Хятадын хүчний байгууллагынхан Монголоос хүн хулгайлжээ

-Энэ явдалд дэлхийн Монгол туургатнууд Монгол, Хятадын Засгийн газрыг буруутгаж байна-

Улс төрийн орогнол хүсч ирсэн Өвөрмонголын Отгийн өмнөд хошууны уугуул, Их зуу аймгийн Ордосын Монгол Төвдийн анагаахын сургуулийн захирал, Монгол үндэстэн залууг Улаанбаатар хот дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн суурин төлөөлөгчийн газрын үүднээс дөрвөн Хятад, арван Монгол цагдаа баривчилсан тухай мэдээлэл өнгөрсөн жил дэлхийн Монгол туургатнуудын дунд тархсан.

Ийнхүү Өвөрмонголын эх оронч залуу Батзангааг Монголын эрүүгийн цагдаагийн хамгаалалт дор БНХАУ-ын Цагдаа, Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд баривчлан авч явах ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт гардан гүйцэтгэсэн юм. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, манай улсын нэгдэн орсон Хүний эрхийн гэрээ конвенциор хүлээсэн үүрэг хариуцлагад харш, ардчилсан орнуудын нийтээр дагаж мөрддөг хүний эрхийг хамгаалах наад захын хэм хэмжээг бүдүүлгээр зөрчсөн явдал гэж тухайн үед иргэний хөдөлгөөнүүд, хүний эрхийн байгууллагууд мэдэгдэл гарган төрийн өндөрлөгүүдэд хүргүүлж байжээ.

Энэ баривчилгаанаас үүдээд манай цагдаагийн байгууллага урд хөрш болох их гүрний дарамт дор байгаа юм биш биз гэсэн асуулт иргэдийн дунд хэсүүчилж байна. Хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд хэрэгтэн шилжүүлэх, хамтран ажиллах санамж бичиг, гэрээ хэлэлцээр бий. Энэ дагуу нэлээд ажил хийгддэг юм билээ.

Гэвч аль ч улсын цагдаа өөр оронд улс төрийн орогнол хүссэн хэн нэгнийг тухайн улсад нь очиж баривчлах эрхгүй. Хятадын цагдаа ямар давуу эрх эдэлж манайд ийм үйл ажиллагаа явуулав гэдэг сонирхолтой.

АНУ болон Европ, Японд буй олон Монгол туургатнууд Батзангаа түүний гэргий Баянхуар, есөн настай охин Чилүгэнийг баривчилсан явдалд Хятадын болон Монголын цагдаа нарыг буруутгаж мэдэгдэл гаргасаар байна. Тэд энэ мэдэгдлүүддээ олон улсын хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж Монголын Засгийн газрыг буруушаажээ. Энэ асуудалд Монголын төр засгийн өндөрлөгүүд улстөрчид ямар байр сууринаас хандаж байна вэ?

БНХАУ-ын цагдаа нарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баривчилгаа явуулах боломжийг хэн олгосон бэ?

Дэлхийн Монголчуудын гал голомт байх учиртай Монгол Улсыг цаашид олон арван Батзангаа зорьж ирнэ. Тэр бүрийд бид энэ удаагийнх шиг шилээ харуулаад байхуу? Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт есөн сая гаруй Монгол туургатан амьдран суудаг. Энэ бол шоргоолж мэт бужигнасан Хятадуудын дэргэд байхгүйтэй адил тоо.

Оросын, Хятадын гэх зэрэг тодотголтой олон Монгол туургатнуудын зүрхэнд авралын од болж харагддаг ганц гэрэл нь тусгаар тогтносон Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатар гэлцдэг.

Хаа газраас Улаанбаатарыг авралаа гэж зорьж ирсэн нэгнийг нь харийнхантай хамтран барьж явуулаад байвал хөх толботнууд удахгүй “Улаан ном”-д орох биз. Гэтэл эх орноос нь өөрийнхөө иргэнийг хулгайлсан явдалд Англичууд хэрхэн хандаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан ажилтанг маань хүртэл эх нутагт нь буцаах эсэх нь маргаантай байна. Ингээд зогсохгүй үүнээс болж олон улсын тавцанд манай улсын нэр хүнд унаж байна. Гэтэл манай улсаас иргэнийг маань хулгайлсан Хятадын нэр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

С.Энхзаяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих