Дөрвөн уулын дундах гамшгийн менежментийг дугуйнаас эхэлье

14120-3tБ.СОЛОНГО

Утааны менежент хийх боломжгүй болсон Улаанбаатарт гамшгийн менежмент хийхээс аргагүй тухай УИХ-ын дарга саяхан хэвлэлд ярьжээ. 2006 онд утааг гамшиг гэж хүлээн зөвшөөрөөгүйгээс өнөөдөр ийм байдалд орлоо гэж тэрээр хэлсэн байна. Улаанбаатар хотод 1993 оноос хойш 423 мянга гаруй айл шилжиж иржээ. Өнөөдөр хүн бүр утааг гамшиг хэмээн хүлээн зөвшөөрсөн. Гамшигтай тэмцэхдээ сайн дурын ажил өрнүүлдэггүй, албаддаг болохыг Их хурлын дарга онцлов. Тэгэхээр Гамшгийн хуульд утааны тухай заалт оруулж, утаа бага гарга хэмээн арав дахин хямдруулж өгсөн зуухыг нь үхрийн махаар сольчихдог, хашаандаа 2-3 машин тавьчихаад мөнгөө хэмнэх гэж дугуй түлж байгаа айлуудад албадлага хэрэглэн тэмцэх болсныг зарлалаа. Энэ хуулийн төслийг ч Гамшгаас хамгаалах газар дээр бэлтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, утаа гаргаж, түүхий нүүрс түлмээр байгаа бол гамшгийн бүс болчихсон дөрвөн уулын дундаас гарахад л болно гэв. Хэн хүнгүй утаанаас залхаж байгаа энэ нөхцөлд З.Энхболд даргын энэ санал гарцаагүй таалагдаж байна. Хүн бүр эрхээ хэтрүүлж мэддэг ч, үүргээ ухамсарлаж чадахгүй байгаа учраас яалт ч үгүй хар утаа ялгаруулж, бусдыгаа хордуулж байгааг нь албадан нүүлгэе гэдэг нь нэг талаас зөв. Гэвч бидний нэрлэдэг ардчилсан нийгэмд албадна, хүчлэнэ, нүүлгэнэ, хөөнө гэдэг тийм ч амархан бүтэх хэрэг биш гэдгийг гадарлаж байна. Тиймээс дөрвөн уулын дундах гамшгийн менежментийг хуучин дугуйнаас эхэлбэл яасан юм бэ З.Энхболд дарга аа.

“Зууны мэдээ” сонин өнгөрсөн оноос эхлэн хуучин дугуйны импортын асуудлыг цэгцлэх хэрэгтэйг сануулж, олон нийтлэл, сурвалжлагыг хүргэсэн билээ. Автомашины тоо нэмэгдэх хэрээр хуучин дугуйны бизнес хүчээ улам авч байна. 2013 оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэлх тоон мэдээллээр манай улс гадны таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолсон байдаг. Жилдээ бараг нэг сая ширхэг дугуй орж ирж байгаа ч хуучин дугуйны гаалийн үнэлгээ бага учраас улсын төсөвт ердөө л 2.1 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Тэгвэл мөн дээрх хугацаанд 183 мянган ширхэг шинэ дугуй импортолж, улсын төсөвт 11.7 сая ам.долларыг татварыг төвлөрүүлжээ. Ардчилал хөгжиж, техник хэрэгслийн төрөл, тоо нэмэгдсэн өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд олон сая ширхгээрээ орж ирсэн хуучин дугуй хаягдал болж л таарна. Тэдгээр хаягдал өнөөдөр хаана байна вэ. Айлын хашааны өндөрлөгөөнд, хөдөөний тосгодод, эсвэл хөрсөнд гээд бодоод үзэхэд дүр зураг харагдаж байна л даа. Гэвч нэлээдгүй хувь нь бидний уушгинд хорт хавдар болон орсныг хэн ч үгүйсгэж чадахгүй байх. Эмч, мэргэжилтнүүд ч үүнийг нотолсоор байна.  Гэр хороололд хаягдал дугуйг ядуучууд л түлж дулаацдаг байсан бол одоо нийтийн байрны эзэд, дугуй засварынхан гээд нүүрсний мөнгөө хэмнэх гэсэн хэн бүхэн түлдэг болчихжээ. Учир нь дугуй бол удаан шатдаг, дээрээс нь маш хямдхан үнэтэй. Захын дугуй засварын газар очиход ширхэг нь 50 төгрөгөөс эхлээд хамгийн дээд тал нь 300 төгрөг л хүрнэ. Шинэ дугуй ч гэсэн хаягдал болно. Гэвч хуучин дугуйг бодвол эдэлгээ урттай. Өөрөөр хэлбэл, жолооч бүр хуучныг биш шинийг хэрэглэж заншвал хог дээр хаягдаж байгаа таван дугуй дөрөв болж цөөрөх юм.  Хилээр орж ирж байгаа хуучин дугуйг зөвхөн тоолж, 15 хувийн татвар ногдуулдаг. Харин чанарт нь хэн ч хяналт тавихгүй байна. Магадгүй өчигдөр худалдаанд гарсан дугуй өнөөдөр хагараад хэн нэгний зууханд орж байж ч мэдэх. Тиймээс хуучин дугуйнд импортыг хориглодоггүй юм гэхэд багасгаж чадвал өнөөх утаа хэмээх гамшгийн менежментийг хэрэгжүүлэхэд томоохон нэмэр болно. Нөгөө талаас олон улсад аюултай хаягдал хэмээн импортлохыг хориглосон энэ бүтээгдэхүүнээр байгаль орчноо бохирдуулахгүй байх боломжтой юм. Мэдээж үнийн хувьд ялгаатай болохоор жолооч нар хуучныг сонгодог. Гэвч машин унаж байгаа бол шинэ дугуй хэрэглэх чадвартай, хариуцлагатай байхыг тэднээс шаардах боломжтой. “Шинэ, хуучин дугуйны хувьд өртөг, ашиглалтын хэмжээнд чанарын ялгаа үнэндээ байхгүй. Харин өртөг нь хоёр дахин өндөр ч эдэлгээ төдий хэмжээний урт байна. Асуудал төлбөрийн нөхцөл дээр л бий. Давуу тал бол мэдээж хуучин дугуйнаас шинэ дугуйных үнэмлэхүй илүү юм” гэж эдийн засагч М.Пүрэвцогт ярьж байлаа. Энгийнээр бодоход ч шинэ дугуй худалдаж авах нь өнөөдөр халааснаас гарах хэдэн төгрөгт халтай ч илүү удаан хугацаагаар хэрэглэнэ гэдэг нь эргээд бидэнд хэмнэлт болох юм. С.Баярын Засгийн газрын үед УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ асуудлыг санаачилж байсан ч дэмжигдээгүй гэдэг. Өнгөрсөн оны сүүлээр УИХ дахь Ард­чилсан намын бү­лэг хуучин дугуйны импор­тыг хориглох асуудлыг хэлэлцэн дэмжиж, Зас­гийн газарт энэ чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон билээ. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газрын төвшинд хуучин дугуйны асуудал яригдалгүй нам жим байна. Тэгэхээр дөрвөн уулын дундах гамшгийн менежментийг хуучин дугуйнаас эхэлж, Засгийн газарт өгсөн чиглэлийнхээ хариуг нэхэж, ажил хэрэг болговол яасан юм, Их хурлын дарга аа!

 

918 МЯНГАН ШИРХЭГ ХУУЧИН ДУГУЙ ИМПОРТОЛЖЭЭ

Гаалийн ерөнхий газраас шинэ, хуучин дугуйны импорттой холбоотой дараах мэдээллийг авлаа. 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ныг хүртэлх статистик ийм байна.

 

Шинэ дугуй

Дээрх хугацаанд гадны 30 улсаас 183759 ширхэг шинэ дугуй им­портолжээ. Үүнээс хам­гийн их буюу 92340 ширхэг ду­гуйг БНХАУ-аас авсан байна. Да­раа нь 36357 ширхэгийг Япон ул­саас импортолжээ. Гааль дээр үнэл­сэн нийт үнийн дүн нь 70.9 сая ам.доллар бөгөөд улсын төсөвт 11.7 сая ам.долларыг төвлөрүүлсэн байна.

Хуучин дугуй

Дээрх хугацаанд гадны таван орноос 918 мянган ширхэг хуучин дугуй импортолжээ. Япон, Солонгос, АНУ, Орос, Хонгконг гэсэн таван улсаас хуучин дугуй авдаг бөгөөд нийт хуучин дугуйны 80 хувийг Солонгос, Японоос импортолдог. Хуучин дугуйны гаалийн үнэлгээ 9-14 ам.доллар бөгөөд энэ онд импортолсон хуучин дугуйны нийт үнийн дүн 13.7 сая ам.доллар болж, үүнээс улсын төсөвт 2.1 сая ам.доллар төвлөрүүлжээ.

 

Эдийн засагч М.Пүрэвцогт:

-Бид хуучирсан дугуйг хаядаг, тэр нь жилдээ 10 хувь (100 мянган хуучин дугуй) -ийг нь гэр хорооллын 20 мянган айл шатааж, цөөхөн нь дахин боловсруулагдаж (резинэн хавтан г.м), ихэнхдээ барилгын материалын орлох хэрэгсэл (хашаа, гэрийн ивээс, гудамжны хаалт г.м ) болж байгаа бололтой. Манай шийдвэр гаргагчид зах зээлийн тоглогчдын (нийлүүлэгч, импортлогч, худалдаачид, ложистик болон санхүүгийн зах зээлийн удирдагчид г.м) эрх ашгийг нарийвчлан хамгаалж, шилжилтийн үеийг нь хохирол багатайгаар тооцсон төлөвлөгөөтэйгөөр аажмаар бүрэн шинэ дугуйны импортод шилжүүлж чадвал эдийн засгийн хувьд тоон утгаараа манай улсад алдагдалтай ч чанар аюулгүй байдлын утгаараа манай хэрэглэгч, ард иргэд, бизнесийн салбарынханд урт хугацаандаа эерэг нөлөө үзүүлэх болов уу.

2013.12.12 “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих