Ерөнхийлөгч өө, хэлсэн үгэндээ эзэн болъё
-“Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл 360 градус өөрчлөгдчихлөө-
Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.
Уг нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдаар давхар ажиллахгүй, Засгийн газрын танхимын Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-аас суудалтай байхаар зохицуулсан хуулийн төсөл юм.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөж байхдаа УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудлыг маш их ярьсан бөгөөд парламентын гишүүд ажлаа хийхгүй сайдын ажлаа хийгээд явчихдаг, Засгийн газарт хяналт тавих үүргээ УИХ биелүүлж чадахгүй байгааг өөрчилнө гэх том амлалт өгсөн.
Тэрбээр, саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” гэх уулзалтын үеэр нь энэ асуудлаа ярьж, иргэдийн талархлыг хүлээсэн юм.
Гэтэл өнөөдөр энэ заалт нь хэрэгжих үү, эсвэл эрх баригч болон цөөнхийн улс төрийн шоу болоод өнгөрөх үү гэдэг нь тодорхой бус болчихоод байна.
Иргэдийн дунд ч Ерөнхийлөгч зүгээр л улс төрийн шоу хийгээд өнгөрлөө гэсэн хардлага явж байгаа.
Учир нь, өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцээд шийдчих байсан нэмэлт өөрчлөлтийг гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлууллаа.
Баасан гарагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байгаа нь энэ нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхгүй аль болох хугацаа авах гэсэн оролдлого гэж харагдаж байна.
Парламентын гишүүд энэ нэмэлт, өөрчлөлтөд тун дэгжин нэр өгчихсөн.
“Давхар дээл”-ийг тайлуулах гэж нэрийдсэн өөрчлөлтийг хэлэлцэх явцад хоёр улс төрийн хүчин өөр өөрсдийн эрх ашигт нийцсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, үүнийгээ хамгаалж хэрэлдсээр байгаа юм.
Тухайлбал, МАН-ынхан хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь буюу энэ сард багтааж хэлэлцээд баталчихвал тэр өдрөөс нь мөрдөж, одоогийн сайдуудыг ажлаас нь чөлөөлж, парламентын гаднаас томилох хүсэл эрмэлзэлтэй байгаа.
Ингэсэн тохиолдолд мэдээж Н.Алтанхуягийн бүрдүүлсэн Засгийн газар нуран унаж, шинэ сайдууд томилогдож, нөгөөдүүл нь ажлаа авч, танилцах гэж ядсаар 2016 онд юу ч хийгээгүй сууж байх учраас МАН-д ашигтай нүүдэл болчихоод байгаа юм.
Хоёр, хоёр жилээр ажлыг халтарласан сайдуудтай АН-д дахин итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй учраас МАН энэ гарцыг олж хараад хугацааг хууль батлагдсан өдрөөс гэж зөрүүдэлж байгаа.
Харин АН-аас гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын нэгдүгээрх нь УИХ-ын сонгуульд аль ч нам, эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно.
Хоёр дахь нь, УИХ-ын сонгуулийн дүнд олонхи бүрдсэн нөхцөлд Засгийн газрын гишүүний 50-иас дээшгүй хувь нь УИХ-аас сонгогдож болно гэх санал юм.
Нэгдүгээрх саналыг нь Ч.Сайханбилэг “Муу ёрын санал” хэмээн тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, нам эвсэл сонгуульд оролцохдоо олонхи бүрдүүлэх гэж, ялах гэж бодлого тодорхойлж ордог учраас иймэрхүү заалт байх хэрэгтэй эсэхийг тодруулж байв.
Гэхдээ намын жагсаалтаар орж ирдэг, гурван намын төлөөлөл хамтарч Засгийн газрыг байгуулсан өнгөрсөн сонгуулийн үр үр дүнг харахаар энэ заалтыг заавал тусгаж өгөхөөс аргагүй болсон гэх. АН-аас оруулж ирсэн хоёр саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн юм. Харин МАН-ынхан дээрх хоёр саналыг мөн л эсэргүүцэж байгаа. Тэд ядахдаа бодлогын яамд болох Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Хууль зүй, Байгаль орчин, ногоон хөгжил, Сангийн яамны сайдуудыг УИХ-аас томилдог байж болох юм гэсэн хувилбар гаргаж ирсэн.
Ерөнхий сайдаас бусад нь гаднаас байх Ерөнхийлөгчийн мөрөөдөл парламент дээр хэлэлцэгдээд бараг л “360 градус” эргэх нь ээ.
Хоёр нам саналаа нэгтгэж 50 биш юмаа гэхэд ядахдаа бодлогын яамдыг парламентаас сонгодог боллоо гэхэд хамгийн багадаа УИХ-аас зургаан сайд гарна.
Эсвэл тэр үед Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа гэхэд түүнээс ч илүү сайдууд УИХ-аас “мэндлэх” болчихоод байна.
МАН-ын саналыг дэмжлээ гэхэд шүү дээ.
Харин АН-аас 50-аас дээш гэдэг нь хуульд тусгалаа олчихвол 9-10 сайд УИХ-аас гарна.
Тэгэхээр хууль батлаж тоглох хэрэг байна уу.
Тэртэй тэргүй л дахиад л сайдуудаа дотроосоо томилж, УИХ нь үүргээ биелүүлж чадахгүй арчаагаа алдах хүсэл сонирхлоо хамгаалж байгаа бол одоогийн хуулиараа явж байвал барав.
Эрх баригчид болон цөөнхийн энэ мэт дураараа дургиж байгаа асуудлыг Ерөнхийлөгч яагаад яагаад зүгээр хараад суугаад байна вэ. Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох хэрэгтэй байна. Хуулийг нь дураараа өөрчилж, өөр өөрсдийн эрх ашигт нийцүүлж байхад дуугарахгүй, тэднийг хараад суугаад байгаагийн учир шалтгаан юунд байна вэ. Хуулийг нь өөрчлөх гээд байвал хуульд нь хориг тавиад, эсвэл буцаан татах эрхзүйн орчин хангалттай байна.
Тийм атал дураараа дургиж, Засгийн газрын 50 хувийн сайдыг УИХ-аас томилох, таван яамыг нь зөвшөөрнө, хариуд нь та нар хуулиа батлагдсан өдрөөс нь мөрдчих хэмээн хуулийнх нь заалтаар тохироо хийж, дураараа дургиж байхад дуугүй хараад суугаад байгаа нь энэ хуулиар шоу хийсэн юм байна гэх хардлага үнэн юм биш үү гэж итгэхэд хүрээд байна.
Улс төр судлаачдын гаргасан дүгнэлтээр УИХ-аар батлагдсан хуулийн төслүүдээс 25 хувийг нь УИХ-ын гишүүд, үлдсэн 75 хувийг нь Засгийн газраас болон Засгийн газрын сайдууд өргөн мэдүүлсэн гэсэн судалгаа гарсан байна.
Улс төр судлаач Г.Батмөнх “УИХ-ын гишүүд гэдэг чинь хууль батлах гэж УИХ-д суудаг. Мөн Засгийн газарт хяналт тавьж ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр юу болж хувираад байна вэ гэхээр Засгийн газрын сайдуудын оруулж ирсэн хуулийг кноп дарж баталдаг хүмүүс болж хувираад байна. Тиймээс давхар дээлээ тайлах ёстой болчихоод байна” хэмээн ярьжээ.
Гончигоо гишүүний зүйрлэж хэлсэнчлэн дан дээлтэй гараад даарчих болов уу яах бол гэж эргэлзэх хэрэг алга.
Давхар дээлээ нимгэл, эс бөгөөс дээлтэйгээ үлдэж, хууль батлах гэж зугаацаж байгаагаа зогсооё.
Б.Өнөртогтох
URL: