Албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын ажилтны амь насыг хохироожээ
Тодруулбал, оройн 20.40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт “Зам дээр явж байсан чиргүүлтэй автомашины дугуй шатаж байна” гэсэн дуудлага ирсэн аж. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлынхан зургаан хүний бүрэлдэхүүнтэй галын хоёр автомашинтай очиход чингэлэгт жимс ачиж явсан том оврын чиргүүлтэй автомашины хойд дугуй шатаж байж.
Ингээд Онцгой байдлын алба хаагчид галыг унтраачихаад 21.20 цагийн үед машиндаа суух гэтэл хойд талаас нь гэнэт хурдтай тээврийн хэрэгсэл орж ирэн хоёр жолоочийг нь дайрч, нэгийнх нь амь насыг хохироож, нөгөөг нь хүнд гэмтээжээ.
Талийгаач 48 настай, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг байжээ. Харин хурд хэтрүүлэн зам тээврийн осол гаргасан жолооч Зэвсэгт хүчний ажилтан, ахлах ахлагч цолтой нэгэн байсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.
URL: