УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдана
УИХ-ын шинэ долоо хоногийн үйл ажиллагаа өнөөдөр уламжлал ёсоор УИХ дахь нам, эвслийн бүлэг болон ажлын хэсгийн хуралдаанаар эхэлж байна.
Тодруулбал УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тус тус 10.00 цагаас хуралдах бол Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан болох юм.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Урт нэрт” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдах аж.
Энэ долоо хоногийн хувьд чуулганаар шинээр хэлэлцэгдэж эхлэх хууль, тогтоолын төслөөс дурдвал ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулах зорилгоор Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулийн төсөл байгаа юм. Харин Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах болжээ.
Н.Туяа
montsame
URL: