Эрүүдэн шүүдэг “харанхуй засаг” хэвээр байх уу?

-“Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг үргэлжлүүлэн хорих шийдвэргаргажээ-

Одоогоос 10-аад жилийн өмнө Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн үйлдвэр ёстой л түм түжигнэж бум бужигнасан газар байлаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс “Энэ байшинд чинь их жанжин Д.Сүхбаатар анх ажилд орж, үсэг өрөгч хийж байсан юм” гээд л хөөрдөгсөн. Тэгэхээр энэ барилга лав л 100 гаруй жилийн түүхтэй юм билээ. Анх энд нийслэлийн өмчит Улсын хэвлэлийн үйлдвэр байсан бол сүүлд нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонин нүүн ирж, нийслэлийн өмчит хоёр газар нэгджээ.

Сонины үндсэн хөрөнгө болох одоо балгас болчихоод байгаа улаан байшинд маш олон түрээсийн байгууллага байдаг байлаа. Соёлын төв өргөө рүү харсан урд хаалганд нь “Коника” гэрэл зураг угаалгын газар, дотор нь хүнсний дэлгүүр, түрээсийн хэвлэх үйлдвэрүүд, компаниудын оффис гээд лав л 20-иод газар байсан. Засвар муу хийдэг, дээр нь түрээслэгчид өөрийнхөө дураар хана туургыг нь нурааж сэтэлдэг байснаас энэ байшин жил ирэх тусам улам л муудаж байлаа.

Дээврээс нь ус гоождог байсан учир нэг удаа дээврийн төмрийг бүгдийг нь сольж шинээр дээвэрлэсэн ч хуучнаасаа долоон дор болж, түр зуурын борооноор л хувин хувингаар дусаал гоождог болсон байна. 2004 онд уг объектыг хувьчилж, эрт галавын үеийн энэ байшинг буулгаж, газрыг нь үнэд хүргэх, эсвэл дээр нь давхар байшин барьж хувь эзэмшүүлэх гэсэн хоёр хувилбартай төлөвлөгөөг тухайн үед Улаанбаатар хотын ерөнхий менежер байсан Т.Бадамжунай санаачлан гаргажээ.

Түүний санааг тухайн үед Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга байсан М.Энхболд, НИТХ-ын дарга Т.Билэгт нар дэмжиж шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ тэд хэвлэх үйлдвэрийг дангаар нь хувьчилсангүй. “Улаанбаатар таймс” сониныг хамтад нь хувьчлах шийдвэр гаргаснаар даруй хэрэгжиж “Улаанбаатар таймс” нэртэй менежментийн баг 2004 оны тавдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай менежментийн хувьчлалын гэрээ байгуулжээ Хэд хэдэн менежментийн баг саналаа ирүүлснээс “Улаанбаатар таймс” баг шалгарсан байна.

“Улаанбаатар таймс” менежментийн багийн гишүүдийн ахлагчаар “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Ж.Саруулбуян, сонины хамт олныг төлөөлж тус сонины ажилтан Ш.Ундармаа, Н.Ариунтуяа, болон “Сэрүүлэг” сонины эрхлэгч С.Баярмөнх, А.Гансүх, социологич О.Алтан, хувийн хэвшлийн төлөөлөгч Б.Согоосүрэн нарын хүмүүс байжээ.

Л.СЭРГЭЛЭН ГЭЖ ХЭН ВЭ?

“Улаанбаатар таймс” сонин эхлээд “балгас”-ныхаа нэг буланд толгой хоргодож байснаа сүүлдээ ийш тийш баахан нүүдэллэжээ. Хөөрхий өнөөх хотын сонины сэтгүүлчид хуучин Улаанбаатар банкны цэнхэр шилэн байранд орж үзэв. “Тэнгис” кино театрын орчим нэг байшингийн хоёр давхарт хэсэг толгой хоргодож, нэг хэсэг Улаанбаатар радиогийн доод хонгилд “амьдарч” үзэв. Дараа нь МУИС-ийн хойно Шихихутаг дээд сургуулийн хажууд нэг байшинд оров. Түүндээ бас л удсангүй МУИС-ийн урд нэг орон сууцны хоёр өрөө байранд толгой хоргодов.

Ийнхүү 90 жилийн түүхтэй энэ сонин залуу оюутан шиг орон байр хэсэж явсаар одоо өөрийн үндсэн хөрөнгө болох хуучин байшингийнхаа балгасны чанх хойно Лобби төвийн таван давхарт ирээд байгаа билээ. Тус сониныхныг байрнаас нь гаргаж, байшинг нь нураан балгас болгосон хүн нь Л.Сэргэлэн. Менежментийн хувьчлалын эхний шатны хувьчлалын шийдвэр гарсны дараа “Улаанбаатар таймс” сонин хэмээх хуулийн этгээдийн харъяалал болон эзэмшилд 2000 орчим захиалагчтай Улаанбаатар таймс өдөр тутмын сонин, сонины хамт олон, хэвлэлийн болон автомашинууд зэрэг хөдлөх хөрөнгө, бүрэн бүтэн байшин барилга байжээ.

Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуян хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг олохын тулд тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайгийн танилцуулж, зөвлөснөөр иргэний нисэхийн “Хангарьд” компанийн захирал Л.Сэргэлэнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Энэ гэрээгээр Л.Сэргэлэн “Улаанбаатар таймс” сонины барилгад хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж, ингэснээр тус сонины менежментийн багт орох, улмаар хөрөнгө оруулалтаа хийж дуусмагцаа тус сонины 40 хувийг эзэмшихээр Ж.Саруулбуянтай тохирчээ.

Гэрээг богино хугацаанд хийсэн учир дээрх асуудлыг менежментийн багийн гишүүддээ тодорхой танилцуулах, менежментийн багийн гишүүдийн дэмжлэгийг авах ажил дээр зарим дутуу хийсэн зүйл гарсан байна. Л.Сэргэлэн, Ж.Саруулбуян нар гэрээ хийсний үндсэн дээр “Улаанбаатар таймс” сонины барилга байгууламжид үндсэн засвар хийж өндөрлөн таван одтой зочид буудал болгохоор шийдэж, хөрөнгө оруулж эхэлжээ. Үүний тулд эхлээд “Улаанбаатар таймс” сонины хамт олныг өөр байр руу нүүлгэх ажил хийжээ. Суларсан байшингийн гаднах ханыг нь үлдээж, бусад хэсгийг нь нурааж эхэлсэн байна.

Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улаанбаатар таймс” сонины барилга хуучин байшин тул хананых нь даац муу, тиймээс өндөрлөж болохгүй гэсэн дүгнэлт гаргаж ирүүлжээ. Хуучин барилга байшин байсан, дээр нь гаднах ханыг нь үлдээгээд бусад хэсгийг нь нураасан тул засвар эхлэхээс өмнө бүрэн бүтэн байсан барилга дотор засвар хийж эхэлснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ямар ч бололцоогүй болсон байна. Энэ хооронд Л.Сэргэлэн нэгэнт “Улаанбаатар таймс” сонины хамт олныг шаардаж өөр байранд нүүлгэж оруулсан тул тэдгээрийн байрны түрээс болон зарим зардлыг нэг хэсэг хугацаанд хариуцан төлжээ.

Үүнд нийтдээ 490 сая орчим төгрөг гаргасан гэх. Гэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгаад барилга байгууламжийг нураах ажилд 200 сая төгрөг гаргасныг тогтоожээ. Харин бусад зардлыг байрны түрээс, хамт олны цалин зэрэг зардалд гаргасан эсэхийг хоорондоо хэлэлцэж тооцоо нийлэх ёстой гэж үзсэн байна.

ХУВЬЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД ЮУ БОЛОВ

Тэгэхээр анхнаасаа барилгыг өндөрлөж болох эсэх талаар анхаараагүй нь буруу болжээ. Ж.Саруулбуян ажлын харилцааны тогтсон журмын дагуу Нийслэлийн удирдлагад хандаж хувьчлалын хүрээнд менежментийн багийн хийх гэж байгаа ажил буюу байшинг өндөрлөж зочид буудал болгох талаар танилцуулахад хотын удирдлага болгоомжлон, тодорхой хариу өгөөгүй ажээ.

Иймээс Л.Сэргэлэн дураараа аашилсан болж таарч байгаа юм. Менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуянгийнхаа өмнүүр орон Л.Сэргэлэн менежментийн багийн хурлыг хэд хэдэн удаа зарлан хуралдуулж, Б.Согоосүрэн, С.Баярмөнх, О.Алтан нарыг хуралдаа ирдэггүй гэсэн шалтгаанаар менежментийн багаас гаргах тухай асуудлыг зүтгүүлэн, мөн Ж.Саруулбуянгийн менежментийн багийн ахлагчаас татгалзах хүсэлтийг хотын захиргаа руу явуулсан байдаг. Гэвч хотын захиргаа эдгээр асуудлуудад тодорхой хариу өгөлгүй судлах, хойшлуулах гэсэн шалтгаанаар буцааж байжээ.

Энэ хугацаанд Ж.Саруулбуян, Л.Сэргэлэн нарын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх асуудал яригдсангүй. Ж.Саруулбуян Л.Сэргэлэнг хөрөнгө оруулалтаа бүрэн хийж тодорхой үр дүн гаргах, ажилчдын цалинг тогтмол олгож байх, түрээсийн төлбөр хариуцах талаар хүсч, шаардаж байсан бөгөөд хариуд нь Л.Сэргэлэн менежментийн багаас болон хотоос гаргасан зардлаа эргүүлэн авах тухай хүсэлт, шаардлага тавьж байв. Хэсэг хугацааны дараа Ж.Саруулбуянг Д.Чулуунбаатараар солих хүсэлтийг менежментийн багаас хотын захиргаанд тавьжээ.

Тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан Т.Билэгт нөхцөл байдалтай танилцаад менежментийн багийн гаргасан шийдвэрийг дэмжсэнээр Ж.Саруулбуянгийн оронд До.Чулуунбаатар орж иржээ. Ингээд хоёр дахь шатны хувьчлал болж багийн ахлагч До.Чулуунбаатар менежментийн багтаа танилцуулж дэмжлэг авсны дагуу “Медиа холдинг” компаниас 370 орчим сая төгрөгийг цөөнхийн хувьцаагаа барьцаалан босгож, менежментийн багийн өмнөөс гэрээ хийж, Улаанбаатар хотод хугацаанд нь багтаан хувьчлалын төлбөрийг хийжээ.

Хоёр дахь шатны хувьчлал хийхэд менежментийн багт До.Чулуунбаатар, Ж.Саруулбуян, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа, хуульч Н.Гансүх, сэтгүүлч С.Баярмөнх, хувийн хэвшлийн төлөөлөгч Б.Согоосүрэн, социологич О.Алтан нар байжээ. Харин Ж.Сэргэлэн хөрөнгө оруулалтын гэрээгээ биел үүлээгүй учир менежментийн багт багтсангүй. Нэгэнт хөрөнгө оруулалт зохих ёсоор хийгээгүй, хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүй учир Л.Сэргэлэн менежментийн багийн гишүүн болох, тус төслийн 40 хувийг эзэмших асуудал гэрээний дагуу хүчингүй болжээ. Мөн Ж.Саруулбуян, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа Б.Согоосүрэн нар өөр ажилд шилжсэн болон ар гэрийн шалтгаанаар багийн ахлагч До.Чулуунбаатарт хувьцаагаа зарсан байна.

Ингээд төслийн хэрэгжүүлэгч багт багийн ахлагч До.Чулуунбаатар 33 орчим хувьтай, хуульч н.Гансүх, сэтгүүлч С.Баярмөнх, социологич О.Алтан нар тус бүр 6-7 орчим хувьтай болж “Медиа холдинг” компани олгосон зээл, гаргасан зардал, босгосон хөрөнгийн барьцаанд 49 хувийг эзэмшиж байжээ. Л.Сэргэлэн гомдол гаргаж хууль шүүхийн байгууллагаар гүйж, сонины эрхлэгч До.Чулуунбаатар одоо хоригдож байна.

НЭГИЙГ НЬ ХОРЬЧИХООД НӨГӨӨ ТАЛД АСУУДАЛ ШИЙДНЭ ГЭДЭГ ШУДАРГА ЁС УУ?

Хамгийн хачирхалтай нь До.Чулуунбаатар “Ганц худагт” хоригдож байхад Нийслэлийн өмч хувьчлалын комисс шийдвэр гаргаж, “Улаанбаатар таймс”-ын хувьчлалыг хүчингүй болгосон. Бүх юм ном ёсоороо явж, багийн ахлагч До.Чулуунбаатар нийслэлд төлөх ёстой 370 сая төгрөгийг өгчихсөн байсан гэж байсан. Уг нь өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй л бол хэнийг ч хорих учиргүйсэн.

Тэгэхээр энд “эрүүдэн шүүх” үйл ажиллагааны л нэг хэлбэр ажиглагдаж байна. Хоригдож байгаа До.Чулуунбаатарт мөрдөгчийн тавьж байгаа асуулт ч тулгасан байдлаар мэдүүлэг авахыг оролдсон шинж чанартай байгааг эх сурвалж мэдээлж байгаа. Тухайлбал “дэд сайд А.Гансүхийн цаана ерөнхий сайд Сү.Батболд байгаа нь үнэн үү, Н.Ариунтуяа, Ш.Ундармаа нарын цаана М.Энхболд, Т.Бадамжунай нар байгаа юм уу, Б.Согоосүрэн УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нар болон О.Алтан, Н.Энхбаяр нар хоорондоо ямар холбоотой юм” гэхчилэн асууж байцааж байгаа юм билээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын хүсэлтийн дагуу энэ сарын 24- өөс ирэх сарын 24-ийг хүртэл цагдан хорих хугацааг 30 хоног сунгах шүүхийн захирамжийг Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Сүхбаатар гаргажээ. До.Чулуунбаатарыг эрүүдэн шүүж байгаад өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах гэж байна гэж ойлгохоос өөрөөр үүнийг юу гэж ойлгох вэ? Сонины эрхлэгчийг нь, хувьцаа эзэмшигчдийн нэгийг нь шоронд хорьсон хойгуур менежментийн багийн хүсэл сонирхлыг хүндлэлг үйгээр шийдвэр гаргаад байгаа нь хүн бүхэн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зүйл заалтыг ч зөрчиж байна гээд олон асуудал энд байна.

Зүй нь До.Чулуунбаатар нарыг эрүүдэн шүүж, хорьж цагдан айлган сүрдүүлэх биш Л.Сэргэлэнтэй холбоотой маргааны хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал дүгнэсний дараа шаардлагатай гэж үзвэл иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой баймаар сан. Гэвч энгийн томоотой нэгнийг хэлмэгд үүлэн, айлган сүрдүүлж, эрүүдэн шүүх, хийгээгүй хэрэг тохож ял хүлээлгэх хуучин тогтолцооны үлдэгдэл арилаагүй л байна.

Ц.Мөнх

Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих