Өөрийн өмчлөлийн Боинг-оор 184 удаа аялал үйлдэж 35 саяын орлого олжээ

bb75311dceccaf90d39eef78a684fa53_L Зам тээврийн салбар 2013 онд олон үйл явдал, шинэчлэлээр дүүрэн байсан. Монгол Улс анх удаа Боинг худалдаж авсан, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого баталсан, 1560 км автозам ашиглалтад оруулсан зэрэг үйл явдал өрнөсөн энэ салбарын өнгөрөгч оны үйл ажиллагааний тайланг “Бүтээн байгуулалтын цаг” өнөөдөр онцоллоо.

Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гарагт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, яамны харъяа агентлагуудын дарга нар оролцож, өнгөрөгч оны ажлаа тоймлож, энэ онд хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох талаар тусгасан. Энэ хүрээнд энэ жил дөрвөн аймгийг нийслэлтэй холбож, автозамыг ашиглалтад оруулсан. 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар нийт 947,1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 3321,4 км зам, 2984,2 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.  Өнгөрсөн 2012 онд улсын хэмжээнд 264 км авто зам ашиглалтад оруулж байсан бол 2013 онд 1560  км авто замыг ашиглалтад оруулсан. “Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан замын урттай тэнцэж байгаа. Энэ бол өмнө байгаагүй амжилт” хэмээн сайд хэллээ. 2014 онд 2200 км автозам барих бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөжээ.
Агаарын тээврийн салбарт шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг батлуулсан, МИАТ “Үндэсний агаарын тээвэрлэгч” компани болсон, түүхэндээ анх удаа өөрийн өмчлөлийн шинэ БОИНГ-767 агаарын хөлөгтэй болсон зэрэг үйл явдлыг энэ хүрээнд нэрлэж болно. Шинэ БОИНГ-оор 2013 онд Сөүл, Токио, Бээжин,  Хонг Конг,  Москва-Берлин чиглэлд нийт 184 аялал үйлдсэн бөгөөд нислэгээс 35 сая төгрөгийн орлого олжээ. Мөн Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудлыг барих ажлыг албан ёсоор эхлүүлэн, 2017 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Эрээн, Шанхай, Бангкок гэсэн агаарын тээврийн гурван чиглэл нээгдсэн бол энэ жил 3-4 чиглэл шинээр нээхээр төлөвлөсөн гэж “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан хэллээ. Мөн 2016 он гэхэд 2 онгоц нэмж авахаар төлөвлөжээ.
“УБ төмөр зам” нийгэмлэг техникийн хурд, галт тэрэгний дундаж жинг нэмэгдүүлэн жилийн эцсийн дүнгээр анх удаа 21 сая тн ачаа тээвэрлэж шинэ амжилт тогтоогоод байгаа юм. Засгийн газар, Монгол банкны хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Замын-Үүд Улаанбаатарын хооронд хатуу зуурмагийн галт тэрэг аялуулж, Улаанбаатарт ачааг 16-20 цагт тээвэрлэн авчирдаг болсон. Замын-Үүд дэх ачааны бөглөрөл үгүй болж, цементийн үнийг бууруулахад нөлөөлж чадсан. Үүнээс гадна 2014 онд Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл, Далайн тээврийг эхлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
“Шинэ төмөр зам” төслийн Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, туслан гүйцэтгэгчээр 13 монгол компани, 1300 хүн оролцож нийт замын газар шорооны ажлын 70 хувийг хийж гүйцэтгээд байна. Энэ 6 дугаар сард газар шорооны ажил бүрэн дуусч, төмөр замын угсралт, дохиолол холбооны суурилуулалтын ажлыг эхлүүлэх юм.
Үүнээс гадна энэ онд “Шинэ төмөр зам” төслийн зүүн чиглэлийн буюу Ухаа худаг-Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлуудын зураг төслийн ажлыг дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Н.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих