Микро үнээ нэмлээ, Төр юу бодно вэ?

Автобус, гэрэл цахилгаан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэнэ үү гэхээс хасагдана гэж үгүй. Төр засаг үнийн өсөлт дээр жаахан ч гэсэн бодлого баримаар юм. Сонгууль дөхөхөөр ард түмэн минь та нартаа бид хайртай дуртай, та наргүй бол бид юу ч биш гэж хэлэх мөртлөө, сонгууль дуусангуут л ард түмэн арчаагүйдээ л ядуу, буурай амьдарч байгаа юм гэж чичлэх нэгэн байдаг.

Ард түмнээ олигтойхон шиг өмөөрөөд дуугарчих эрхэм байхгүй болохоор бизнес эрхлэгчид ч ард түмнийг үнийн хөөрөгдлөөр дарлана. Номхон хүлцэнгүй ард түмэн нь амандаа үглээд л өнгөрнө. Тэгж байтал нөгөө үнийн өсөлтөд нь дасчихна. Цахилгаан дулааны үнэ нэмэгдэх сургаар хэдэн наймаачид нь өргөн хэрэглээний барааныхаа үнийг тэнгэрт гартал өсгөнө. Тэгж байтал бензин шатахууны үнэ нэмэгдэхээр автобус унааных нь үнэ өснө. Автобус унааны үнэ өслөө гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин өснө. Буурна гэсэн асуудал бол огт байхгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ буурлаа гэвэл ёстой нэг нар баруунаас мандах нь болох байлгүй.

Дизелийн түлшний хомсдол үүсч тээврийн газрууд үнээ нэмэх талаар ярилцаж эхлээд тодорхой шийдэлд хүрээгүй байхад л үнээ дураараа нэмчихэв ээ.
Өнөөдрөөс л гэхэд микро автобуснууд нь үйлчилгээнийхээ үнийг нэмчихлээ. Одоо яах ёстой вэ?

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа “…Иргэн хүний хувьд шатахууны үнэ гэнэт өссөнийг сонсоод “Монголын төрд хүчтэй, бодлоготой эдийн засагч дутагдаж байна даа” гэж бодож байлаа” хэмээн ярьсан байдаг. Нээрээ л манай төрд эдийн засгийн мэдлэгтэй хүн дутаж байна уу даа. Эсвэл мэдлэг байсан ч ард түмнийхээ төлөө толгойгоо ажиллуулахыг хүсдэггүй юм болов уу?
Төрийн толгойд суусан эрхмүүд ээ. Үнийн хөөрөгдөл гэдэг юм чинь ард түмний чинь нуруун дээр хүнд ачаа болсоор байна. Та бүхэн ард түмнийхээ өдрийн орлогыг өөрсдийн орлого шигээ бодох хэрэггүй л байх.
Н.Батаа

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих