Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргээс ангид байлгаж чадна гэдэг нь эргэлзээтэй

527-139018385192bc6d16e1366db5originalАрилжааны банкууд хаалгаа барьж мэдэх нь. Учир нь өрх бүр гэртээ сейфтэй болох уриалга гаргаж, энэ чиглэлээр аян өрнүүлсэн гэдэг шүү. Банкаар гүйлгээ хийх нь бусдын анхаарлыг татах төдийгүй хуулийн байгууллагаар хэдэнтээ орох шаардлагатай болох тул ийм арга хэмжээ авч эхэлсэн юм байх.
Тодруулбал, 20 сая төгрөгийн гүйлгээ бүрийг хууль хяналтынхан шалгаж эхэлсэнтэй холбоотой. Монгол Улс бохир мөнгөний урсгалд автах аюултай хэмээн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өнгөн дээрээ ингэж тайлбарлаж буй ч цаг хугацаанд баригдаж, нүд хуурах байдлаар түүхий хууль баталснаа гишүүд өнөөдөр ч үгүйсгэдэггүй.
Үнэндээ дээрх хуульд өөрчлөлт оруулах ямар ч шаардлага байгаагүй. Энэ бол туйлын үнэн байв. Харамсалтай нь, 2011 оноос хойш ОУВС, ФАТФ, Дэлхийн банкнаас зөвлөж, гуйж гувшсаар эцэст нь дээрх хуульд яаран сандран өөрчлөлт оруулсан юм. Эс бөгөөс манай улс өнгөрсөн онд гадны хөрөнгө оруулалт, олон улсын эдийн засагт чөлөөтэй оролцох боломжоосоо хагацах байлаа.
Өөрөөр хэлбэл, ФАТФ буюу томоохон 20 орны Сангийн сайд нараас бүрдсэн байгууллага манай улсад 40 орчим зөвлөмж өгсөн байдаг. Дээрх зөвлөмжүүдийг судалж, хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсыг “Хар жагсаалт”-д оруулах хүндхэн шахалттай. Дээрх хууль батлагдахын өмнөхөн тус байгууллагын хурал болж манай улсад хүргүүлсэн зөвлөмжийнхөө биелэлтийг шалгаж, зургадугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр хуулиа өөрчлөхийг шаардсан нь бий.
Эцэст нь эрхэм түшээд хуулийн төслийг нүдээ анин кнопдов. Гадныхны захиалгаар цаг хугацаанд баригдаж, нүд хуурах байдлаар баталсан энэхүү хууль Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргээс ангид байлгаж чадна гэдэг нь эргэлзээтэй. Нэн тэргүүнд АТГ-аас шалгагдаж буй олон их наядаар тоологдох санхүүгийн гэмт хэргүүд дээрх мэдээллийг үгүйсгэж байгааг хууль батлагдсаны дараахан гадны хэвлэлүүд тодотгосон байдаг.
Үүнээс УИХ-ын гишүүн С.Баярцогтын санхүүгийн булхай томоохон шуугиан тарьсан. Хамгийн гол нь энэ хэргийг шалгах ч үгүй орхисон нь Монголын улс төр, эрх баригчдын өнөөгийн төрх гэж “Business Week” тэргүүн өгүүлэлдээ дурьдсан нь ч бий. Монголд бизнесийн гэмт хэргийн бүлэглэлүүд биш улс төрийн хүрээгээр дамжин мөнгө угаах боломжтойг ч тодотгосон байсан.
Эдийн засаг шигээ хэврэг парламент нь энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэх, цаашлаад гардан гүйцэтгэгчид нь орогнож байх магадлалтай гэлцдэг Тиймдээ ч Монгол Улс олон улсын гэмт хэрэгүүдийн дамжин өнгөрөх цэг, орогнох газар болох магадлал хамгийн өндөр. Үүний гол эрсдэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх цаашилбал цөмийн зэвсгийн үйлдвэрлэл рүү урсгах аюултай аж.
2006 онд баталсан хуулиа уншаагүй байсан гишүүд энэ тухай таамагласан болов уу. Хуулиа уншаагүй байсан тэд нэмэлт өөрчлөлтийн .талаар сонирхоо ч үгүй гэдгийг зарим нэг нь хэлдэг л юм. Батлахаас өор арга байхгүй гэхээр нь ирц бүрдүүлж кноп л дарсан гэх ичгэвтэр хариулт хэлэхийг яана.
Харин хожим нь зарим нэг заалтыг гэнэт олж уншаад их цочирдох шиг болсон гэж байгаа. Гэтэл өнөөх нэмэлт заалтад нь банкаар хийгдсэн 20 сая төгрөгийн гүйлгээ тутмыг шалгахаар хуульчилчихсан. Тодруулбап, хуулийн 7.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй”.
Мэдээлэл өгөх үүрэг бүхий дээрх байгууллага, албан тушаалтан харилцагчтайгаа санхүүгийн харилцаа үүсгэх, шинээр 20 хүртэлх сая төгрөгийн гүйлгээ хийх, эсхүл 24 цагийн дотор гүйлгээ тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөг хүрэхгүй боловч нийт дүнгзэрээ 20 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хэд хэдэн гүйлгээ хийх.
Түүнчлэн гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэх, харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийг тодруулах зэрэг тохиолдолд харилцагчаас доорх мэдээллийг заавал гаргуулж авна” гэжээ. Мэдээж сэжигтэйг нь гэх тодотголтой.
Харамсалтай нь, энэ нь санаатайгаар /дургүй хүнээ ч юм уу, хэн нэгний захиалгаар/ шалгах үндэслэлийг бий болгочихсон. Нэг ёсны хуулийн цоорхой. “Иргэдэд ямар ч дарамтгүй. Жирийн иргэд террорист байгууллагатай харилцахгүй, хэн нэгний хууль бусаар олсон мөнгийг угаах гэж оролдохгүй” гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлж байсан. Гэтэл энэ үг бас л эргэлзээтэй.
Заасан мөнгөн дүнтэй дүйцэхүйц гүйлгээ хийсэн бол Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэг хүлээнэ. Энэ бол эхний алхам. Улмаар утга агуулгаа гаргаж өгч, тайлан тооцоогоо ч хуулийн байгууллагад гаргаж өгөх шаардлагатай болно гэж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлын таван өдөрт багтахуйц хэмжээний явдал суудал гарах бололтой юм.
Наад захын жижиг аж ахуйн нэгж л гэхэд өлхөн 20 сая төгрөгийн гүйлгээг хийдэг болсон цаг Бараг сар бүр түүнээс дээш хэмжээний орлого, зарлагын гүйлгээ хийдэг биз. Тэгэхэд тэр бүр шалгагдах шаардлагатай болох нь. 24 цагийн дотор гүйлгээ тус бүрийн үнийн дүн нь 20 сая төгрөг хүрэхгүй боловч нийт дүнгээрээ 20 сая төгрөгтэй дүйцэх хэмжээний хэд хэдэн гүйлгээ хийх заалттай юм чинь.
Цаашлаад хуулиа ч уншилгүй баталсан эрхэм түшээдийн нэр дээрх комнаниуд түүнээс хэд дахин хэмжээний гүйлгээ хийж буй. Гэтэл тэр бүр нь хууль хяналтынхны анхаарлыг татаж, өрсөлдөгчдөд нь өгөөш болох хувилбартай. Магадгүй хадгаламжиндахийг нь шалгана гэж муйхарлах вий, харь улсын захиалгаар.
Үнэндээ үүрэн телефоны оператор компаниуд нь ч, банкууд ч харилцагчдынхаа итгэлийг хүлээж, нууцыг чанд хадгалж чадахгүй болсноос хойш гар утас барихаа больж, бас банкинд данс нээлгээд ч яадаг юм бэ. Аль аль нь үйлчилгээний гэхээсээ илүү тагнуулын байгууллага мэт анкет бөглүүлж, ар өвөргүй хувилан тараахыг зөвшөөрмөөргүй байна.
Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гээд байгаа юм бол угтаа гаднаас орж ирэх хөрөнгө оруулапт, гадагшаа урсах мөнгөнд л хяналт тавих хэрэгтэй юм биш үү. Манай улс шиг хамаг мөнгөө гадагш барьж гүйдэг, хил хязгааргүй урсгадаг улс дэлхийн хаана ч үгүй байх.
Дотоод дахь ядарсан иргэдийнхээ мөнгөн гүйлгээг хянаж цагдах гэхийн оронд гадаад эзэнтэй компаниудаа л хоточ нохой мэт манах ёстой бус уу. Манай урд хөрш л гэхэд хөрөнгө оруулалтаа хэзээ ч мөнгөн хэлбэрээр оруулдаггүй. Хөрөнгө оруулалт нэрээр баахан болсон болоогүй бараа материал л нийлүүлдгийг адгийн тэнэг ч мэдэх байх.
Тэр мэтчилэн гадны эзэнтэй, гадны хөрөнгө оруулалттай компаниудад л эл хуулиа зориулах хэрэгтэй болохоос дотоод дахь гүйлгээ, харилцаагаа хардаж сэрдэн будилна гэдэг дэндүү эмгэнэлтэй санагдана.
Эцэстээ эл хуулийн төсөл мөнгө угаах, терроризмтэй тэмцэх гэхээсээ илүү хөршийнхөө хүүг сайн явахад атаархаж, арыг нь ухдаг, аль мууг нь үзэх гэдэг жалга довны үзлээс илүү харагдахгүй байна. Хэрэв төр, төсвийн мөнгийг угаах вий хэмээн сэрдэж буй бол эгэл бизнесмэн, энгийн ардын хэтэвчийг өнгийхгүйгээр шийдэж болох л байлтай.
Д.Дорж
Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин

URL:

Сэтгэгдэл бичих