“Дреам” зочид буудалд мөрийтэй тоглоом тоглож байжээ

Өнгөрсөн хоногт иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 755 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 48 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна.
Бүртгэгдэн шалгагдаж байгаа 48 хэргийн 39- ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрсөн хоногт нийслэлд хулгайлах 13, бусдын биед гэмтэл учруулах 2, танхайрах 9, зам тээврийн хэрэг 12, осол 65 бүртгэгдэж 15 хүн гэмтсэн байна. Нийслэлд 203, орон нутагт 75 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн 28 настай Б-г энэ сарын 25-ны 15:00 цагийн үед нөхөр Г нь архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ гарын булчинд хутгалж танхайрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Сансарын түнелийн гарцан дээр бусдад зодууллаа” гэсэн мэдээллийг 03.05 цагт авч шалгахад 20 настай иргэн Б -г тус дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Э согтуурсан үедээ шалтгаангүйгээр бусадтай бүлэглэн зодож гэмтэл учруулан танхайрсныг таслан зогсоожээ.
“21-р хорооллын автобусны буудал дээр зодоон болоод байна” гэсэн мэдээллийг 25-ны 22:50 цагт авч шалгахад тус дүүргийн 22 дугаар хорооны иргэн 30 настай эрэгтэй М -ыг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат 25 настай эрэгтэй Б согтуурсан үедээ “таксинд явсангүй” гэж шалтаглан зодож танхайрсныг таслан зогсоож, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
“Нарантуул” худалдааны төв дээр 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн О цүнхнээсээ 180 мянган төгрөг, бичиг баримтын хамт алдсаныг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч 22 настай эмэгтэй Г хулгайлсныг Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн алба хаагч үйлдэл дээр нь илрүүлэн барьжээ.
32-р чиглэлийн автобусанд 25-ны 16:00 цагт МУБИС-ийн урд автобусны буудлаас 13-р хороолол хүрэх хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Б-гийн цүнхнээс түрийвчтэй 100 ам. доллар, 20 мянган төгрөг, бичиг баримтыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн эрхэлсэн ажилгүй 16 настай Г гэгч хулгайлсныг Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн алба хаагч үйлдэл дээр нь илрүүлэн барьжээ.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших “Дреам” зочид буудалд мөрийтэй тоглоом тоглоод байна” гэсэн мэдээллийг 25-ны 22:34 цагт авч шалгахад уг буудлын 40 тоот өрөөг түрээслэн амьдардаг БНХАУ-ын иргэн “Хадан тохой” ХХК-ийн захирал 36 настай Чин-Ён-Зай гэгч хэсэг иргэнтэй мөрийтэй тоглоом тоглож байсныг илрүүлсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Амар
http://shudarga.mn/images/shudarga/%D0%BC%D0%BE%D0%BD%D1%86%D0%B0%D0%BC%D1%8D.gif


URL:

Сэтгэгдэл бичих