Дэлүүгээ 80 саяар авхуулчихлаа гэж үү?

Ганц хүүгээ аюулт өвчинд алдахгүйн тулд багагүй мөнгө зарсан ч одоо хэр нъ хүүгийнх нь амь нас дээсэн дөрөөн дээр байгаа залуугийн ээж Ё.Эрдэнэсүхтэй ярилцлаа.

-Та эхлээд болсон явдлын талаар ярьж өгөөч?
-Хүүгээ бөөр солиулах хүнд өвчинд шаналж байгаад туйлын харамсаж байна. Аль болох хурдан бөөрийг нь солиулах хэрэгтэй гэсэн тул газар дээрх ганц хүүгээ аваад Солонгос улсыг зорьсон. Эгчийнхээ хүүхдийг донороор авч явсан. Тэнд очоод гурван сар гаруй эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал улам хүндэрчихээд Монголдоо ирсэн дээ.

-Юу гэсэн үг билээ. Уг нь бөөр солиулах эмчилгээнд явсан биз дээ?
-Тиймээ. Солонгосын Анам эмнэлэг рүү Монголоос Ганбат гэдэг залуугаар зуучлуулж явсан юм. Тэр эмнэлгийн Пак гэж эмчтэй хоёр ч удаа уулзаад шинжилгээг нь үзүүлсэн. Донор маань II бүлгийн цустай хүүхэд байсан. Харин манай хүү I бүлгийн цустай. Гэвч Пак эмч: “Цусны бүлэг асуудалгүй ээ. Болно. Тэр донороо аваад очоорой ” гэсэн. Харин очсон хойноо биеийн ерөнхий эсэргүүцэл нь өндөр, тэрийг нь бууруулах гэж бас цусны бүлэг тохируулах гэж эмчилгээ удаан хийсэн боловч дээрдсэнгүй, эцэст нь мөнгө ч үгүй болж нутагтаа
буцаж ирлээ.

-Мөнгө гэснээс та нийтдээ Солонгос явахад хэр их мөнгө зарцуулсан бэ?
-Пак эмч эхэндээ бөөр шилжүүлэх мэс заслын үнэ 35 сая вон хангалттай гэсэн. Явахаар бичиг баримтаа бүрдүүлж, мөнгөө цуглуулж эхлэх үед 40 сая вон болгосон. Сүүлдээ яг явах нь тодорхой-болсон үед 45 сая воноор энэ хагалгааг хийнэ гэсэн. Харин монгол талын зуучлагч менежер хүүд маань ” Хүний газар юмыг яаж мэдэх вэ. Мөнгө илүүдэхгүй. 50 саяыг авч яваарай” гэсэн байна билээ. Ирэх очихын зардал, хоёр донор авч очсон зардал, хагалгааны өртөг, эмчилгээний зардал гэх мэт нийтдээ монгол мөнгөөр 80 сая төгрөгөө дуусгаад ирлээ. Гол нь хүү маань эдгээд ирсэн бол би бүхнийг 0-ээс эхлэн баяр хөөртэй амьдрахад бэлэн байна.

-Энэ их мөнгийг зараад яагаад хүүгийн бие сайжирсангүй вэ? Хагалгаа хийгдээгүй шалтгаан юу вэ?
-Цусны бүлэг тохируулах эмчилгээ хийж байна гэж их мөнгө зарсан. Одоо үүнийг хийхээр болно. Дархлаа буурна. Тэгээд хагалгаанд орно гэсээр таван ч удаа төлөвлөсөн. Дэлүүний хагалгаа 12 сая 400 мянган төгрөг боллуу даа. Шинжилгээний зардал 10 гаруй сая вон болсон. Энэ мэт өдөр хоног өнгөрсөөр хүүгийн маань дэлүүг авах хагалгаа хийсэн. Миний хүү дэлүүгээ авхуулахдаа “Би энд эрхтэн нөхен хийлгэх гэж ирсэн болохоос ямар нэг зүгээр ажиллаж байгаа эрүүл эрхтэнээ авхуулах гэж ирээгүй гэж ихэд дургүйцсэн. Гэвч Пак эмч дэлүүг нь авчихвал дархлаа буурна гэж хэлсэн юм. Үндсэндээ бидний мөнгө дуусах хүртэл боломжтой юм ярьж байгаад яг мөнгө дуусаад ирэхээр бөөрний донор чинь өөр хүн байхгүй бол болохгүй нь гэсэн.

-Болно гээд авч явсан донор нь болоогүй, дахиж өөр донор хэрэгтэй гэсэн юм уу?
-Ер нь бол тийм. Монголоос дахиж III бүлгийн цустай донор очсон. Харин тэр залуугийи шинжилгээний хариу таараагүй болохоор бөөрний донор байх боломжгүй байсан. Гэвч бүх юм өнгөрсөн хойно Пак эмч тэгвэл II бүлгийн цустай донороо дахиад дуудчих гээд байсан. Хамгийн гол нь эхнээсээ л Монголоос явахаас өмнө I бүлгийн цустай хүнд II бүлгийн цустай хүний бөөр таарахгүй л байсан юм шиг байгаа юм. Жишээ нь, тэнд биднийг очихоос өмнө бөер шилжүүлэн суулгах хагалгаанд орсон Чинзориг гэж залуу байсан. Бас л биеийн байдал нь сайнгүй байсан. Анзаараад байхад цусны бүлэг тохируулна гэж байдаггүй юм байна гэж ойлгосон. Тэгээд сүүлдээ би Пак эмчид хэлсэн.” Би өрх толгойлсон эмэгтэй, төрийн ажил хийдэг байсан. Ахан дүүс найз нөхдийн тусламж дэмжлэгээр ирсэн. Хүү дөнгөж сургууль төгссөн ажилгүй байсан. Гэр орон, машин унаа гээд бүх юмаа зараад ирсэн. Дахиад бид нар донор авах боломжгүй. Хүний нутагт бид одоо яах вэ” гэсэн. Би ч гэсэн тэнд шинжилгээ өгсөн. Донор байх боломжгүй гэсэн хариу гарсан. Тэгээд сүүлдээ тэндээ апратанд орох ч мөнгөгүй болсон. Хүүхдийн бие дэлүү авснаас хойш их муудсан. Нүүр нь битүү хаван болж эхэлсэн. Одоо Монгол руугаа буцъя. Мөнгөгүй боллоо. Та таарна тохирно болно гэж өөр бүлгийн цустай донор авчирсан. Бид харанхуй ирээгүй. Өөрт чинь үзүүлж шинжилгээ өгч байж ирсэн шүү дээ. Танд гомдолтой байна гэдгээ Пак эмчид хэлсэн.

-Тэгээд юу гэж байх юм?
-Пак эмч яахаараа гомддог юм гэсэн. Тэгэхэд нь би яахаараа танд баярлах ёстой юм. Хүүхдийн бие сайжраагүй улам муудсан гэсэн чинь “За ярилцъя. Дахиад өөр донор хайж олох гээд яах вэ. Нөгөө II бүлгийн цустай донороо буцаагаад дуудчих” гэсэн. Би бас л та ямар тоглоомтой юм ярьдаг юм бэ. Нэгэнтта болохгүй гээд буцаагаа биз дээ. Тэгээд ч одро тэр хүн чинь ажилтай ирж чадахгүй гэсэн. Тэгээд бид Монголд ирсэн дээ.

-Монголд ирээд Пак эмчтэй холбогдсон уу. Тэр эмчтэй гэрээ хийж яваагүй юу. Пак эмч одоо хаана байгаа вэ?
-Одоо Монголд ирсэн байгаа. Өөрөө биднийг ганц удаа ч асууж сураагүй. Харин бид нэг удаа уулзаад цусны бүлэг таарна гэж авч явсан таараагүй. Цусны бүлэг тааруулах эмчилгээний зардлыг ядаж буцааж өгөөч гэсэн. Харин солонгос эмч “Тэр мөнгийг юунд яриад байгаа юм бэ. Одоо тэр мөнгийг март. Тэгж байгаад тусална” гэсэн. Харин яг юунд, яаж, хэзээ туслахыг нь мэдэхгүй байна. Болохгүйг нь мэдсээр байхад мөнгө дуусахаас  өмнө хэлж болох байсан. Тэгээгүй.

-Хүүгийн тань бие одоо ямар байна. Ят одоо Пак эмч юу хүлээж байгаа юм. Таны донороо олохыг тань хүлээж байгаа юу?
-Хүү одоо I эмнэлэгт аппратанд орж байгаа. Долоо хоногг гурван удаа орохгүй бол дутуу шүүгээд байгаа. Миний зүгээс бол хүүд таарах I бүлгийн цустай донор хайж байгаа. Дахиад Пак эмчтэй уулзана даа. Тэгээд юу болох нь вэ. Донорын асуудал үнэхээр хүнд байна. Солонгос явах үед донор болъё гэсэн хоёр хүн байсан. Тэр хоёр хүнээ л авч явсан. Айлын ганц хүү болохоор ах эгч байхгүй… Ганц хүүгээ алдалгүй, яаж гартаа авч үлдэх вэ гэдэг ганц бодол л толгойд эргэлдэж байна. Хүүгээ л амьд сэрүүн авч үлдэх цорын ганц хүсэл байна. Аа тийм. Эгч нь бас танайхаар дамжуулаад хүү бид хоёрт чин сэтгэлээсээ тусласан Өндөрулаан сумын захиргаа, халамжийн хэлтсийн хамт олон, ахан дүүс, найз нөхөд, хүний нутагт байхад тусалж байсан монголынхоо залууст үиэхээр их баярласан шүү гэж хэлье. Мөн яг над шиг зовж яваа монголчууддаа хандаж хэлэхэд Солонгос руу эмчилгээнд явахдаа гэрээ хийгээрэй. Эрсдэлээ сайн тооцож яваарай. Өртөг өндөр шүү. Донорын цусны бүлэг өөр байвал таардаггүй юм шиг байна шүү гэж хэлмээр байна.

Алтансүх хүү рүү утсаар тодруулахад: ” Эгч ээ газар дээрх ганц ээжийнхээ байдгийг үрээд ч эмчилгээ үр дүнд хүрээгүйд, алдсан мөнгөндөө тэгтлээ их харамсахгүй байна аа. Харин энэ эмнэлэг хичнээн монгол ээжийн аргыг барж, хичнээн над шиг залуус яаж хохирч байгаа бол гэхээс харамсмаар байна” гэж хариуллаа.

Хүний ганц хүү… Цэл залуугаараа үхэлд хүргэх өвчнөөр шаналж, хөөрхөн хүү эхнэр, гараас нь хөтөлж өссөн газар дээрх ганц ээжийгээ орхиж явах гээд байдаг. 80 шахам сая төгрөг зарсан ч дэлүүгээ авхуулсан төдийгөөр л эмчилгээ мухардсан. ” Яаж хүүгээ авч үлдэх вэ” гэхээс өөр уур хилэн үзэн ядалт өөртөө тээгээгүй уужуу сэтгэлт хөдөөгийн монгол эхийн өмнөөс энэ хэргииг зүгээр орхимгүй санагдана…

Ч.Өлзийням

/Зууны мэдээ/

 


URL:

Сэтгэгдэл бичих