“ФОРТУНА” Н.БАТБАЯР ГААНГ ШҮҮ

Бямба гаригийн өглөө ТВ-5 телевизээр ёстой гоё  нэвтрүүлэг үзлээ.  Юуны өмнө тийм сайхан нэвтрүүлэг хийж  буй   “ ТВ-5”-ынхандаа баярлах хэрэгтэй.  Бямба гараг болгонд гарах гэнэ. Үзээрэй, хүмүүс ээ. Үнэхээр гаанг шүү.

Суваг солитол Чингис хаан академийн ерөнхийлөгч Р.Давааням гуай ярьж байна. Дэлхийн 300 гаруй улсын 120 гаруй хаан, гүн, хунтайж нар хэлэлцэж  тохироод  манай УИХ-ын гурван гишүүнийг  “Чингис хааны морьтон баатар” гэдэг одонгоор шагнажээ. УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр, Ш.Сайхансамбуу, С.Эрдэнэ нар  энэ удаа тийнхүү энгэр цоолов.   Тэр одон нь Чингис хааны хүлэг баатар Боорчийн нэрэмжит шагнал юм байна.  Тухайн  шагналыг  Чингис хаан амьддаа өгч амжаагүй гэнэ. Тэгээд өдгөө  830 гаруй жилийн дараа ийнхүү  дэлхий нийтээрээ ярьж,  шүүж нэлээд өрсөлдөөн дундаас  манай гурвыг  шалгаруулсан   нь тэр гэнэ.  Р.Давааням гуай хэлэхдээ “Одоо ингээд та гурав дэлхийд данстай боллоо. Мөн Чингис хааны морьтон баатар боллоо.  Энэхүү шагналыг би өгчихөж байгаа юм биш шүү.  Энэ шалгаруулалтад “Forbes ” сэтгүүл ч бас оролцсон.

Тэгээд дэлхийн 300 гаруй улсын 120 гаруй хаан, гүн, хунтайж нар хүлээн зөвшөөрч саналаа өглөө.  Та гуравтаа амжилт хүсье.  Төр засаг төр барьж чадахгүй байгаа энэ цаг үед та гурав Чингисийн төр барих онолоор төрөө жолоодож яваарай” гэлээ. За ямар ч байсан ингээд гурван гишүүн маань дэлхийн мундаг шагналыг хүлээн авч энгэртээ зүүчихлээ.  Р.Давааням гуай худлаа хэлэхгүй. Учир нь тэр  өөрөө Чингис хааны ач хүү бөгөөд хунтайж хэргэмтэй хүн. Тэгэхээр мэдэж  л байгаа. Өнгөрсөн жилийн нэг өдөр  мань хүн “Өнөөдөр” сонины  мэдээллийн   танхимд хэвлэлийн бага хурал зарласан байсан юм.  Сонины тэргүүн нүүрэнд  “Чингис хааны ач хүү, хунтайж Давааням Ромын эзэнт гүрний элчийг хүлээн авч уулзсан талаараа мэдээлэл хийнэ   ” гэсэн зар гаргасан  байлаа.   Удам судраа мэддэг байна гэдэг ийм сайхан. Алтан ургийн хунтайж хүн бидний дунд амьдраад дэлхийн олон хаан, гүн нартай уулзаж учраад саналыг нь аваад  манай парламентаас шагналд тодорхойлж олгож байна гэдэг зүгээргүй хэрэг шүү.

Гэхдээ нөгөө Ромын эзэнт гүрэн нь аль хэдийнэ мөхсөн байхад элчээ энэ зууны Монголын Давааням гуай руу явуулсан байсанд жаахан гайхсан л даа. Гэхдээ суут хүмүүсийн нүд, чихэнд юу ч харагдаж,  юу ч сонсогдож болох юм шүү.  Тэдэнтэй маргаж юугаа хийнэ.  За тэгээд, дэлхийн хаана ч байхгүй шагнал хүртсэн манай гурав сэтгэгдлээ хэлэв. Ш.Сайхансамбуу гишүүн  хэлж байна аа. “Ер нь бид чинь Чингис хааныхаа төр барьж байсан  онолыг мэдэхгүй байна. Энэ бол туйлын ичгүүртэй зүйл. Монголын нууц  товчоог уншаад л байдаг,  уншаад л байдаг юу ч ойлгодоггүй. (Хөөрхий, үнэнээ хэлэв бололтой ) Давааням гуай та л энэ бүх зүйлийг бидэнд зааж зурж өг. Тэгээд сайхан ном болгоод гарга. Түүгээр чинь л явъя, ерөөсөө. Тэгээд ийм том шагнал авч байгаадаа сэтгэл их өндөр байна. Энэ парламентад юмыг байгаагаар нь хэлчихдэг, юу ч бодож санадаггүй (дахиад л үнэнээ хэллээ дээ ) хэдхэн хүн байдаг. Тэдний төлөөлөл болсон бид гуравт энэ дэлхийн хэмжээний шагналыг өгсөнд баярлалаа” гэв. С.Эрдэнэ, Н.Батбаяр нар зөвшөөрсөн янзтай инээмсэглэн толгойгоо дохиж байна.

Давааням гуай ч уярсан бололтой “Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав. Би сайхан зааж зураад өгье. Чингис хаанаа хэрхэн төр барьж байсан тухай мэдэх нь зөв шүү ” гэлээ.   За дараагаар нь С.Эрдэнэ үг хэллээ. Бас л нэр хүндтэй шагнал авч байгаадаа их баярлаж байна гэнэ ээ. Тэгээд “Чингис хаан чинь ер нь хаан хүн шиг бүхнийг өөрийнхөөрөө шийдэж байгаагүй юм шүү. Одоо манай энэ парламенттай их төстэй. Есөн өрлөгтэйгөө хэлэлцэнэ.  Дараа нь  Их хуралдайгаа хуралдуулна. Тэгж байж шийддэг. Түүнээс л одооны энэ парламентын тогтолцоо үүссэн байж болох юм” гэж байна.  Тэгэхээр Чингис хаан маань парламентын дарга байжээ. Одоогийн энэ Дэмбэрэл дарга шиг гэсэн үг шүү дээ. Ойлгоход ч  хялбар  ийм сайхан ярьж байгаа юм.  С.Эрдэнийн дараагаар УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр юм  хэллээ.    “Чингис хаан ямар нэг шийдвэр гаргахдаа   эхлээд  есөн  өрлөгөөсөө байнга асуудаг байсан. Тэгж байж эцсийн  зөв  гарцыг олдог   байсан юм. Төр засаг нь хуйвалдаж ард түмний өмчийг, бас  газар шороогоо худалдаж байгаа энэ үед  бид Чингис хаанаасаа их зүйлийг сурах хэрэгтэй юм. ” гээд цааш нь  олон юм  ярьсан.  Хамгийн гол нь Чингис хааныг 830 гаруй жилийн өмнө аливаа зарлиг шийдвэрээ хэрхэн гаргаж байсныг нь  мань хүн яг хажууд нь сууж байсан юм шиг  мэдэж байсан. Тэгдэг байсан,  ингэдэг байсан гээд ярьж байна билээ.  тэр бас мэдэж л байгаа биз.   “Фортуна” үнэхээр гаанг  шүү. Үсээ  ургуулсан байсан.    Чингис хаан  тийм  загвар сонирхдог ч  байсан ч юм бил үү.  Ач хүү нь юм чинь хунтайж  Давааням гуай мэдэж байгаа. Түүнээс нэг асууна аа.    Тэгсэн Давааням гуай  хажуудаа сууж байсан Зундуйн Дорж гуайг танилцууллаа. Тэр хүнийг танилцуулах хэрэггүй л дээ, монголчууд андахгүй. “Хил, хэл, мал гурваасаа салвал хэн эмгэнэлтэй, Монгол эмгэнэлтэй ” гэж хэзээ ч мартахааргүй хэлсэн З.Дорж шүү дээ.

Анзаарвал тэр нэвтрүүлгийг З.Дорж гуай хөтөлдөг бололтой. Гэтэл өнөөх “Фортуна” Н.Батбаяр “Хил хэл гэдэг үгийг авиазүйн хувьд  ялгаж хэлдэг улс дэлхий дээр байхгүй. Манай Дорж гуай хэлсэн дээ. ” гэхэд Давааням гуай өлгөж аваад  “Тэгээд л дэлхийд данстай болсон хүн шүү дээ” гэж бахарахлаа.  Бас  тэр нэвтрүүлэгт  “Содмонгол” группийг төлөөлж ирсэн нэгэн эмэгтэй үг хэлсэн. Юу хэлснийг нь тогтоож аваагүй миний буруу. Гэхдээ тэр  “ За хунтайж Давааням гуайгаас “Чингис хааны морьтон баатар” цол авсан парламентын гурван гишүүндээ юуны өмнө баяр хүргэж байна аа” гэхэд өнөө гурав маань ихэмсэгээр толгойгоо дохилзуулан намбалзав.    Үнэхээр гоё  нэвтрүүлэг. УИХ-ын гурван гишүүнийг холбож авчраад дэлхийн хэмжээний шагналыг гардуулсан  хунтайж Давааням  гуай   гаанг байсан. Тэр шагналыг нь аваад үгээр хэлэхийн аргагүй баясаж байгаа гурван гишүүн бас гаанг шүү.  Бас нэг гайхалтай хүнийг энд дурдахгүй өнгөрч боломгүй. Маш олон хэл мэддэг,  “Ард түмний гавъяат” Арго багш. Байсхийгээд л ном гаргана.

Түүнийхээ тухай телевизээр ярина. Хэвлэлийн бага хурал маягийн юм хийнэ. Нэг ч сурвалжлагч тэрэнд нь суухгүй. Харин тэрбээр танхимд зоож орхисон камер руу харж байгаад л  “За алив тэр сурвалжагч асуу даа. Аан, за за… маш чухал асуулт асуулаа. За тэгэхээр Данхи бурхан бол…” гээд л  ганцаараа  ярьж гарна. Суут, суут.  Манай Боловсролын сайд “Хэл сур, таминь ээ” гэж хэлж үзээгүй байхад Арго багш маань  “Хэл сур… Бас дахин сур. Би ном гаргачихлаа ” гээд л байгаа хүн. Худалдаа аж үйлдвэрийн танхим оны шилдэг марктингийн шагналаа түүнд нэг ч удаа өгөөгүй гэсэн.  Энэ бол  шударга ёсонд нийцэхгүй.   Үнэн гэж байдаг бол хунтайж Давааням, Арго багш нар хийж бүтээсэн зүйлээрээ тэр шагналыг авах л ёстой юм даа.

Даанч үнэн гэж алга даа…

Л.Мөнхбаясгалан


URL:

Сэтгэгдэл бичих