Нялхас баярласандаа хөлд орж байна
Маргааш хүүхдийн баярын өдөр. Хүн бүр л хүүхэд багачуудаа баярлуулж, бэлгээ базааж байгаа. Учир мэдэхээр том болсон жаалууд ээж, аавтайгаа хөтлөлцөн амтат бэлэг, тоглоом гээд юу дуртайгаа авахуулж баярлах нь мэдээж. Бяцхан хүүхдүүд ч гэсэн ээжийнхээ тэвэрт, хайранд нь хөлбөрч баярлана.
Харин асрах төвийн хүүхдүүдэд бэлэг авч өгөх, энгэртээ тэвэрч эрхлүүлэх ээж, аав байхгүй. Байсан ч хүүхдийн баяр гээд ганц иштэй чихэр бариад ирэх сэтгэлтэй нь ховор биз. Тийм л хүүхдүүдийг өчигдөр Нялхсын клиникийн ачтай эмч, асрагч нар Хүүхдийн паркт аваачиж баярлуулсан юм.
Хөлд дөнгөж орж буй хүүхдүүд хөөрхөн ч нүднийх нь гал бөхсөн, цаанаа л гунигтай. Аргагүй дээ, аав, ээжийн хайраар дутаж байгаа, тэд. Гэхдээ л энэ өдөр баярлах ёстой гэдгийг бяцхан оюундаа тунгааж буй нь илт. Баярласандаа Хүүхдийн паркт ирээд хөлд орж буй хүүхэд ч байсан. Тэд танихгүй хүнээс бишүүрхэнэ гэдгийг бүр мартсан. Хэн л сайхан хандана, түүний тэвэр рүү тэмүүлэх юм билээ.
Хүүхдүүдэд багш нар нь ундаа, амттан авч өгч баярлуулсан. Харамсалтай нь Хүүхдиин паркт нялх хүүхэд тоглох тоглоом байхгүй юм. Гулсуур дээр тогловол л их юм. Гэхдээ яах вэ, чийгтэй өрөөнөөс гарч, элдэв содон тоглоом харж зугаалах нь тэдэнд сайхан байгаа нь мэдээж. Зарим нь сурсан дуугаа багш нартаа болон, тэнд очсон хүмүүст сонирхуулсан. Сэргэлэн гэдэг хүү “Тусгай салаа” киноны дууг мундаг дуулдаг юм билээ. Бүр шинэ үг, ая нэмж, өөр стилиэр дуулж байсан шүү.
Мөн ихэнх нь “Маамуу нааш ир” дууг дуулаад сурчихаж. Бүр ярилцлага өгч, нэрээ, насаа хэлж чадаж байна. Багшдаа хэчнээн хайртайгаа илэрхийлж байлаа. Тэднийг авъяасаа үзүүлж байх зуур асрагч багш нартай нь багахан хөөрөлдөв. Хүүхдүүдийн ихэнхийнх нь эцэг, эх байдаг аж. Гэвч ийм хөөрхөн хүүхдээ ирж авдаггүй гэсэн. Зарим нь бүр нялхаараа хаягдсан байдаг. Тийм хүүхдэд багш нар нь нэр өгөөд, өөрийн хүүхэд шигээ л өсгөдөг.
Гэхдээ хүүхдүүд асрагч нараа багшаа л гэж дууддаг гэсэн. Тэгж зааж өгдөг бололтой юм. Үнэндээ ээжээ гэж дуудахыг өөрөө ч мэдэлгүй хүсдэг л байлгүй. Бяцхан иргэдийг баярлуулах буянт үйлсийг “Монгол эм импекс” компани санаачилж, хийж байгаа аж. Тэд Хүүхдийн паркт тоглох, зугаалах бүх зардлыг даахаас гадна бэлэг гардуулсан юм. Тэд жил бүр энэ төвтэй хамтран ажиллаж, бяцхан хүүхдүүдийг баярлуулдаг юм билээ.
Орчлонд муугаасаа сайн нь олон байдаг хойно доо. Хүүхдийн сэтгэл цагаан, тэр цагаан бүхэн таны, бидний үйлсийг гэрэлтүүлэх биз. Хүүхдийн парк ийм л багачуудад зориулагдсан, ариун газар байх ёстой юм. Тиймдээ ч нэг ч болов өдрийг хайр дүүрэн өнгөрүүлж байгаа хүмүүст баярлалаа гэхээс өөр яах вэ дээ. Бид нялхсыг баярлуулах үеэр Нялхсын клиникийн нийгмийн ажилтан О.Анхтуяагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Өнөөдөр танай асрах төв хүүхдүүдээ баярлуулж байгаа юм байна. Хэчнээн хүүхэд ирсэн бэ?
-Нялхсын клиникийн хамт олон хүүхдийн баяртай холбогдуулаад асрамжид байгаа хүүхдүүдээ баярлуулж байна. Хүүхдүүдийн маань хамгийн том нь гурван настай. Энд 30 орчим хүүхэд ирсэн байна. Жаахан хуүхдүүд учраас салхинд гаргая л гэж бодож ирсэн юм.
-Танай сувилалд нийт хэдэн хүүхэд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 0-3 насны 65 хүүхэд байна. Нялхсын клиник сувилал маань Эрүүл мэндийн яамны харъяанд байдаг улсын байгууллага шүү дээ. Бид хүүхдүүдээ гурван нас хүрэхээр нь хүүхэд асран хүмүүжүүлэх төв рүү шилжүүлдэг. Тэгэхээр манайх зөвхөн 0-3 насны хүүхдүүдийг асаргаа, сувилалдаа байлгадаг юм.
-Ер нь хэдэн хүүхэд хүлээж авах хүчин чадалтай юм. Ажиллаж байгаа асрагч, сувилагч нар хүрэлцээтэй байж чаддаг уу?
-Дээд тал нь 90 хүүхэд хүлээж авах боломжтой.
-Сүүлийн жилүүдэд танай төвд ирж буй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа юу?
-Сүүлийн жилүүдэд хаягдаж ирж буй хүүхдийн тоо ихэссэн. Гэхдээ төрөөс өгч буй хувь хишигтэй холбоотойгоор буурах хандлага ажиглагдаж байна. Харин хүмүүс хүүхдээ хаяхгүй ч гэртээ байлгаж мөнгийг нь авчихаад, гуйлга гуйлгах хэлбэрээр хаяж байна. Төрөөс мөнгө өгдөггүй байхад шууд хаядаг байсан бол одоо өөр хэлбэрээр л хаяж байна гэсэн үг.
-Энэ хүүхдүүдийг үрчилж авах сонирхолтой хүн ирдэг үү?
-Тийм хүмүүс байдаг. Гэхдээ үрчлэлийн асуудал хуулийн дагуу, дүрэм журмын дагуу л явагддаг. Манайх энэ хүүхдүүдийг эцэг, эхийг нь олтол түр хугацаанд асрамжиндаа байлгадаг л байгууллага шүү дээ. Үрчлэлийг эрх бүхий байгууллагууд нь явуулна.
-Хангамжийн хувьд ямар байдаг вэ. Хүрэлцээтэй юу?
-Төсвөөс 100 хувь даадаг учраас гайгүй байдаг. Дутагдах юм байхгүй.
-Асаргаа сувилгаа, сургалт ямар вэ. Хангалттай байж чадаж байна уу?
-Асрах тал дээр бид чадлаараа л ажилладаг. Ээлжийн эмчтэй. Ямар нэгэн юм болбол үзэж, оношлоод хэрэгтэй эмчилгээг хийнэ. Ээлжийн асрагч нар 24 цагийн турш хүүхдүүдийг хардаг. Харин сургалт гэж байхгүй шахам. Багшийн орон тоо гэж байхгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр сургалт явуулна. Дадлагын оюутнууд авчирч хүүхдүүддээ дуу заалгах зэргийн юм байлгүй л яах вэ. Бид ч гэсэн өөрсдийн хэмжээнд чадах зүйлээ заадаг.
Н.Пунцагболд
URL: