Эхийнхээ ялнаас “үүрэлцэх” нярай үрс өлссөний улмаас эмнэлэгт хүргэгджээ
Хүүхэд хамгааллын төвийн дарга Д. Лхагвабаяр, Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн хаяг тогтоох төвийн эмч, арга зүйч, цагдаагийн хошууч Ж.Энхмаа, тус төвийн бяцхан охин Б.Оюунзул нартай хамт энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий, газрын харъяа 407 дугаар эмэгтэйчүүдийн хорих ангийг зорилоо. Цагаан сүүтэй эх хүний дархан эрхийг хасч чаддаг дархлагдсан ганцхан газар энэ буюу.
Хэдийгээр зулайн дээрээс зуны эхэн сарын халуун нар төөнөвч зүрх сэтгэлийн гүнд яагаад ч юм бяцхан айдас, жихүүдэс, өрөвдөл гомдлын аль нь болох үл мэдэгдэх нэгэн зүйл хургасаар бид зорьсон газраа ирэв.
Эхийнхээ мөөмнөөс өөр өмчгүй долоон бяцхан үрсээ өмөөрье
Хайраа дэвсэн сүүгээр өлгийдсөн
Хамгийн ойрхон бурхан ээждээ
Гэрэлт өглөөний шүүдрийн тоогоор
Гэгээн амгаланг үрээс нъ хүсье гэсэн том самбар өлгөсөн, торон хашаанд бид тулав.
Ямар нэгэн баяр болж байх шиг. Учир нь хорих ангийн хашааг тойрсон машин хүн хоёрын олныг ээ. Хүн, машин хоёр битүү байгаагийн учир төдөлгүй олдов. Биднийг очиход тус ангийн нээлттэй хаалганы өдөр тохиож байсан нь охиноо, хань нь эхнэрээ харж, өдрийн турш хамтдаа байж болох цорын ганц өдөр.
Санаатай болон санамсаргүй үйлдсэн хэргийнхээ төлөө гишгэх газраа өндөр хайс, төмөр тороор хиллүүлж буй 400 гаруй бүсгүй энд байна. Нярай хүүхэдтэй эхчүүдийн байр, насанд хүрээгүйчүүдийн байр зэргээр дамжин нэгэн том хашаанд дуу хуур, инээд баясал, аминчхан яриа өрнөнө. Гэр бүл, ойр тойрныхонтойгоо хамтдаа байх ганцхан хором ч энд ямархан үнэтэй байгааг наранд амьдрагсад үл анзаарна. Цай, хоол, идээ шүүсээ газраар зулж, түүнээ тойрон сууцгаах эдгээр хүмүүст эрх чөлөөний нэгээхэн хэлтэрхий ийнхүү олдсон нь энэ буюу.
Одоогоор тус хорих ангид зургаан нярай ял эдэлж буй аж. Түүнээс нэг эх нь ихэрлэсэн ч, ихэр үрс хэт өлссөнөөс биеийн байдал муудаж биднийг очих үеэр дамжингийн эмнэлэгт хэвтсэн байв. Эхийн хэвлий гэдэг хамгийн ариун газар гэдэг бус уу. Ариун газраас амьсгал залган ирүүтээ л ангирхан ялаас үүрэлцэн амь насаа алдаж ч болох аюул дунд өсч байгаа долоон бяцхан нярайг өмөөрч сэтгэл өмөлзөв. Хэдийгээр нярайд гаднаас хоол унд мах, сүү ирдэг гэх боловч эдгээр бяцхан үрс өлсөхийн зовлонд нэрвэгдсэн байгааг юу гэж тайлбарлах вэ.
Тоглох, хайрлуулах, асарч халамжлуулах эрх чөлөвгөө тэд ял үүрч буй ядарсан эхээсээ өөр хэнээс нэхэх вэ. Цангинаж, чих дөжрөм чангаар уйлах эрх чөлөө тэдэнд бий болов уу. Эхийнхээ мөөмнөөс өөр өмчгүй бяцхан үрсэд төр төмөр нударгаа зангидаж байгаа хэрэг биш гэж үү. Гав, бороохойгоор гангарч жигдэрсэн, хатуу ширүүн харцтай алхам тутамдаа таарна. Харц дээгүүр явах ч аргагүй ажээ. Ийм нүд, тийм харцнаас өөрийн эрхгүй зугатмаар санагдана. Энэ мэт бодолд дарагдсаар энд ирсэн хэргээ бүтээхээр өнөөх л том төмөр хаалгатай хашаанд орлоо.
Намайг Ганди сайд хүлээж байгаа гэж бодох сайхан шүү
Уулзахаар зорьсон Ж.Энх-туулаа хараачлан зогстол инээд, нулимс хоёроо барьж ядсаар өндөр бор охин урдаас яаравчлан гүйв. Д.Лхагвабаяр дарга гараа тосон дуу алдсаар тэврэлдэв. Энхтуул Д.Лхагвабаяр даргын энгэрт мэгшин уйлж, хэсэг зогсоод тайвшрав бололтой эргэн тойрноо харснаа дахин уйлав.Учир нь хамтдаа амьдарч байсан Оюунзул, өөрийнх нь эрүүл мэндийг анхаарч байдаг эмчээ хараад баярлаж байгаагаа хэлэв.
Ж.Энхтуул “Би 17 настай. Хэдийгээр би хоригдож байгаа ч намайг бүдэрч явахад мөрнөөс минь өргөсөн сайд, төвийнхөө дарга, эмч, хүүхдүүддээ баярлаж явдаг. Намайг Т.Ганди сайд хүлээж байгаа гэж бодохоор хүчтэй болдог. Энэ газраас гарах л юм бол би амьдрал, амжилт хоёрт шунан тэмүүлэх болно. Би энэ төвд байсан нэг жилийн хугацаанд төвийнхөө гоцлол дуучин болсон. Наранд гараад урлагийн сургуульд орох чин хүслээ биелүүлнэ.
Надтай нүүр тулсан хэцүү амьдралыг сөрж, амьдрахын төлөө, амьд үлдэхийн төлөө тэмцэж хийсэн үйл минь намайг энэ газар авчирсан. Наранд гараад хүний хийж болох сайн үйлийг хийнэ. Намайг олон сайн хүн эндээс гарахыг хүлээж байгаа. Тиймээс би тэсч чадна” гэж хэлээд хоолой нь зангирав. Хүн гэгч зовлонд хатуужих юм даа.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: