Д.Эрдэнэбат: АН алх цохиод бүх намыг устгачихдаг дампуурсан зүйл байхгүй

147b9c5fbb1929bcoriginalУИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас улстөрийн намуудын тухай хуулийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-“АН парламентад суудалгүй намуудыг  татан буулгана” гэх мэдээлэл гараад байна л даа.  Та ч энэ талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьж байсан.  Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?  
-Улстөрийн нам аливаа шийдвэр гаргахдаа гишүүдийн гаргасан санал, хэлсэн үгэнд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг. Түүнээс санаанаасаа зохиож ярина гэж юу байхав. Мөн тэр асуудлаар сенсаци хийх ямар ч шаадлагагүй. Бид ардчилсан улс болоод 23 жил өнгөрчээ. Хамтын шийдвэр гаргаад 23 жил болж байгаа биз дээ. Хэвлэл мэдээлэл болон зарим хүн “АН Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хаан боогдуулах гэж байна” гэж ярьж, бичиж байна лээ. Ингэж АН руу гал нээх хэрэг байхгүй ээ. Өнөөдөр бид үгээ хэлэх эрх чөлөөтэй шүү дээ.  Тэр парламентад суудалгүй намын тухайд бол АН-ын гишүүд  зүгээр л саналаа хэлсэн.  Санал юм шүү гэдгийг ч би хэвлэлийн хурал дээр онцолсон шүү дээ. Ерөөсөө улс төрийн намууд болон сонгуулийн тухай хууль төрөхдөө бүх намын зөвшилцөл дээр тулгуурлаж шийдэгдэх учиртай. Түүнээс АН дангаараа шийддэг асуудал огтхон ч байхгүй. Ер нь манай улсад байгаа энэ олон нам энэ чигээрээ яваад байх юм уу, эсвэл намынхаа хуульд хариуцлагын асуудлыг өндөржүүлэх заалтуудыг тусгаж өгөх юм уу гэдэг нь гол асуудал болж байна. Өнөөдрийн байгаа 21 намын зарим дарга нар хоёр намд харьяалагдаж байгааг хүлээн зөвшөөрч болох уу. Зарим намын дарга нь Монголд байхгүй, гишүүнчлэлгүй өдий хүртэл явж байгааг хүлээн зөвшөөрөх юм уу. Тэгэхээр улстөрийн нам яах гэж байгууллагддаг  вэ гэхээр Төрийн сонгуульд оролцож, төрийн эрх мэдэлд өөрийнхөө бодлогыг тусгахын тулд өрсөлддөг ийм л жам ёсны хуультай. Тиймээс хуулийнхаа дагуу явуулах эрх зүйн орчныг намуудын болон сонгуулийнхаа хуульд зайлшгүй тусгах ёстой гэдгийг анхааруулга болгон өгч байгаа юм. Мөн манай улс парламентын тогтолцоотой улс учраас намын бодлого, үзэл баримтлалаар дамжуулж төрөө байгуулж байгаа энэ үед төр нь өөрөө хариуцлагатай байх нь хамгийн чухал гэдэг асуудлыг хөндөж байгаа юм.

-Гишүүнчлэлгүй намыг шууд татан буулгана гэсэн юм биш үү?
-Энэ чинь зүгээр д санал шүү дээ. Түүнээс АН бусад жижиг намуудыг татан буулгана гэж юу байхав дээ. Бид санал гаргаж болно биз дээ. Энэ саналд хэн ч эмзэглэх хэрэггүй. Бид ардчилсан нийгэмд байгаа ардчилагчид. Ер нь дэлхийн нийтийн жишгийг харахад хоёр, гурван сонгуульд дараалж оролцоогүй намыг байлгах нь зөв үү, үгүй юу гэдгийг хуульдаа оруулж өгсөн байдаг. Мөн шат, шатны сонгуульд дараалан оролцоод нэг ч суудал аваагүй намыг зохицуулсан хуулийн зохиуцуулалттай байдаг юм билээ. Тиймээс бид дэлхийн жишигт ийм хуулиуд байдаг юм байна гэсэн саналыг л гаргасан. Би хэвлэлийн хурал дээр шууд хэлсэн.  Өөр өнцгөөс харж нийгэмд хүргэх ёстой. Энэ нь эргээд  хэлэлцүүлгийн үед хүмүүсийн анхааралд маш сайн очсон байх ёстой гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа юм. Түүнээс АН алх цохиод бүх намыг устгах дампуурсан зүйл байхгүй.  Санаа зовох зүйл ерөөсөө байхгүй.

-УИХ-д суудалгүй намууд сонгууль болохоор үйл ажиллагаа нь идэвхжиж хүч нэмье гэдэг байдлаар шантааж хийх асуудал гардаг л даа. Тэгвэл үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм бэ?  
-Би улс төрийн гал тогтоонд олон жил явлаа. Яг үнэнийг хэлэхэд сонгууль болохоор ирж наалддаг намууд байдаг юм аа. “Бидэнд тэдэн төгрөг өгчих, бид та нарыг дэмжээд өгье” асуудал ярьдаг намууд бий. Энэ бол ардчиллын үнэ цэнэ биш шүү дээ. Намд сонгуульд яах гэж оролцдог юм гэхээр өөрийнхөө улс төрийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн нам өөрийнхөө үзэл үзэл баримтлалд нийцсэн бодлоготой байх ёстой. Түүгээрээ дамжуулсан зорилготой,  хамтран ажиллах боловсон хүчинтэй намыг л нам гэж нэрлье гэж байгаа юм.

Д.Ангараг


URL:

Сэтгэгдэл бичих