“Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэгчээр хуучин даргаа харсан мөрдөнгийн хуягууд Ч. Сангарагчаагийн өмнө ёсолдог

АТГ-ын дарга Ч. Сангарагчаа, дэд дарга Д. Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө. Алтангадас нарын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хоёр өдөр хэлэлцэн, 2-2.4 жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин, нэр бүхий албан тушаалтнуудыг тагнаж чагнасан, төсвийн мөнгө зүй бусаар зарцуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт АТГ-ын дарга Ч. Сангарагчаа, дэд дарга Д. Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө. Алтангадас, Тамгын газрын дарга Г. Бадарч нар холбогдон, өнгөрсөн оноос шалгагдаж эхэлсэн юм.

Тагнуулчын Ерөнхий газраас АТГ-ын дээрх удирдлагууд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э. Амарбат болон УИХ-ын гишүүн С. Эрдэнийг хууль бусаар тагнаж, чагнасныг илрүүлснээр эрүүгийн хэрэг үүссэн. ТЕГ-аас хэргийг шалгах үеэр Ч. Сангарагчаа бүрэн эрхийг нь түтгэлзүүлж өгөх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт  гаргасан ч УИХ-аас түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж байв. Гэсэн ч хэргийг үргэлжлүүлэн шалгаж, хяналтын шатанд шилжүүлээд энэ оны нэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн юм. Улсын прокуророос АТГ-ын дарга, тэргүүн коммисар Ч. Сангарагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1 буюу Төрийн нууц задруулсан, 111,2 буюу хүний нэр төр, алдар хүндэд халдан гүтгэсэн, 133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн, 263.2 буюу төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан, 273.2 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн таван зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдсэн.  Мөн дэд дарга Д. Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө. Алтангадас нарыг Эрүүгийн хуулийн тусгай 87.1 буюу төрийн нууц задруулсан, 133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, Тамгын газрын дарга Г. Бадарчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт буруутган шүүхэд шилжүүлж байв.

Гэвч АТГ-ын дарга асан Ч. Сангарагчаа удаа дараа санаатайгаар шүүхийг хошилуулж, шүүх танхимд өмгөөлөгч, улсын яллагчийг элдэв үгээр доромжилж байсныг дурьдах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарсаны дараа ял авсан албан тушаалтнууд гурван цаг орчим хуралдааны танхимаас гаралгүй, өмгөөлөгчидтэйгөө ярилцсан бөгөөд энэ хооронд ар гэрийнхэн нь хоол цай, солих хувцас зөөн оруулж байв. Улмаар 23.00 цагийн орчимд Ч. Сангарагчаа, Д. Сундуйсүрэн, Ө. Алтангадас нарыг Ганцхудгийн урьдчилан хорих 461-р анги руу тусгай машинаар авч явсан юм. АТГ-ын торны цаана суусан удирдлагуудаас хамгийн их хохирсон, нарсанд суух ёсгүй хүн бол Ө. Алтангадас аж. Энэ тухай өмгөөлөгч Л. Санжаасүрэн нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Алтангадасын хувьд АТГ-ын дарга Ч. Сангарагчаагийн даалгаварыг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Албан тушаал эрх ямба, цол хэргэмээрээ түрүү барьж Ө. Алтангадаст хууль бус үүрэг өгсөн. Хуулиндаа доод албан тушаалтан даргынхаа өгсөн үүргийг “мэдлээ гүцэтгэе” гэж хэлэн өрөөнөөс нь гарчихаад дээш нь мэдэгдэх ёстой байдаг.

Гэвч ийм хууль монголд хэрэгжих ямар ч боломжгүй. Тагнуулч Б. Хурцын хувьд ч ялгаагүй. Хэрэв дээш нь газрын даргынхаа хууль бус үйлдлийг мэдэгдвэл тэдний амь нас, гэр бүд заналхийлж болно” хэмээн ярьсан юм. Ч. Сангарагчааг 1996 онд Ганцхудаг буюу хорих 461 дүгээр ангийн дарга байхад сэжигтнүүдийг хүний ёсноос гадуур үзэж байхад ямар ч арга хэмжээ авдаггүй байв. Тэр үед казиногийн хэрэгт холбогдсон гишүүн асан Д. Баттулгыг онц ноцтой, рецедив гэмт хэрэгтнүүдийг хорьдог подвальд камер хэсүүлэн хорьж, цуврал аллага үйлдсэн Дамчин-Осорын Энхболдод хүний ёсноос гадуур тамлуулж байсан аж. Мөн “казино” Х. Байгалыг аймгий нмөрдөн дамжуулан Зүүн-Хараа болон Төв аймгийн мөрдөнд олон цагаар хорьж, нааш цааш хорьж эрүүдэн шүүхэд нөлөөлж байсан гэдэг. Бас 17 тн чингэлэг спиртний хилс хэрэгт холбогдсон Д. Төрмөнх сэтгүүлч мөрдөнд тамлагдаж байхдаа мөрдөнгийн дарга Ч. Сангарагчаад захидал бичиж өлсгөлөн зарлаж суухад түүний өргөдлийг холбогдох прокурор болон хүний эрхийн комиссын дарга асан Б. Дэлгэрмаад өгөөгүй ураад хаячихсан гэдэг. Тэр үед “Засан хүмүүжүүлэх газар”-ыг өөрчлөн ШШГЕГ болгон “Урьдчилан хорих төв”-ийг ЦЕГ-ын мэдэлд өгч “Цагдан хорих төв” болгохдоо Ч. Сангарагчаад даалгасан нь зүгээр ч нэг хүчний удирдлагуудын шийдвэр биш байлаа. 1996-2000 оны хооронд хуучин урьдчилан хорих төвийн “А” корпусыг нурааж тэнд хоригдож байсан 500 орчим сэжигтнүүдийг “Б” корпуст тараан байрлуулсан. Ингэснээр 2,5×2 м/к талбайд 8-15 хүн хоригдож, тэдний эрүүл мэнд хохирохоос гадна сардаа 1-3 сэжигтэн, яллагдагч амь насаа алдаж байсан түүхтэй. Ганцхудагийн даргаар очсон цагдаагийн хурандаа Ч. Сангарагчаа урьдчилан төвийг жинхэнэ эрүүдэн шүүдэг харгис шорон болгож чадсан бөгөөд фашист германы “Канц лагериас” нэг их ялгагдахааргүй болгож дөнгөв. ийм л нэг хуучинсаг үзэлтэй, чекист Ч. Сангарагчаа хэний нөлөөгөөр АТГ-ын дарга болсон нь нарийн учиртай. Түүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоод байхад тэрээр даргалагч шүүгчийн урдаас гар занган элдэвлэж суусанд олон хүн гайхширсан.

Ёс зүйгээ мэдэхгүй тэрээр өнөөдөр шинэ урьдчилсан хорих төвд бусад сэжигтнүүдээс хангалуун амралтанд жаргаж байгаа мэт тансаглаж хэвтэнэ. Мөрдөнгийн хуягууд сэжигтнүүдээс өглөөний тоо авахдаа АТГ-ын дарга асантай сүртэй нь аргагүй ёсолж, зарим нэг албан хаагчийг ёслоогүй тохиолдолд хурандаа муухай харж, царай төрхөөрөө айлгадаг болжээ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр урьдчилан хорих төвийн удирдлагууд түүнийг удахгүй эмнэлэгт хэвтүүлэх сурагтай.


URL:

Сэтгэгдэл бичих