Хүнд гэмт хэргийн гаралт Налайх дүүрэгт буурчээ
2013 онд уурхайн ослын улмаас есөн хүн нас барж, долоон хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Налайх дүүргийн прокурорын газраас 2013 онд тус дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг судлан, энэ тухай танилцуулгыг Налайх дүүргийн засаг дарга, ИТХ болон, ГХУСАЗЗ-ийн дарга нарт хүргүүлжээ.
Судалгааны дүнгээс харахад,
- Нийт гэмт хэрэг 80 буюу 21.6 хувиар
- Онц хүнд хэрэг хоёр буюу 28,5 хувиар
- Хүндэвтэр хэрэг 45 буюу 28.4 хувиар
- Хөнгөн хэрэг 39 буюу 21.4 хувиар тус тус өсч,
- Хүнд гэмт хэрэг зургаа буюу 20.6 хувиар буурчээ.
Мөн тус дүүрэгт хулгай, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэргүүд буурсан байхад иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүчингийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлттэй байна.
Харин дээрх хэргүүдээс авто зам, бэлчээр, олон нийтийн газарт үйлдэгдсэн хэргүүд өмнөх оноос буурсан байхад, гудамж талбай, гэр орон сууц, албан газар аж ахуйн нэгжид үйлдэгдсэн хэргүүд өссөн дүнтэй гарчээ.
Дүүргийн хэмжээнд 2013 онд үйлдэгдсэн гэмт хэрэг өссөн дүнтэй байгаад дүгнэлт хийж, Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд 2014 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалт сурталчилгааг үр өгөөжтэй болгож, энэ талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудыг шат дарааллан зохион байгуулах шаардлагатай байгааг Налайх дүүргийн прокурорын газраас анхааруулсан байна.
URL: