Дэд бүтэцтэй газар байшин барьвал 8 хувийн зээлд хамарна

f7235399346dabf1bf6e00757571f6ca_LУИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэв.

 АН-ын бүлгийн мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийсэн юм. Тэрбээр “Энэ долоо хоногт Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэнэ. Алтны тухай асуудал дээр намууд нэгдсэн байр сууринд очсон гэж ойлгож байгаа. Газрын тухай хуулийн асуудал хоёр парламент дамжин яригдаж орж ирсэн. Олон удаа хэлэлцүүлэг хийсэн хүнд хуулиудын нэг. Олон жил сунжруулдаг, улс төр хийдэг байдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Маргаан дагуулсан нэг асуудал нь бэлчээртэй холбоотой асуудал юм. Гэхдээ бэлчээрийн асуудал тусгай хуулиар зохицуулагдаж байгаа тул бэлчээрийн тухай ерөнхий ойлголтыг Газрын тухай хуулиндаа тусгаад энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх сарын 10-ны дотор УИХ-ын чуулган завсарлахтай холбогдуулан 2014 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж гуравдугаар сарын 1-ний дотор хэлэлцэн батлах нь зүйтэй. Түүнчлэн найман хувийн хүүтэй зээлд нэмэлт өөрчлөлт оруулж, дэд бүтэц бүхий газарт иргэн амины орон сууц барьсан тохиолдолд зээлд хамруулдаг байх шийдвэрт хүрлээ” хэмээн ярьсан юм. Бүлгийн хуралдааны дараагаар бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Давхар дээлтэй  холбоотой  хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт яагаад хойшилсон юм бэ. Энэ долоо хоногт бас хойшлох юм биш биз?

-Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. 2016 оны сонгуулийн дараа хуулийг хэрэгжүүлнэ. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах  шаардлага бий.

-Самурай бондын талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломж байна уу?

-Самурай бондоор мэдээлэл авах цаг нь болоогүй байгаа. Хэчнээн мөнгө орж ирсэн талаар  албан ёсоор баталгаажсан мэдээлэл байхгүй.

-Парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай асуудал ярьснаас хойш Ардчилсан нам ардчиллаас ухарлаа гэх боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Бусад намууд сэрсэн бол маш зөв. Улс төрийн намууд сонгууль дөхөхөөр амь ордог байдлаа зогсоох хэрэгтэй. Би энэ тухай мэдээллийг санамсаргүй ч гэдэг юм уу, эсвэл хэвлэл мэдээллээр  бичигдээд байгаа шиг намуудыг татан буулгая гэж хэлээгүй юм шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн намыг сэрээе гэдэг үүднээс би хэлсэн юм. Сэрсэн бол их баярлалаа. Одоо ажлаа хийж, намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа ярилцъя, зөвшилцөе, бүгдээрээ ажлаа хийе. Том,  жижиг  нам гэлтгүй улс орны эрх  ашигтай холбоотой хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох ёстой. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт бүх намуудын төлөөлөл оролцсон ч маш идэвхгүй оролцсон. Тиймээс цаашид Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн төслүүдээ хамтраад хэлэлцье гэдгийг хэлмээр байна.

Б.Туул

montsame


URL:

Сэтгэгдэл бичих