Г.Ганбат: Ардчиллыг өмчилдөг этгээдүүд одоо хэмждэг болох нь

14121-3t

Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбатыг урилаа.

-Улс төрийн намуудын тухай хуульд парламентад суудалгүй улс төрийн намуудыг татан буулгах тухай заалт оруулахаар ярьж эхэллээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бидний хорь гаруй жил зүтгэж, тэмцэж,хамгаалж ирсэн  ардчилал, хүний эрх, эрх чөлөөг нэг нам, нэг хэсэг этгээд өмчилдөг, хэмждэг, хуваарилдаг болох нь.

Ардчиллыг булшилсан, хүний эрхийг хөсөрдүүлсэн, Үндсэн хууль руугаа нулимсан мэдэгдлийг эрх баригч нам   хэнэг ч үгүй хийгээд  сууж байна шүү дээ. Ийм увайгүй үйлдэл,ичгүүргүй са­наархлыг  дарангуйлагчид л гаргана.

-Хуулийн ерөнхий агуулга нь улс төрийн нам хэт олширлоо гэсэн шиг билээ?

 -Монголд хэдэн нам байхыг,монгол хүмүүс ямар үзэл бодолтой байхыг  Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар мэддэг юм уу, АН мэддэг юм уу. Эсвэл төрд шургалсан нам дамжсан  хэдэн  олигархи  мэддэг юм уу. Эвлэлдэн нэгдэх эрх  чинь Үндсэн хуулиар  Монгол Улсын  бүх ир­гэнд олгогдсон  үндсэн эрх.

Нам бүр  мөрийн хөтөлбөртэй,улс орныхоо хөгжил,дэвшлийг өөр өөрийн өнцгөөс харж бай­гаа.Түүнийг нь үгүйсгэж,үзэл санааг нь  нэг шуудайнд  айлган сүрдүүлж,дарамтлан чихнэ гэвэл бүтэхгүй.

-Олон нам гарч ирж  үзэл бодлын ялгарлыг бий болгон талцуулдаг  гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар?

-Олон ургальч үзэл чинь энэ нөхдүүдийн өмчлөөд,харамлаад  байгаа  ардчиллынх нь амин сүнс шүү дээ.  Үнэнийг хэлэхэд намуудын нэр хүндийг МАН,АН хоёр л унагасан. Энэ хоёр нам л ард түмнийг үзэл бодлоор нь хувааж,  талцуулдаг шүү дээ. Ард түмнийхээ нэг хэсгийг  албан тушаалаар барьцаалж,шагналаар самууруулж,  тендерээр угжаад ёс зүй,хүн чанаргүй болгочихсон.

-Намын даргаас өөр лидергүй, зарим нь бараг гишүүнчлэлгүй байдаг гэж ярьдаг шүү дээ, парламентад  суудалгүй намуудыг?

-Парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай АН-аас гаргасан мэдэгдэл  Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаасан   ёс зүйгүй, ноцтой үйлдэл болсон. Би түрүүнд хэлсэн, нэгдүгээрт АН-ынхан өөрсдийнхөө өмчлөх дуртай ардчилал, түүний үнэт зүйл, зарчмаасаа 180 градус эргэчихлээ. Хоёрдугаарт,  энэ нам Монгол Улсын Үндсэн хууль руу зүгээр л нулимчихаж байгаа асуудал юм.  Үндсэн хуульд  иргэдийнхээ  эвлэлдэн  нэгдэх эрхийг маш тодорхой заагаад өгчихсөн шүү дээ, манай улс. Гуравдугаарт, Монголын төр ард түмнийхээ хүсэл, бодлыг сонсох дургүй болсны нэг том илрэл. Та түрүүнд асууж байсан, энэ асуудлыг ярьж байгаа намууд хэдэн  зүйл ярьж байгааг. Нэгдүгээрт, намуудын нэр   хүнд муу байна гэж  байна. Тэгж ярихад хүрвэл өнгөрсөн хорин хэдхэн жилийн түүхээс харахад хоёр том нам ээлжгүйгээр засгийн эрхийг барьж ирсэн. Энэ хоёр намаар дамжиж, өнөөгийн монгол төрийн ялзрал, уналт доройтол туйлдаа хүрсэн, бусад асуудал ч тэдэнтэй л холбоотой. Намын нэр хүнд муудаж байгаа бол энэ хоёр намтай  холбоотой  гэдгийг  нийгэм тэр аяараа мэдэж байгаа шүү дээ. Түүнээс биш Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж байгаа жижиг намууд  намын нэр хүндийг унагаж буй юм огтхон ч байхгүй. Бид нам байгуулахдаа  олон ургальч үзлийг гол болгосон болохоос хууль зөрчөөгүй.

-Тэгвэл аливаа сонгууль болохоор жижиг намууд шантааж хийж,  зардал өсгөдөг. Аль нэг намын суганд наалдаж, албан тушаал горилдог   гэж байгааг та юу гэж үзэж байна?

-Улстөрийн бусад намуудын үйл ажиллагаанд Ардчилсан нам ийм хөнгөн хуумгай дүгнэлт хийж буй нь ёс зүйгүй үйлдэл.Үнэхээр тэгж шантааж хийгээд,  албан тушаал горилж наалдаад байдаг хүмүүс байдаг  юм бол ил тод гаргаж тавих хэрэгтэй шүү дээ. Сонгуулийн зардал гэж ярих юм бол жижиг намууд дээр ямар зардал гарч байгаа юм бэ.  Үзэл санаагаа ард түмэндээ хүргэж,  дэмжлэг авах гэж чадан ядан явж байгаа. Улс орны хөгжлийн гарцыг хайж байгаа, хөгжүүлж дэвшүүлэх гэж зүтгэж байгаа ийм л  Эх оронч хүмүүс шүү дээ, жижиг гээд байгаа намынхан. Гэтэл нэг нь дээшээ гараад ирэхээрээ, жаахан эрх мэдэлтэй болохоороо нэр хоч зүүж муучилдаг байж таарахгүй. Эвлэлдэн нэгдэх эрхийг нэг нам заадаг, сургадаг болох гэж байгаа нь ардчилалд аюул учирч байна гэсэн үг.

-Бусад намыг тараахаар гишүүд нь өөрсдийнх нь намд орж ирнэ гэж хоёр нам тооцоолсон юм биш биз. Танд ийм хардлага төрж байна уу, ер нь?

-Цаад санаа нь тийм л байгаа шүү дээ. Өөрсдөөс нь өөрөөр сэтгэдэг, үзэл бодолдоо үнэнч хүмүүсийг шахан хавчиж, парламентад байгаа хэдэн намд оруулах гэсэн бодлого явж байна. Гэтэл энэ 20 –оод нам яагаад байгаад байгаа  юм бэ. Энэ хоёр намын буюу эрх баригчдын явуулж буй бодлого буруу учраас  улс төрийн бусад  намууд байгаад   байгаа юм. Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж, бусад улс төрийн хүчнийг татан буулгах асуудал  байж болохгүй.

-Ер нь жижиг намууд сонгуульд оролцоод суудал авч чадахгүй, тус тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй байж байхаар нэгдсэн нэг том нам байгуулж болдоггүй юм уу?

-Манай Эх орончдын нэгдсэн нам ийм л философитой нам шүү дээ. Өнөөдөр баруун, зүүн гээд  талцаад байхын оронд Монгол гэдэг нэг намтай,монголчууд гэдэг 2.9 сая  эх орончтой байгаасай гэж хүсдэг. Бүгд эвлэлдэн нэгдэж эх орныхоо  төлөө нэг ч гэсэн сайн юм хийж бүтээгээсэй. Улс орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг өмнөө тавьдаг байгаасай. Бид ийм л зорилго тавьж ирсэн.

 Гэтэл өнөөдөр тараана, хаана бооно гээд хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчих гээд байж байна. Зөвхөн парламентад суудал авахгүй бол чи үзэл бодолтой байж болохгүй гэсэн тэнэг гаргалгаа гаргаж болохгүй шүү дээ. Энэ бол хүний санаанд багтамгүй зүйл. Ичихгүйгээр, аймшиггүйгээр ийм шийдвэр гаргах гээд сууж байна. Энэ хүмүүст юу бяр оруулаад байгаа  юм бэ,  тэр нь ойлгомжтой. Төр гэдэг юмны ард очиж суучихаад  эрх мэдэл, мөнгөнд сагсуурч байна. Тэгээд нүд нь сохорчихсон байна гэхээс өөр хэлэх үг алга.

-Улс төрийн намуудыг шинэчлэх  ёстой гэж олон жил ярилаа. Ямар гарц байна?

-Намуудыг шинэчлэх ёстой гэвэл  нэг л зүйл харагдаж байгаа.Энэ бол улстөрийн намуудын төлөвшлийн асуудал юм.

Засгийн эрхийн төлөө тэмцэл улс төрийн намаар дамжиж явагдана гэдгийг   бүх нам дуу нэгтэй хэлж байгаа. Тэгэхээр монголд нам гэдэг тогтолцоо байх нь. 20 гаруй жилийн өндөр­лөг дээрээс харахад улс төрийн намыг бэхжүүлэх, төлөвшүүлэх асуудал бий. Та бүхэн хар л даа. МАН гэхэд л Монголын төрийг  90 гаруй жил барьсан. Өнөөдөр сөрөг хүчин болчихоод энэ нам төлөвшиж үү. Та нар бод доо, МАН өнөөдөр байртай бол байртай,  хэдэн мянган гишүүнтэй бол гишүүнтэй, өчнөөн жилийн түүхтэй бол түүхтэй. Тэгээд өнөөдөр сөрөг хүчин болчихоод нам шиг байж чадаж байна уу. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, улс орны эрх ашгийг хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна. Улс төрийн сонгуульд зөв зүйтэй оролцож чадаж байна уу, чадахгүй байна.  Нэг аймагт сонгууль хийгээд  ялахад  нь  нөгөө нам нь гишүүдийг нь худалдаж аваад Засаг даргаа томилоод явчихаж байна. Энэ нам төлөвшөөгүйн илрэл. АН мөн адил ардчиллыг өмчилж, тэр үгээр өөрсдийгөө  гоёж ирсэн. Өнөөдөр энэ нам Ардчилсан нам болж чадсан уу. Ардчиллынхаа суурь зарчмын эсрэг юм яриад сууж байна, бусад намыг  татан  буулгая гээд. Өчнөөн олон юмыг хураана, нураана, устгана гээд  ярьж л байна. Тэгэхээр намуудын төлөвшлийн асуудал хамгаас чухал. Монголын ард түмэн тэдэнд итгэж, завсаргүй 20 жил төрийн эрхэнд гаргалаа. Тэд өнөөдөр намуудыг татан буулгана гэж ярихын оронд төлөвшүүлэх тухай л ярих ёстой.

Ч.ҮЛ-ОЛДОХ

zuuniimedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих