болоод эзэн нь олдохгүй байх тохиолдол их.

-2009 онд картын хэрэг их гарч байсан гэж яригдаад байсан. Энэ хэргийн талаар тайлбарлахгүй юу?

-Дэлхийд хакеруудын сайт гэж байдаг. Хулгайлсан мэдээллээ сайтдаа тавиад хоорондоо өрсөлддөг. Мөн өөр хүмүүст худалдаж, гэмт хэрэгт ашигладаг. Германд сурч байсан залуучууд сайтаас трак /багц мэдээлэл/ худалдаж аваад, өөр газрын хакеруудад өгч тайлуулаад картандаа мэдээллээ суулгачихсан байсан. Тэгээд Олон улсын картаар үйлчилдэг газруудаар үйлчлүүлээд 20 хэдэн сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Ер нь энэ төрлийн гэмт хэрэг Европын улс оронд маш их үйлддэгдэг. Манай улсад эхнийх нь ороод ирсэн байгаа. Дахиад гарахгүй байх гэсэн үндэслэл байхгүй.

Б.Батчимэг

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих