Та бидний бичсэн Мессежүүдийг хэн нэгэн уншаад суудаг уу?
Гар утасгүйгээр айл олох, хүнтэй уулзах хүртэл төвөгтэй санагдаж, тамхичин хүн тамхиа эрдэг шиг л ховсдсон байна шүү. Хамгийн түргэн шуурхай ажил амжуулдаг энэхүү “зарц” сүүлдээ биднийг хянах төхөөрөмж болон хувирав уу гэсэн асуулт тавигдах болов.
Гар утсаар байрлал тогтоох, үг яриа хянах, харилцаа холбоог тандах боломжтой болсон мэт. Харин энэхүү боломжууд иргэдэд хэр нээлттэй байдаг вэ. Үүнээс үүдээд юунд хүрч болох вэ. “Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь гэдэг шиг” гар утас дэлхий ертөнцийг эзэлж байна. Гар утасны дарамт шахалт дор амьдарч байгаа хүн ч байх юм. “Хэд хоног хөдөө яваад ирлээ. Сүлжээ барихгүй сайхан байлаа” ч гэх шиг.
Бүр гар утаснаас айх, зэвүүцэх үзэгдэл газар авсан гэхэд болно. Тухайлбал УИХ-ын томилогдсон ажлын хэсэг долоон сарын 1-ний хэргийн талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас тайлбар авахдаа хүртэл Төрийн ордны уг давхарт гар утасны сүлжээг унагаж билээ. Ихэнх албан тушаалтнууд гар утас дээрээ яриа бичээд авчихвий гэсэн болгоомжлолтой байдаг болжээ.
Энэ болгоомжлолоос үүдэн “Гар утсаар ярьж болохгүй. Чагнаад байна” ч гэж байх юм. Санаа дагаад ч тэр үү зүгээр байсан утасны сүлжээ унах ч юм уу, гадны дуу, чимээ ороод ирдэг. Хүчний байгууллагынхан гар утас чагнах хуультай болсон цагаас эхлэн албан тушаалтнууд утсаар мэдээ, мэдээлэл өгөхөө байсан. Гар утас унтраасан үед ч чагнах боломжтой гэсэн яриа гарчээ. Барууны өндөр хөгжсөн гүрнүүд бүтээсэн кино дээр гардаг зөгнөлүүдээ бүтээл болгохдоо гаргуун. Тийм болохоор гар утас унтраалгатай үедээ ч чагнах төхөөрөмжөөр ажиллах боломжтой гэсэн үг үнэн болов уу.
Гар утасны үйлчилгээ функц нэмэгдэхийн хэрээр гэмт хэрэгт техник хэрэгсэл болдог гэхэд болно. Ерэн настай эмгэн зурагтын чаатаар хүн хашраах зар өгсөн байдаг. Хулгайчид орон байр, малын хулгай хийхдээ хүртэл утсаар мэдээлэл солилцож байх жишээтэй. Цагдаагийнхан машин тэргийг гэмт хэрэгт ашигласан хэмээн хураадаг хэрнээ гар утсыг зүгээр орхидог.
Бидний амьдралд гай болохоосоо илүү техникийн гайхамшиг болсон гар утасны цоо шинэ үзүүлэлтийг Япон улсын цагдаа нар гаргалаа. Тэр юу вэ гэвэл Мэргэжлийн сумочид башё эхлэхээс өмнө даваа наймаалцах найраагаа гар утсаар хийдэг. Тэгэхдээ бүр мессеж бичдэг болохыг гаргаад ирсэн. Бүр хоёр жилийн өмнө бичсэн мессежийг нь ил гаргасан.
Үүнээс үүдэн гар утасны мессеж үүрэн телефоны оператор компаниудад хэр удаан хадгалагддаг бэ, хэн нэгэнд бичсэн мессежүүдийг гаргаад ирэх боломжтой юу гэсэн асуулт гарч ирж байж. Японы сумо бөхчүүдийн мандаасан мессежний асуудалд манай иргэд идэвхтэй оролцож байна.
Нэгэн эмэгтэй “Би хэдэн жилийн өмнө нэг эмэгтэйтэй мессежээр “байлдсан” юм. Эмэгтэй улс болохоор бие биенээ хамгийн муу муухай үгээр л хэлж таараа. Тэгтэл нөгөө эмэгтэй “Би Мобид танилтай. Чиний бүх мессежийг чинь гаргуулж цагдаад өгнө” гэдэг байна. Би ч яахав. “Тэгээ тэг” гэхгүй юу. Нэг өдөр миний бүх мессежийг, факсын цаасан дээр бариад ирсэн, Бидний бичсэн мессеж Моби дээр хадгалагдаж байдаг юм билээ” гэдэг байна.
Үүнээс үүдэн үүрэн телефоны “Мобиком” компанийн тоног төхөөрөмж хариуцсан инженер Д.Давгасүмбэрэлтэй уулзлаа. Тэрээр Гар утасны мессежийг хадгалах ямар ч боломжгүй зүйл. Асуудалд ороод байгаа Японы сумочид “Утсаа гээчихсэн” гээд өгөхгүй байгааг сонссон биз дээ. Тухайн утас дээр мессежүүд нь хадгалагдаж байгаа хэрэг” гэлээ. Түүний яриагаар үүрэн холбооны оператор компаниуд мессежийг хянах, унших боломжгүй гэнэ.
“Юнител” компанийн олон нийттэй харьцах мэргэжилтэн “Мессежийг унших, татаж авах хэмжээний техник хэрэгсэл одоохондоо алга. Харин шүүхийн шийдвэрээр бусдын яриаг сонсох эрхийг олгодог. Тэгээд ч хувь хүний нууцад хамаарах асуудалд хаана хаанаа хүндэтгэлтэй хандах ёстой” гэдэг байна.
Скайтел, Ж-Мобайл компаниуд дээр очвол “Хэн нэгэнд явуулсан мессежний он сар, дугаарыг гаргах боломжтой. Түүнээс өөр боломжгүй” гэсэн хариултуудыг өгч байлаа. Ямар ч байсан үүрэн телефоны оператор дөрвөн компаниар ороход энэ талаар тодорхой тайлбар өгчих хүн олдсонгүй. Ихэнх нь “Анх удаа сонсож байна. Тийм унших, татдаг төхөөрөмж байх уу” гэж байлаа.
Хэрвээ ийм хэн нэгний мессежийг унших боломж нээгдвээс айл гэр, эхнэр нөхрийн хооронд хэрүүл уруул тасрахгүй болов уу. Одоохондоо ийм техникийн боломж байхгүй байх шиг байна. Тийм учраас үүрэн телефоны оператор компаниуд дээр хэн нэгэн та бидний бичсэн мессежийг уншаад суудаггүй гэнэ шүү.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ Б.ЧИНЗОРИГ
news.2beshare.com
URL: