“Deutsche bank”-ны татварын өмнөх алдагдал 1.56 тэрбум ам.долларт хүрчээ
Европын хөрөнгө оруулалтын хамгийн том банк болох “Deutsche bank”-ны татварын өмнөх алдагдал 2013 оны дөрөвдүгээр улиралд 1.56 тэрбум ам.долларт хүрсэн талаар тайлагналаа. Германы Франкфурт хотноо төвтэй тус банкны мэдээлснээр шүүхийн зардал, санхүүгийн хяналтаа сайжруулахад зарцуулсан зардал зэрэг нь алдагдал хүлээх шалтгаан болжээ.
Харин эдийн засагчид “Deutsche bank”-ыг татвар төлөхийн өмнө 628.5 сая еврогийн ашигтай гарна гэж таамаглаж байсан байна. “Deutsche bank” нь одоогийн байдлаар харилцагчдадаа АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар худал мэдээлэл өгсөн, зарим ажилтнууд нь зах зээлийг зохицуулагч хүүг хиймлээр тогтоохыг оролдсон зэрэг хэргээр шалгагдаж байгаа юм. Тус банк ашигт ажиллагаагаа сайжруулахын тулд хяналтыг сайжруулж, ажлын байрыг цөөлөхөөс гадна, ажилтнуудаа илүү хямд өртөгтэй салбарууд руугаа шилжүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа аж.
URL: