Монголчууд 6 сая болох боломж байсан
Харин үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн гуравны хоёр нь өмнө нь гэрлэж байгаагүй эмэгтэйчүүд байдаг аж. Энэ мэт үр хөндөлттэй холбоотой тоо баримтыг дурдахад ийм байна. Үр хөндөлт уг нь социализмын үед гэмт хэрэгт тооцогдон гарын үсэг зуруулж, зөвшөөрсөн тохиолдолд үр хөндөлтийг хийдэг байсан. Харин одоо энэ нь хүний эрхийн асуудал болж, хэн дуртай нь аборт буюу үр хөндөлтийг хийлгэдэг болжээ. Үр хөндөлтөөс болж гарах сөрөг үр дагавар их байдаг гэдгийг мэдсээр байж бүсгүйчүүд маань хийлгэсээр л байна. Тухайлбал, дахиж хэзээ ч хүүхэдгүй болох магадлал 99 хувь, үүнээс гадна амиа алдах эрсдэл ч байдаг байна. Иймээс охид, бүсгүйчүүд үр хөндөлтөөс болж өгвөл зайлсхийх шаардлагатай юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан саяханаас үр хөндөлтийн асуудалд ихээхэн анхаарах болжээ. Энэ чиглэлийн судалгаа тооцоог ч ажлын албаараа нарийн хийлгэж байгаа аж. Түүний судалгаа, авсан мэдээллээр бол манай улсад 3 сая удаагийн үр хөндөлт хийгдсэн гэсэн тоо гарчээ. Хэрэв энэхүү үр хөндөлтийг хийлгээгүй байсан бол манай улс өдийд 6 сая иргэнтэй болох байсан гэсэн асуудлыг сөхөж тавив.
Бас Монгол Улсын нийт үр хөндөлтийн 54 хувь нь 25-аас доош насныхан байдаг гэсэн судалгааг эрүүл мэндийн салбарынхан ч гаргаж.
Эдгээр тоо баримтад тулгуурлан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үр хөндөлтийг хориглох хуулийн төсөл дээр ажиллах болжээ. Хэрэв тэрээр энэ итгэл үнэмшил дээрээ хэвээр байж, уг хуулийн төслөө өргөн баривал ихээхэн дуулиан шуугиан тарих нь гарцаагүй. Учир нь үр хөндөлтийг хуулиар хоригловол гажуудал үүснэ гэж мэдэгдэн эсэргүүцэл үзүүлэх хэсэг бүлэг этгээд гарч ирнэ. Бас үүний нөгөө талд “бид өдийд зургаан саяуулаа сууж байх байсан” гэсэн тайлбартай Л.Энх-Амгалан тэргүүтэй фронт сөрж зогсоно. Ингээд дуусашгүй маргаан өрнөнө. АНУ-д сонгуулийн үеэр яг л ийм л маргаан, гаргалгаа хүчтэй илэрдэг. Эцэст нь асуудлаа хамгийн зөв үндэслэлтэй тайлбарласан нь л нэмэх оноо авдаг ч эцэслэн шийдвэрлээгүй өнөөг хүрсэн юм. Энэ нөхцөл байдал манайд үүсэх бэлтгэл ажлууд аль хэдийнээ хангагдаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Мөн үүнтэй зэрэгцээд зарим нийгмийн зүтгэлтнүүд үр хөндүүлдэг эмийн асуудлыг ч давхар ярихаар төлөвлөж эхэлсэн сураг гарлаа. Учир нь ийм төрлийн эмнээс үүдэн зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 5 охин амиа алдсан гэсэн гунигтай мэдээлэл тарсан юм. Ийнхүү үр хөндөлтийн асуудлыг цогцоор нь ярьж магадгүй боллоо.
URL: