Баяр яахав ээ, багачуудаа анхаараарай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нөгөөдөр тохиож буй. Манайхан энэ өдрийг Эх үрсийн баяр хэмээн хүндэтгэлтэйгээр нэрлэж хэрэндээ л хөл хөөрцөг болон тэмдэглэдэг уламжлалтай. Хүүхдээ баярлуулах гэж баахан чихэр жимс зэхэж, тоглоомын газар сураглан, хувцас гоёлд нь анхаарах ажилд дарагддаг эцэг эхчүүд энэ тэрүүгээр олон харагдах. Энэ өдөр хүүхэд багачууд ёстой л нэг эрхээ эдлэх шиг болно доо. Хамгийн гоё хувцсаа өмсөөд өнгө өнгийн бөмбөлөг, тоглоом наадгай, ууттай бэлэг тэвэрчихээд инээж хөхөрч яваа тэднийг харахаар үнэхээр эгдүүтэй. Харин баярын төлөвлөгөө боловсруулж яваа эцэг эхчүүдийн хувьд, ганцхан зүйлийг мартдаг нь гэм биш зан гэлтэй. Хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах ёстойгоо таг мартчихдаг зарим эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж олон асуудал ундрах нь бий. Жилдээ ганц удаа л тохиож буй баярын өдөр бяцхан үрсэд маань очих газар тийм ч олон биш шүү дээ. Нийслэлийн төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Зайсан толгой, за тэгээд ганц хоёр тоглоомын төвөөр л хязгаарлагдана гэж мэд. Усан оргилуур, түрээсийн тоглоомтой гээд “Central tower” юмуу аль эсвэл Эрх чөлөөний талбайн өмнө бужигнах нь юу ч биш. Ийнхүү ая тухтай орчин, амарч тоглох газар эрэлхийлсэн эцэг эхчүүд замын түгжрэл, хөл толгой нь мэдэгдэхгүй шахам бужигнасан олноос залхаж ядарсандаа хүүхдээ хаана юу хийж явааг  ч анхаарах сөхөөгүй болчихдог нь нууц биш. Тиймээс эцэг эхээсээ төөрч, орхигдсон жаалууд нус нулимсандаа хутгалдан  юун баяр манатай зогсч байх нь энүүхэнд. Өнгөрсөн жилийн баяраар ийнхүү эцэг эхдээ “мартагдаж” төөрсөн 200 гаруй хүүхэд олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Азаар цаг алдалгүй арга хэмжээ авсны хүчинд хөөрхий жаалуудыг эцэг эхтэй нь уулзуулсан гэдэг. Тэгвэл дээрхи байдал энэ удаад ч бас давтагдахгүй гэх баталгаа алга. Үнэндээ манайхны баяр тэмдэглэх уламжлал нэг л уйтгартай, бас ямар ч сонголтгүй болсон нь сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэж буй. Арга ч үгүй биз. Манайдаа л ганц буй Үндэсний соёл амралтын хүрээлэн баахан засвар хийх нэрийдлээр хүүхдийн тоглоомын газраа хөрөнгө чинээтэй эрхмүүдэд тонуулчихсан. Өндөр үнээр оруулж ирсэн цөөн хэдэн тоглоомоо хүртэл чамгүй хөлсөөр үнэлж суугаа уг газарт хэр баргийн хүн ороод хүүхдээ тоглуулах боломж хомс. Дор хаяж 30-50 мянган төгрөгтэй очихгүй бол хүүхдээ уйлуулаад тэндээс хөөгдөх шахам гарч мэдэхээр л юм билээ. Энэ мэт асуудлаас үүдээд төв талбай дээр зохиогдож буй арга хэмжээг сонирхох гэвэл бас л хэцүү. Түрээсийн тоглоом, худалдаа үйлчилгээ, шоу тоглолт гээд л хөл тавих зайгүй шахам болчихдог энэ газарт удаан тогтох аргагүй. Адаглаад л ойр хавьд нь бие засах газар олдохгүй гээд бод доо. Ямар сайндаа л, ажлын маань эгч өнгөрсөн жил “Бяцхан охиноо оруулах бие засах газар хайгаад олсонгүй. Баруунд дөрвөн замд байдаг хадмынхаа гэрт очиж байж асуудлаа шийдсэн” гэж ярьж суухав дээ. Үүний зэрэгцээ халууцаж ядарсан хөөрхий багачууд маань хүйтэн ундаа, зайрмагаар ходоодоо дүүргэх, элдэв янзын идэш уушнаас болоод гэдэс нь хямрах тохиолдол ч гардаг. Яаралтай түргэн тусламжийн төвд энэ баяраар “Наранд цохиулсан, хоолны хордлого болсон” гэх оноштой олон хүүхэд хүргэгдэж ирдэг тухай эмч нар нь ярьдаг. Тэгэхээр баяр яахав ээ, эцэг эхчүүд минь. Багачуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч явах нь хамгийн чухал асуудал гэдгийг л мартаж болохгүй юм шүү.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих