Баян горхины далайн дээрэмчин” С.Эрдэнэ эхчүүдийг хулхидлаа

1b06a8a4a1e46181original

Ноён долларын ханш тэнгэрт гарч, монгол төгрөгийн худалдан авах чадвар буурсан хийгээд ховордсон цаг дор бидний уамжлалт баяр Цагаан сар тохиож байна. Тиймээс ард түмэн битүүхэндээ энэ Засгийн газрыг цалин тэтгэвэр нэмэх болов уу гэсэн горьдлого тээсээр Цагаан сартай золгох нь. Юутай ч цалин тэтгэвэр нэмэх ямар ч чадваргүй болсноо эрх баригчид ил далд мэдэгдээд эхлэв. Үүний зэрэгцээ алдарт эхийн одон зүүсэн ээжүүд төрөөс нэг удаа олгодог 100, 200 мянган төгрөгөө өгчих болов уу хэмээн бас л битүүхэн горьдлого тээсээр байна.

Учрыг тодотговол “олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах” тухай хуулиар дөрвөн хүүхэд төрүүлсэн эхийг “Эхийн алдар” II, зургаан хүүхэд төрүүлсэн бол I зэргийн одонгоор шагнадаг болсон. Мөн I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, II зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог болсон билээ. Үүнийг салбарын хувьд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам хариуцан ажилладаг. Тодруулбал, “Баян горхины далайн дээрэмчин” /Баабарын өгсөн нэр/ С.Эрдэнэ сайдын атгадаг яам л даа. Гэтэл “Баян горхины далайн дээрэмчин” маань энэ жилийн Цагаан сарын өмнө мөнгийг олгож чадахгүй гэдгээ мэдэгджээ. Цагаан сарын өмнө тэр ямар нэгэн дээрэм хийж амжаагүй бололтой юм. Өөрөөр хэлбэл баярын өмнө хэдэн төгрөгтэй болох нь хэмээн горьдож суусан алдарт эхчүүдийг хулхидлаа л даа.

Тус яамны мэргэжилтний хэлж байгаагаар бол уг мөнгийг Цагаан сарын наана олгож амжихгүй. Харин Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өмнө олгоно хэмээн албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Энэ жилийн хувьд мэргэжилтний багцаалж байгаагаар 32 тэрбум төгрөгийг алдарт эхчүүдэд олгохоор төсөвлөсөн бололтой юм. Гэтэл энэ хэдхэн төгрөг Засгийн газарт байхгүй байна гэдэг нь нэн ойлгомжгүй. Ойлгомжгүй гэсний учир нь манай эрх баригчид маш их мөнгөтэй гэдгээ л гайхуулаад байдаг шүү дээ. УИХ-ын чуулганы хуралдаан, байнгын хорооны хуралдаан сөрөг хүчний санал асуулга гээд хаа л бол хаа мөнгөтэй төгрөгтэйгөө гайхуулаад байдаг сан. Гэтэл цалин тэтгэвэр нэмэх болохоор сураг алдардаг. Тэр ч бүү хэл алдарт эхэд жилдээ ганцхан удаа олгодог хэдхэн төгрөгт ч гар татах болжээ. Нийгмийн бусад халамж энэ тэр бол өнгөрсөн хэрэг. Ямар юмных нь хүн амын хөгжил байхав ээ, яасан ийсэн нийгмийн хамгаалал вэ. Чухам юугаа хөгжүүлж, хэнийгээ хамгаалаад байдаг яам юм бол. Шуудхан хэлэхэд Н.Алтанхуягийн танхимын бат бэх байдлыг л хамгаалж, тэднийхээ эдийн засгийг хөгжүүлдэг гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй биз ээ.

Тэгээд ч энэ салбарыг нь даатгалын мөнгөөр гараа угаасан гэгдэж, шүүхээр ял сонсч явсан нөхөр толгойлдог гэдгийг надаар хэлүүлэх юун. Ямар сайндаа л “Баян горхины далайн дээрэмчин” нэр зүүж байхав дээ. Тэгэхээр дашрамд С.Эрдэнэ сайдыг чухам яагаад ийн нэрлэх болсон талаар товчхон тайлбар хийе. Өнгөрөгч 2011 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга З.Энхболд сул гишүүн байхдаа С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын хамт Монгол телевизийн нэвтрүүлэгт орж улс төр, цаг үеийн асуудлаар ярилцсаныг уншигч олон санаж байгаа байх. Үүнээс хойш тун удалгүй нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “З.Энхболд нөгөө нэг ярьдаг бөх, далайн горхины дээрэмчин хоёроо дагуулчихсан телевизийн нэвтрүүлэгт болох болохгүй юм яриад явж байна лээ” ухааны юм бичсэн. С.Эрдэнэ гишүүнийг “Баян горхины далайн дээрэмчин” гэсний учрыг олох гэж хүмүүс түмэн зүйлийг тунгааж байгаад эцэстээ нэг харуилт гаргажээ. Хариулт нь “С.Эрдэнэ гишүүн даатгалын байгууллагад олон жил ажилласан. Энэ асуудлаараа ч эрүү үүсгэгдэн шалгагдаж байсан. Даатгалын байгууллага гэдэг бол нийгэм хэмээх их далайн нэг горхи салаа нь юм. Тэгэхээр шуудхан хэлэхэд нийгмийн даатгалаас мөнгө дээрэмдсэн гэж хэлсэн хэрэг үү” хэмээн тайлж байсан удаатай.


С.Баяр

URL:

Сэтгэгдэл бичих