Д.Чулуунбат: ”Үнэнийг хэлэхэд амьд буцахсан л гэж боддог юм билээ”
Бид энэ удаад туйл судлаач Д.Чулуунбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Дэлхий их насжиж байна. Бараг сөнөх дөхсөн ч их ярих болжээ. Та судлаач хүний хувьд ямар дүгнэлт өгөх вэ?
-Бидний амьдарч байгаа ертөнц бол нарны аймгийн гараг. Энэ бол сая живаа жилийн түүхтэй. Манай гов хүртэл далай тэнгис байсан гэж ярьдаг. Миний хувьд үүнийг үнэн гэнэ. Тэр бүү хэл говиос далайн хясаа хүр олдоо биз дээ. Мөн үлэг гүрвэлийн яс гээд олдож байна. Энэ нь эрт үед далай байгаад бидний үед ийм болж иржээ. Дэлхий насжиж байгаа гэдгийг дэлхийн цаг агаарын дулааралтай холбож ойлгохоос өөр аргагүй. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн манайд бус дэлхий нийтэд явагдаж байна. Хойд мөсөн далайн мөс хайлаад эхэлсэн. Өмнөд туйлд ч мөс ч хайлах янз ажиглагдаж байна.
-Тэр их мөсөн уулууд хайлах нь мэдээж аюултай. Чухам ямар аюул нүүрлэж болох вэ?
-Мөсөн уулууд хайлахаар далайн усны төвшин ихсэнэ. Далайн усны төвшин ихсэхэд далайн эргийн орнууд усанд автана гэсэн үг. Тийм хандлага ч далайн эргийн орнуудад ажиглагдаж байна. Манайд ч энэ дулаарал илэрхий ажиглагдах болсон. Өмнөх жилүүдийн дундажаас 1.7 градусаар нэмэгдсэн байгаа нь хэдийгээр бага сонсогдож байгаа боловч, энэ бол аюултай тоо. Дэлхийн дулаарал нь шууд хүний өөрийн буруутай үйл ажиллагаатай ч холбоотой.
-Дэлхий нийтийн дулаарал чухам юунаас үүдээд байна?
-Бидний өдөр тутам хэрэглэж байгаа нүүрс хүчлийн хий, нефтнээс гарч байгаа хий агаарт нэгэн хүлэмжийг бий болгодог. Тэгэхээр манай агаар мандалд хүлэмжийн хий үүсч байгаа юм. Энэ хүлэмжиндээ багтаад гадагшаа гарахгүй байгаа явдал бол дэлхийн дулаарлыг бий болгож байгаа хэрэг. Бид цэцгийн хүлэмж бариад цэцэг тарьдаг шүү дээ. Яг л тийм зүйл үүсчээ гэж ойлгож болно.
-Үүнээс гарах арга юу байна?
-Үүнээс гарах арга бий. Тиймээс л бид нефть үйпдвэрлэлийг зогсоох тухай ярьж байгаа юм. Хэрэв нефть үйпдвэрлэлээ зогсоовол энэ байдлаас гарах арга бий.
-Хойд мөсөн далай хайлахад далайн эрэгт байгаа япон бол мэдээжийн хэрэг усанд автаж таарна, харин манайд яаж нөлөөлөх вэ?
-Тэнд хүн амьдрах аргагүй болно. Ер нь далайн эргийн орнуудад хүн амьдрах аргагүй болно. Манай улсын хувьд бол гайгүй, далайн төвшнөөс өндөрт байна. Япон болон далайн эргийн орнууд өндөр уулархаг газар бараадахаас өөр арга байхгүй. Дэлхийн шинжээчдийн үзэж байгаагаар бол сүүлийн 50 жилд илэрхий мэдэгдэнэ гэж үзэж байгаа. Гэхдээ бүрэн хайлна гэж хэлээгүй. Үүнийг НҮБ болон дэлхийн томоохон цаг уурын байгууллагууд ихээхэн анхаарч авч байгаа. Тэдний анхааралд орчихсон, мөсөн далай хайлж байна гэдэг бол хүйтэн ч аюултай. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй том аюул,
-Ингэхэд та өмнөд туйлд очсон монгол судлаач. Энэ талаар хууч дэлгэвэл сонин доо?
-Би өмнөд мөсөн туйлд 1982-1984 онд яваад ирсэн. Өмнөд туйл бол эх газар, манай дэлхийн зургаа дахь тив юм. Бид бол таван тив гэж ярьдаг шүү дээ. Өмнөд туйл бол Монгол нутгаас 10 дахин том нутаг дэвсгэртэй битүү мөсөөр хучигдсан газар бий, мөснийх нь зузаан 3000 метр. Тэнд 4000 метрын өндөртэй уулсын орой л цухуйж харагдана. Өөр бараан зүйл харагдахгүй.
-Тийм газарт хүн амьдрах ямар ч боломжгүй биз дээ?
-Байшин барилга бариад амьдрах ямар ч арга байхгүй. Би тэнд төрсөн хүн гэж лав дуулаагүй. Ялангуяа гүн рүүгээ орох юм бол бүр ч хэцүү, нэг жил хагас болж байж ирнэ. Байнгын салхитай, дөрвөн сар харанхуйд байж байгаад ирнэ.
-Таныг тэнд байхад хэдэн градусын хүйтэнтэй байв?
-Намайг тэнд байхад дэлхийн хамгийн их хүйтрэл болж, 89.3 градуст хүрч байлаа. Энэ бол дэлхийн рекорд хүйтрэлт. Маш их салхитай.
-Тийм байдалд байхад юу бодогдох юм?
-Үнэнийг хэлэхэд амьд буцахсан л гэж боддог юм билээ. Тэнд тусгай хувцас өмснө. Савхин хувцас их сайн салхи нэвтрэхгүй. Манай тэмээний ноосон хувцас ч сайн шүү.
-Чөтгөр тогтох аргагүй хүйтэнд ан амьтан байх уу?
-Гүн рүүгээ бол юу байх вэ. Далайн эрэг хэсгээр оцон шувуу, далайн хав л байна. Хаа нэг шувууд ирнэ. Өвөл бол нүүгээд явчихна. Тэд хооллоход их хэцүү. Олон километр газар туулж байж сая нэг далайд гарсан мөсний ангалаар загас барьж идээд явна. Ингээд нэг явахаараа сар орчим ирдэггүй юм билээ. Намайг явж байх үед харилцаа холбоо ч одоогийнх шиг байсангүй. Тийм л үед мэнд яваад ирсэн дээ.
-Ертөнцийн хүйтэн хязгаарт яаж хүрэх вэ?
-Дөрвөн сэнстэй тусгай нисдэг тэргээр бүтэн 30 цаг нисч очиж байгаа юм. Хойд өргөргийн 60 градусаас өмнөд өргөргийн 60 градуст явж очиж байна гэсэн үг. Буцахдаа усан онгоцоор 45 хоног явж ирсэн. Тэндээс өнөөх тусгай дулаан хувцастайгаа гараад дундад өргөрөг рүү орж очиход хувцасаа тайлаад эхэлнэ. Тэгээд эквотарын субтроликийн бүсэд орж ирзхэд бүр богино өмд дан цамцтай болж байгаа юм. Тэндээсээ хэд хоног яваад ахиад л хувцасаа өмсөөд эхэлнэ
-Ингэхэд ертөнцийн хязгаар мөсөн тив судлах ажлыг хэзээнээс эхэлсэн бэ?
-Анх 1700-аад оноос эхэлж, судалсан ч тэнд эх газар байна гэж мэдээгүй, олж тогтоогоогүй. Усан онгоц эхэлж бий болсон газрынхан яваад л их мөсөн уул тулахаар л энэ ерөөсөө л их мөс байна гэдгээс өөрийг мздээгүй. Харин 1900 оны эхээр тэнд эх газар байна гэдгийг олж тогтоосон. Анх 1911-1912 онд Английн туйл судлаач Р.Скот гэдэг хүн очсон. Тэгээд Норвегийн судлаач Амонда, Скот хоёр туйлын хоёр эсрэг талаас гараад туйлын орой дээр уулзъя гэж тохирсон байгаа юм. Тэгээд туйлын оройд түрүүлээд Скот очсон юм билээ. Амонда нь яваад очтол Английн төрийн далбаа мандаж, тэр сэтгэлээр их унасан юм билээ. Тэндээс буцахдаа их шуургатай таарч, майхнаасаа ч гарч чадалгүй хөнжилдөө хөлдөж үхсэн. Уг нь зам зуур хэдэн километр яваад л хүнсээ нөөцөлсөн бааз байгуулсан ч гараад явах гэхээр нүдгүй хүйтэн шуурга нүдээд яах ч аргагүй үхэцгээсэн юм. Туйл судлана гэдэг их аюултай. Амь дүйсэн ажил л даа.
-Таныг явж байхад үхэл зовлон таарч байв уу?
-Тааралгүй яах вэ. Ойролцоо байсан дөрөв таван хүн нас барсан. Нэг багт нэг эмч явна. Тэр эмч хамгийн дээд тал нь олгойны л хагалгаа хийх үүрэгтэй. Ер нь элдвийн зүйл бодогдоно доо. Анх явахад амь насаа алдахад ямар ч иймээ тийм ээ байхгүй гээд гарын үсэг зурна шүү дээ.
-Гарын үсэг зурж байхад чухам юу бодогдож байх юм?
-Эхлээд томилолт аваад явж байхад ч сайхан л байсан. Харин яг гарын үсэг зурж байхад юу л болдог бол доо гэж бодогддог юм билээ. Тэгэхэд би Лөнинградад очоод тэндээс явсан. Миний өмнө 1972-1974 онд Ж.Цэрэндэлэг гэдэг хүн яваад ирсэн байдаг юм.
-Хөгшид ярих нь миний багад шардаг байсан нар алга, хүйтэрдэг байсан жавар алга гэх юм. Энэ нь ямар учиртай юм бол?
-Өнөөх л цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Хөгшид бүү хэл миний багад ордог байсан бороо ч алга. Өнөө сайхан шивэрч ордог өгөөжтэй бороо алга болсон. Одоо бороо орвол ширүүн аадар ороод л газартаа шингэлгүй урсч байна. Бид эндээ бүх сумдын цаг агаарын мэдээг нэгтгээд үзэхэд жилд орж байгаа тундасын хэмжээний нийлбэр ойролцоо гараад байдаг. Бүр 20 жилийн өмнөхтэй харьцуулахад ч ийм гарч байгаа юм. Урьд бол бороо сайхан шивэрч ороод газартаа их шим болдог байжээ. Энэ үгүй болсон. Одоо өдөр салхилаад шөнө хүйтрээд байгаа юм. Тэгэхээр яаж ногоо ургах билээ. Хөгшдийн хэлээд байгаа ч оргүй зүйл биш. Бас зун богинохон, өвөл урт болж, зун үзэхээ болилоо гэж байгаа юм. Энэ нь өнөөх л цаг уурын өөрчлөлттэй холбоотой болохоос биш ертөнцийн эргэлт өөрчлөгдөөгүй хэрэг.
-Бид хоёр дээр дулаарлын тухай ярьсан. Одоо хоёулаа цөлжилтийн талаар ярья. Цөлжилтөөс гарах ямар арга байна?
-Манай нийт нутгийн 47 хувь цөлжсөн гэж байна билээ. Энэ бол аюултай. Бид үүнийг арилгах тал дээр ярьж байна. Тэгээд нэг их ногоон хэрэм гэж яриад байгаа юм. Улаанбаатартаа мод тарьж чадахгүй байгаа улс чинь яаж тэр говь цөлд мод тарих билээ. Миний хувийн бодол бол Монголыг дамжин өнгөрч байгаа үүлний усыг энд авч үлдэх хэрэгтэй. Энэ л цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ болох байх. Хүмүүс тэнгэр лүү буудлаа гээд янз янзаар ярьж байдаг. Энэ бол зөвхөн үүл буудаж байгаа хэрэг шүү. Зөв ойлгоорой гэж хэлмээр байна.
URL: