Өсвөр насны хүүхдийн хүмүүжилд нэн чухал найман зарчим
Өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил тааруухан байгаа бол зэмлэх биш харин учир шалтгаанд нь зөв дүгнэлт хийж, залруулах нь чухал юм.
1. Хүүхдийн өссөн орчин, гэр бүл түүний хүн болох эх суурийг тавьдаг. Иймд нийгмийг бүхэлд нь хамруулж, буруутгаж болохгүй.
2. Гэр бүлийн гишүүдийн зохион байгуулалт, харилцан уялдаа, эв нэгдэл нь хүүхдийн зөв төлөвшилд нэн чухал үүрэгтэй.
3. Хүүхэд багаасаа л хүрээлэн буй томчуудаас үлгэр жишээ аван өсдөг. Өөрөөр хэлбэл хажуудах хүнээсээ хамаарна гэсэн үг. Хэрэв эцэг эх нь байнга л хэн нэгнийг буруутгаж, шүүмжилж байдаг бол хүүхэд ч мөн бурууг бусдаас хайдаг, эмх цэгцгүй, хариуцлагагүй нэгэн болох нь тодорхой.
4. Хүүхдийг хүмүүжүүлэхэд нэгэн хэв загвар байх ёсгүй. Хүүхэд бүр өөрийн онцлогтой байдаг тул, үүнийг харгалзах нь зүйтэй.
5. Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд бага, ач холбогдолгүй зүйл гэж байдаггүй. “За тэр ч яахав, хүүхэд юм чинь” гэж тоомжиргүй хандсаар байгаад эцэст нь “дийлдэшгүй” хүнтэй болчихсон байдаг шүү дээ.
6. Хүүхэд аливааг хүлээн авах чадвар маш өндөр байдаг. Томчуудын зүгээс гарах эерэг сайн, сөрөг мууг ч тусгахдаа амархан байдгийг санууштай. Тэдний дэргэд хэрэлдэж маргахдаа ч үгээ бодож хэлж, болгоомжтой хандахыг зөвлөе.
7. Хүүхдийг ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлэх нь хамгийн сайн эм болдог. Гэхдээ тэвчишгүй хөдөлмөр, бие организмд нь ахадсан хөдөлмөр мэдээж байж болохгүй. Хүүхэд багаасаа өөрт тохирсон ажил хийж хөдөлмөрийн дадал зуршил олж байвал мөнгөний үнэ цэнийг мэдэхээс эхлээд зөв төлөвшилтэй болж өсөхөд нь маш чухал нөлөө үзүүлдэг.
8. Хүүхдийн нэгэнт бий болсон буруу дадал зуршлыг засч залруулах, ер нь дахин хүмүүжүүлэх хавьгүй хүндрэлтэй. Хүүхдийг дахин хүмүүжүүлэхэд маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр хэрэгтэйгээс гадна хүүхдийн сэтгэлзүйг нэн сайн мэдэх шаардлагатай болдог. Иймд хүүхдийг бүр нялх байхад нь хүмүүжил, төлөвшилтийн зөв эх суурийг тавихаас халширч залхуурахгүй байхыг эцэг эхчүүдэд захих нь зүй.
URL: