Өргөсөн хүү /Сайхан шүлэг/
Аль дивангарын үед биш
Арван хэдхэн жилийн өмнө гэнэ
Арын сайхан хангайд айл саахалт амьдардаг
Ах дүү хоёр байжээ
Ах нь амьдрал зохиогоод олон жил болсон ч өөрийн гэсэн үр хүүхэдгүй
Дүү нь туурга тусгаарлаад тэрсхэн дөрвөн хүүхэдтэй юм санж…
Ах бэргэж бэргэж дүүгийнхээ
Алаг сайхан үрийг хадаг барин гуйжээ…
Элэг нэгтэй дүү нь авааль эхнэртэйгээ зөвлөж
Энэлж шаналсан ахдаа нугун үрээ өргөжээ
Долоон настай хүү дүү нараа орхих болов
Аав ээж нь учирлаж, ах нь битүүхэн уйлж…
Шинэ гэртээ очив… ширдгэндээ шээж зүүдлэв…
Саахалтын зай сарнаас ч хол санагдах
Сайхан үг зэмлэлээс ч хатуу буух
Сэрүүхэн зургаан сар сэтгэл сэмрээж өнгөрлөө
Урин цаг наашилж, усны цөн түрэхэд
Улигт муу өвчин өргөсөн эхийг нь авав
Хатуу ширүүн хорвоо хүйтэн харцаар хялайж
Хөөрхий муу эр өргөсөн хүүтэйгээ үлдэв
Төрсөн гэр… тэлсэн эцэг…
Өөрийн хүмүүс.., өнчин гэр…
Нэгэн хэвийн чимээгүй өнгөрөх халуун өдрүүд
Намар болж, сургуулиа хүлээсэн борхон жаалууд
Үг ч унахгүй уйд автсан хэсэг хүмүүс
Үнэндээ нэгнээсээ үг хүлээсэн битүү хүлээлт…
Ингэж байсаар унаа тэрэг хөдлөх дөхөв
Аймгийн төв уруу ахаа орхиод нүүх болов
Битүүхэндээ үг хүлээж хэсэг суув
Байдлыг эвдэж өргөсөн эцэг ингэж хэлэв:
- Маргаашнаас аав нь хадланд гарлаа,
Миний хүү аав ээжтэйгээ аймаг яв даа…
Төрсөн эцгийн магнай тэнийж хүүгээ харав
Төрүүлсэн эх нь мэгшин байгаад амьсгаа түгжив
Хүү харин хээнэг ч үгүй шагайгаа хурааж
- Сургууль дөхөхөөр хоёулаа хамт аймаг орноо…
Хэд хоног хүү нь танд бараа болноо…
Би усанд явлаа, ааваа …
Хиртэй канистраа бариад хүү гарч одов
Хэлэх үгээ ололгүй агаар залгиж хоцров…
/Хайрын төсөл/
URL: